Боловсролын зээлийн сангаас зээл авч гадаадад сурсан суралцагчдын эргэн төлөлтийг хийж чадвал, санд 370 тэрбум төгрөг төвлөрөхөөр байгаа талаар жилийн өмнө БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа мэдээлж байв. Боловсролын зээлийн сан яагаад зээлчдэгчдээсээ эргэн төлөлтөө авч чадахгүй байгаа, ямар “но” энэ санд үүсээд буй талаар бид өмнө нь цувралаар мэдээ сурвалжилга бэлтгэн үзэгч танд хүргэж байсан юм. Ингэхдээ ТЕГ-ын дарга асан, АТГ-ын дэд дарга асан Б.Хурцын охины зээлийн эргэн төлөлтийн асуудлыг нэхэн сурвалжилсан. Асуудалтай холбогдуулан эргэн төлөлтийн түвшин ямар байгаа талаар болон Б.Хурцын охин зээлээ төлсөн эсэх асуудлын тухай БЗС-гийн албаны даргын түр орлон гүйцэтгэгч Б.Амарсанаагаас тодруулж, ярилцлаа.
-БЗС-гийн төлөгдөөгүй өрийн асуудал яригдаад жил тойрлоо. Тухайн үед асуудлын талаар хэвлэлд ам нээсэн О.Сийлэгмаа гэх эмэгтэй 370 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байгаа талаар мэдээлсэн. Энэ тоо юу болсон бэ? Эргэн төлөлтийн талаар мэдээлээч?
-Шүгэл үлээсэн тэрхүү процесс маш эерэг үр дүн гаргасан. Ямар нэг асуудалтай газар нууц их бий. Асуудал нийтэд ил тод болсноор, зээлийн эргэн төлөлт бусад онуудтай харьцуулахад маш өндөр гарсан байна. БЗС бол банк биш. Бидний зорилго бол зээлийн эргэн төлөлтийн хойноос хөөцөлдөж, хүүлэх ч биш. Гол зорилго бол бид мэдлэг чадвартай хүний нөөц бэлтгэх явдал. Гэвч эргэн төлөлтийг анхаарахгүй орхино гэсэн үг биш. Учир нь төлөлтөө эргээд хийснээр дараагийн хүүхдүүдэд боломж нээгдэх юм. Хүмүүс зөвхөн гадаад зээлийг л сонирхоод байна. Гэтэл 17 хөтөлбөр хэрэгжээд явж байна. Маш олон хүүхэд БЗС-гийн өгөөжийг хүртэж, дотооддоо ч суралцсаар явж байна.
Зөвхөн гадаад зээлийн эргэн төлөлт 2023 онд 4.2 тэрбум төгрөг байна. Энэ нь өмнө жилүүдийн эргэн төлөлтөөс хэд дахин өндөр үзүүлэлт. 20,30 мянган долларын өрөө нэг өдөр ирээд л өгчих бололцоо иргэдэд бий билүү. Үүнийг бодож үзэх хэрэгтэй. Бага багаар төлөөд, тасралтгүй үргэлжилдэг үйл явц шүү дээ. Гадаад зээлийн санхүүжилтийг доллараар нь өгдөг. Үүнээс ханшийн зөрүү гарч, би 100 сая төгрөгийн зээлтэй байхад 200 сая төгрөг төлөх болчихлоо гэх мэтээр гомдол гаргаж ирж байгаа хүмүүс байна. Үүнийг бас ойлгох хэрэгтэй.
-АТГ-аас хэчнээн хүний мэдээллийг авч, шалгаж байгаа юм бол оо? Танд мэдээлэл бий юу?
АТГ, ЭЦА-нд гадаад зээлтэй бүх хүний мэдээлэл байгаа. Зээл тэтгэлэг авсан иргэдийг нэг бүрчлэн судалж буй учраас хугацаа маш их шаардагдана.
-Бид АТГ-ын дэд дарга асан Б.Хурцын охин зээлээ төлөхгүй байгаа асуудлаар мэдээ сурвалжилгууд цувралаар бэлдэж байсан юм. Асуудал хөдөгдөөд жил тойрох гэж байна. Зээлээ төлөө юу?
-Би олон жил багш хийсэн хүн. Энд ирээд дөрвөн сар болж байна. гомдол төрөөд байгаа юм л даа. Хэний хүүхэд байх нь ямар хамаа байна вэ. Яах вэ. Хурц гэдэг хүний нэрийг хэлнэ л биз. Хүүхдийн нэрийг дуудах муухай. Өмөөрөөд байгаа зүйл ч биш. Бид хүүхдүүдрүүгээ чиглэсэн үйл ажиллагаа хийж байна. Энэ асуудлаас болоод зээлийн сан тэр чигтээ болохгүй байгууллага мэт ойлголт нийгэмд түгчихсэн. Нөгөө талаас зээлээр сурч байгаа хүүхдүүд үүнийгээ нуух, эсвэл гадуурхагдах эрсдэл дагаж байгаа. Бүрэн төлөвшөөгүй насны хүүхдүүдийг ийм байдалд хүргэж болохгүй.
-Зээлээ төлсөн болов уу?
-Зээлээ төлөөгүй байгаа юм байна. Албан бус мэдээллээр шүүхдэлцэж байгаа гэх сураг байна. гэхдээ бид хяналтын байгууллага биш болохоор сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан эргэн төлөлтөө хийгээгүй байна. Яагаад гэдгийг нь тогтоох газар нь шалгах байх.
-Таны хувьд энэ албан тушаалд томилогдоод удаагүй юм байна. Цаашид хэрхэн ажиллана гэж боддог вэ?
Намайг анх ажилд ороход зээлийн сан бөөн хэрүүлийн л газар байсан. Халшрах үе гарсан ч, хүүхдүүдийнхээ асуудлыг шийдье л гэх зорилго тавьсан. Одоо илүү сайжруулах тал дээр дүрэм журам, үйл ажиллагаа, тогтолцоогоо өөрчлөхийг зорьж ажиллаж байна. Сонгон шалгаруулалтаа ч эрт зарласан. Аппликейшн ашиглаж, бүх асуудлыг автоматжуулан ажиллахыг хичээж байна.
-Бүтцийн хувьд хэр өөрчлөлт гарсан бэ?
-32 хүн дээрээ нэлээн олон сэлгэлт хийсэн. Таван хэлтэс одоогоор үйл ажиллагаагаа явуулж байгаа. яваандаа бүрэн цахимжуулахыг л хичээж байна. хүн хүчээ нэмэгдүүлэх ч шаардлага байна. Нэг сая 50 мянган төгрөгийн цалинтай байсан хүмүүс. Өглөө бүр хэрүүлтэй, стресстэй ажилладаг. Анх энэ албанд ажиллахдаа ажилтнуудаа надтай ажиллаад үзээч ээ гээд санал тавьж байсан юм. Асуудлууд бага багаар сайжирч байна. Цалингаа ч нэмсэн. Суурь өөрчлөлтүүдээ сайн хийсэн гэж бодож байна.