Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог ахалж ажиллана.
Тодруулбал, УИХ-ын тогтоолоор баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулах Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх замаар авлига, албан тушаалын гэмт хэргийг бууруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх, нийгмийн бүх түвшинд шударга ёсыг эрхэмлэсэн хандлагыг төлөвшүүлэн “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдсан, 2023-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
Засгийн газраас яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн авлигатай тэмцэх үйл ажиллагааны хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, хяналт тавих чиг үүргийг тус Үндэсний хороо хэрэгжүүлж ажиллана.