Иргэдийн амжиргааны түвшин улам бүр дордсоор байна. Нэг бөөрөнхий байцааг хуваагаад талыг нь зараач ээ гэж гуйх хүмүүс олширсныг дэлгүүрийн худалдагчид хэлж буй юм. Жил бүрийн аль ч цаг үед, захын дүүргүүдийн дэлгүүр дээр очиход овоорсон зузаан өрийн дэвтэрнүүд зурайж, иргэдийн амжиргаа дордсоор байна гэж халаглах худалдагчдын яриа бидний нэгэнт таньдаг дүр зураг болоод удлаа. Уг нь Сангийн сайд Б.Жавхлангуайн мэдээлснээр, эдийн засаг сайжирч, үнийн өсөлт буурч, бид түүхэндээ байгаагүй их хэмжээний нүүрсийг борлуулан, “баяжиж” байгаа сурагтай. Гэтэл энэ нь Долоон буудлын Долгор эмгэнд падгүй. Иргэд нүүрсээ, модоо, талхаа зээлж амь зуусаар л… Үүнийг сэтгүүлчид сурвалжилсаар, ярьсаар л… Үнэндээ “тулга тойрсон” энэ мэт асуудлыг жил бүр, цаг тутам сурвалжилах нь залхмаар зүйл мөн. Гэвч булталзаад буй асуудлыг харсаар байж, залхлаа гээд дуугүй суултай нь биш…
Энэ асуудлын талаар дэлгүүрийн худалдагчид дараах зүйлийг хэллээ.
ХУДАЛДАГЧИД:
- Иргэдийн амжиргааны түвшин өдөр ирэх тусам л муудаж байгаа. Үнийн хөөрөгдөлт үнэхээр их байна. Үүнийг шийддэг, тулж ажилладаг газар байвал, ажилламаар байна. Он гарснаас хойш Хаан хүнс л гэхэд кг тутамдаа 500 төгрөг нэмж байгаа юм. MCS-ийн ундаа 300-600 төгрөгөөр нэмэгдээд л. Энэ нь хүмүүст маш их нөлөөлж байна. Зарим хүмүүс, “Эгч ээ та байцаагаа хуваачхаач” гэнэ. Заримдаа үнэхээр хувааж өгнө. Хоёр гурван ширхэг төмс, нэг ширхэг сонгино, лууван, манжин, нэг бөөрөнхий мах аваад л гардаг. Байцаагаа хуваагаад өгөөч гэдэг шиг өр зээл тавих асуудал зөндөө л байна. Тэд ихэнхдээ хоол хүнсний зүйл л зээлнэ. Энэ 3000 гээд бичсэн өр бол, надаас талх л зээлж явсан хүн.
- Өдрийн орлого хоёр сая байсан бол одоо нэг сая боллоо. Сайжирч байгаа зүйл юу ч байхгүй. Ёстой новш л байгаа даа. Хүмүүсийн амжиргаа ч тэр, худалдан авах чадвар ч тэр. Новш гэж хэлэхэд ч багадахаар байна. Дэлгүүрээ больдог юм уу ч гэж бодох юм. 16 цагаар өдөр шөнөгүй ажиллаж байж 60 төгрөгийн л ашигтай байна шүү дээ.
Сангийн сайд Б.Жавхлан эдийн засгийн өсөлт иргэдийн амжиргаанд нөлөөлж эхэлсэн гээд инээд алдаад сууж байсан нь саяхан. Хангалттай сайн нөлөөлөхгүй байгаа нь олон жил өссөн үнийн өсөлтөө хараахан гүйцэж чадахгүй байгаатай холбоотой гэж тайлбарласан юм. Макро түвшиндээ эдийн засгийн олон асуудлыг шийдсэн байж болох ч, иргэдийн ядуурал эрх баригчдын ам гарсан найман жилд улам дордсоор байна. Өөрсдийгөө өмөөрч, халхалж хэлдэг ганц зүйл нь ковид, геополитикийн асуудал.
Бид үргэлжлүүлэн хүнсний зах дээрх худалдан авагч, худалдаачдаас зарим зүйлийг тодрууллаа.
ИРГЭД:
- Хэцүү шүү дээ. Хүмүүс өдрийнхөө хоолыг авах гээд жаахан мөнгөнд тааруулаад өгөөч гээд зөндөө л явж байна. Ихэнхдээ жижиглэн авдаг.
- Махны үнэ хэтэрхий үнэтэй байна. Би группд байдаг. Хорт хавдраас болоод гараа тайруулчихсан. Эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг юм. 350 мянган төгрөгийн тэтгэмж авдаг хүнд 16 мянгаар мах авна гэдэг, яаж ч төсөөлсөн барахааргүй байгаа биз. Амьтан ах дүүгээсээ гуйх маягаар л амьдарч байна шүү дээ.
- Өдөртөө 10 адууны гэдэс зардаг байсан. Одоо арай гэж л 4-5-ыг зарж байна. Худалдан авах чадвар муу байна.
- Энэ жил өмнөх жилээ бодвол муу байна. Өнгөрсөн жил 10-20 кг махаар буузаа хийдэг байсан бол энэ жил дээд тал нь л 5-10кг аар л хийж байх шиг байна.
-Эдийн засгийн өсөлт иргэдэд хэзээ нөлөөлөх вэ?
Б.Жавхлан: 2024 онд бидний үндсэн том зорилтууд биелнэ. 2023 онд эдийн засгаа тогтворжуулаад авлаа. 2024 онд айл өрхүүдэд мэдэгдэнэ.