Бид АНУ-ын Pratt Munson их сургуульд аниматор чиглэлээр суралцаж буй Б.Пэрэнлэйдоржтой ярилцлаа. Тэрээр ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд удаагүй, дөнгөж энэ чиглэлээр суралцаж эхэлж байгаа ч Монголын "Pigland" гэх анимейшн бүтээх томоохон төсөлд арын дэвсгэрийн зураачаар ажиллаад амжсан билээ. Түүний сонгосон мэргэжил нь Монголд хэдий түгээмэл биш, найдвартай орлогын эх үүсвэр болж чадахгүй ч өөрийн сонирхлоор сурах нь амжилт гаргахын хамгийн том түлхүүр юм байна гэдгийг ойлгосноо ярьсан юм.
Анимейшн хийе, энэ чиглэлээр суралцъя гэж хэзээнээс шийдсэн бэ?
Би багаасаа л аав ээжийнхээ хэлснээр математик, физиктээ шамдаж, инженер, эсвэл компьютерын талын хүн болно гэж боддог байсан. Харин есдүгээр ангид Корона вирус гарч хөл хорио тогтоосон үеэс гэртээ байж юмсыг тунгаах завтай болсноор өөрийнхөө сонирхлыг дагах нь хамгийн зөв юм байна гэх шийдвэрт хүрсэн. Тиймээс чөлөөт цагаа зураг зурах, англи хэлээ сайжруулахад зарцуулсан. Бүрэн дунд боловсролоо дүүргээд одоо байгаа сургуульдаа хүсэлт явуулж тэнцээд одоо сурч байна.
Pigland анимейшнийг бүтээхэд гар бие оролцож, том үүргийг гүйцэтгэсэн байна. Энэ тухайгаа яриач?
Би арын дэвсгэрийн зураачаар ажилласан. Дүрүүдээс бусдыг нь зурсан гэсэн үг. Надад энэ төсөлд өөрийн хувь нэмрээ оруулах ийм том боломж олдсонд маш их баярлаж байгаа. Багаараа хийж буй төсөл учраас хүн бүр өөр өөрийн хариуцсан ажилтай. Жүжгийн зохиол, дүрийн хөгжүүлэлт зэрэгт би хамаагүй. Гэхдээ гарсных нь дараа харахад өөрөөрөө бахархах сэтгэл төрсөн.
Аниматор мэргэжлийн бусад мэргэжлээс ялгаатай тал юу вэ?
Энэ салбар өөрөө их тогтворгүй салбар шиг санагддаг. Хувцас зохион бүтээгч гэх мэт иймэрхүү мэргэжлүүдээр амжилт гаргах нь цэвэр хувь хүний хичээл зүтгэлээс шалтгаалдаг. Хүнээс маш их бүтээлч байдал шаардана. Бас төсөл дээр ажиллаж байгаа үедээ өдөр шөнөгүй ажиллах шаардлагатай байдаг юм билээ. Гэхдээ гол нь хөдөлмөрийн үр шим нь ил тод харагддаг. Арын хаалгагүй, хүн хуурах боломжгүй салбар. Тэр хүний хэр чадвартай, хэр авьяастай нь бүх хүнд илт байдаг.
Цаашид Монгол анимейшн дэлхийд танигдах боломжтой гэж боддог уу?
Холын ирээдүйд боломжтой байх. Ямарваа нэг анимейшн бүтээнэ гэдэг нь багаар хийдэг, маш том төсөл гэсэн үг. Дэлхийд энэ салбар нь маш өндөр хөгжсөн олон орон байна. Жишээ нь Япон гэхэд анимейшнаас олох орлого нь маш өндөр. Тэр зэрэгтээ хөгжих хол байгаа ч боломжтой гэж бодож байна.
Энэ чиглэлээр суралцах сонирхолтой хүүхэд залууст ямар зөвлөгөө өгмөөр байна?
Энэ салбарт ирээдүйн баталгаа гэж байхгүй. Гэхдээ боломж маш их байгаа. Хэрвээ сонирхол нь байгаад, хичээж чадвал амжилтад хүрэх боломж дүүрэн гэж би боддог. Интернэт маш их хөгжсөн энэ үед юуг ч бие даан сурах боломжтой. Үнэхээр энэ чиглэлээр суралцана гэж шийдсэн бол ур чадвараа, хэлтэйгээ хөгжүүлээд өөрийгөө бүрэн дайчлавал бүр цойлж гардаггүй юм гэхэд эцсийн үр дүн өмнөхөөсөө хамаагүй дээр байна. Би яг энэ санааг өөртөө байнга сануулж, нэртэй, амжилттай уран бүтээлч болохын төлөө хичээж байгаа.
Түүний зурсан бүтээлүүдээс хүргэж байна.