Нийтийн тээврийн чиглэл шинэчлэлтэй холбоотой асуудлаар болсон хэвлэлийн хурлаар Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг дараах тайлбарыг өглөө.
П.Сайнзориг: "Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдаж байна. Хувийн аж ахуйн нэгжүүдэд нийтийн тээврийн татаасыг машин цагаар тооцож олгодог болсноос хойш маршрутын давхцал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, зам дээр автобус нь гараад зогсож л байвал хүн тээвэрлэж байгаа эсэхээс үл хамааран татаас авч байгаа тул нийтийн тээврийн хүртээмжийг маршрут төлөвлөлт талаасаа анхаарахаа больсон байгаа юм. Энэ буруу зохицуулалтыг өөрчилж, маршрут төлөвлөлтийг зөв хийхээр зорьсон. Төвийн магистрал замуудаар зургаан гол чиглэлийн төлөвлөлийг хийсэн бөгөөд бусад чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд уг зургаан чиглэлтэй огтлолцож, богино эргэлтээр дамжин суух нөхцөлийг бүрдүүлсэн. Дамжин суух бололцоог бүрдүүлэх үүднээс Сүхбаатарын талбайн урд автобусны буудал нээсэн. Улаанбаатар хотын замын нөхцөл байдлыг харахад автобус эргэх уулзвар бараг байхгүй. Хуучны автобусны зогсоол, депо, цахилгаан троллейбус явж байсан шугамуудыг хувьчлах нэрээр хувийн байгууллагуудад алдчихсан байна. Тиймээс автобус эргэх бололцоотой цэгүүдийг төлөвлөж, буцаж эргэх буюу богинын холбоосоор холбож, зорчилтыг удаахгүй буюу дараагийн цэг рүү хурдан хүрэх боломжийг бүрдүүлж байгаа. Бид замын нөхцөл байдалдаа тулгуурлаж төлөвлөлт хийхээс өөр аргагүй. Шинэчилсэн маршрутын мэдээллийг сарын өмнөөс олон нийтэд мэдээлж эхэлсэн. Гэвч мэдээллийн хүртээмж муу байснаас үүдэн өнөөдрийн нөхцөл байдал бий боллоо. Мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй өдөр болон баяр ёслолын бэлтгэл ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэн үед шинэ маршрут хэрэгжиж эхэлсэн нь ч нөлөөлж байгаа. Тиймээс ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно" гэлээ.