“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Kombucha Mongolia үйлдвэрийн гүйцэтгэх захирал О.Алтантуулыг урьж, ярилцлаа. Түүний хувьд дөрвөн хүүхэдтэй, залуу гэр бүлийн төлөөлөл бөгөөд хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ өөрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ хөгжүүлж, Kombucha ундаагаа Япон улсад экспортлохоор ажиллаж байна.
Тэрээр “Би 35 настай. Дөрвөн хүүхэдтэй. Олон хүүхэдтэй залуу гэр бүлийн төлөөлөл. Би 2010 ХААИС-ийн ландшафтын архитектур мэргэжлээр суралцаж төгссөн. Багаасаа зурах сонирхолтой, уран зураач болохыг хүсдэг хүүхэд байлаа. Зургийн багш дээрээ очоод давтлага авах гээд “Багш аа, би зураач болмоор байна” гэтэл багш “Зураач хүмүүс их ядуу амьдардаг. Чи зураач болж яах гээд байгаа юм. Битгий зургийн талаар яриад бай. Тоондоо сайн байж тооны хичээлээ хийгээд тооны хүн бол. Зураг чамд хэрэггүй” гэж байсан. Гэхдээ би өөрөө их дуртай байсан болохоор багш маань давтлага өгөөгүй ч өөрөө юм харж зурсаар байгаад шалгалт өгөөд, ландшафтын архитектур мэргэжлийг сонгож байсан.
САЙН ХАДМУУДТАЙ УЧРААС ХҮҮХДҮҮДДЭЭ САНАА ЗОВОХГҮЙ АЖИЛЛАЖ ЧАДДАГ
Би эхний хүүхдээ төрүүлэхдээ 21 настай, төгсөх курсийн оюутан байсан. Хүүхдээ гурван сартай байхад өвөөд нь үлдээгээд хичээлдээ явж байсан. Төгсөөд, ажилдаа ороход манай хүүхэд арван сартай болсон. Тэр үед ч шууд ажилд орж байсан. Тасралтгүй л сурч, ажиллаж байсан. Энэ бүхнийг бодохдоо их сайн хадам аав, ээжийн буян гэж боддог. Миний хоёр том охиныг хадам аав өөрөө гардаж өсгөсөн. Хоёр бага хүүг маань хадам ээж өсгөж байна. Энэ нь миний хувьд маш том дэмжлэг. Хүмүүс ч хэлдэг. “Чи ямар их ажил хийдэг юм бэ. Ажлынхаа хажуугаар төрөөд байгаа юм уу. Хэзээдээ ингээд дөрвөн хүүхэдтэй болчихсон юм. Бараг л өчигдөр таарахад зүгээр байсан” гэх нь холгүй. Санаа зовохгүй, хэдий санаа зовж байсан ч ард минь хүүхдүүдийг минь аюулгүй харж байгаа ээж, аав хоёр байгаа учраас надад санаа зовохгүй ажлаа хийх бүрэн боломж бий болдог.
Аав маань намайг “Бэр минь яг л миний охин. Хүүгээсээ илүү охиндоо хайртай” гэдэг. Намайг анх бэр болоод очиход л их дуртай хүлээж авч байсан. Манай нөхөрт хэлсэн байдаг. “Аюулын сайхан ааштай охин байна. Миний хүү л аашийг нь эвдэв” гэж хэлснийг нөхөр сүүлд надад хэлж байсан. Одоо ингээд бодохоор миний ааш эвдрээгүй байна гэдэг нь манай нөхөр намайг эвдээгүй байна гэсэн үг юм болов уу.
АЛДААГАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГ БАЙХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ ЧАНАР
Хүн алдвал алдаагаа хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй гэдэг зарчим баримталдаг. Үүнийг би дөнгөж хорин хэдэн настайдаа мэдэрсэн. Ихэнх хүмүүс алдчихаад алдаагаа хэн нэгэн хүн рүү эсвэл ямар нэгэн зүйл рүү чихэх сонирхолтой байдаг. Би ч тийм л байсан. Нэг алдчихаад “Би үүнийг ингэх ёстой байсан юм. Тэр намайг тэгээгүй бол би ингэх байсан юм” гэдэг. Би өөрөө ингэж алдсан. Алдчихаад их олон хүний дэргэд алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Алдаагаа яагаад ч хэн нэгэн рүү чихэх уг үндэс нь надад байхгүй учраас өөрийнхөө алдааг хүлээн зөвшөөрсөн. Би тухайн үедээ маш их айж байсан. Гэтэл хүмүүс намайг их эергээр хүлээж авсан. “Аан, тэгсэн байна. Чамайг үнэлж байна” гээд. Тэгэхэд л би ойлгосон. Хүн алдаагаа хүлээн зөвшөөрөөд дахин суралцах хэрэгтэй юм байна. Алдаагаа хүлээн зөвшөөрөх нь маш том зориг.
АЛИВАА ЗҮЙЛИЙН САЙХНЫГ ОЛЖ ХАРДАГ ЭЕРЭГ ХҮН
Миний амьдралд өнгөрсөндөө очиж, өөрийгөө өөрчлөх боломж гарвал одоо байгаа хүмүүс байхгүй болох учраас маш харамсалтай санагддаг. Тиймээс өнгөрснөө өөрчлөх тухай боддоггүй. Намайг хүрээлж байгаа хүн бүр сайхан хүмүүс байсан юм болов уу гэж боддог. Тиймээс л би өнөөдөр стрессгүй, амжилттай, урдаа байгаа ажлаа төгс, сайн хийхийг чармайгаад явж байгаа юм болов уу.
Би их эерэг байж магадгүй. Хүмүүс их хэлдэг. Найз нөхөд ч, анх танилцсан хүмүүс ч юм ярихаар “Чи их эерэг юм аа. Юмыг хэт гоёор хардаг юм биш үү” гээд л. Би “Хүн зовлонг өөрөө хайж олдог. Тиймээс зовлонг хайж олохгүйн тулд ядаж жаргалыг хайж ол” гэдэг. Аливаа зүйлийн муухайг нь бус гоёыг нь харж байх ёстой юм болов уу гэж боддог. Тиймээс миний хүрээлэлд гоё хүмүүс байдаг байж магадгүй. Тэр хүмүүс надад муухай зан гаргасан байж магадгүй. Гэтэл би түүнийг нь олж хараагүй, анзаараагүй байж магадгүй. Муухай гаргасан үйлдлийг нь ч юм уу анзаараагүй. Гэхдээ гоё үйлдлийг нь хардаг.
KOMBUCHA УНДААГ ЯПОН УЛСАД ЭКСПОРТОЛНО
Kombucha бүтээгдэхүүн яг л миний хүүхэд шиг. Би өөрөө график дизайнер учраас хаяг, шошго зэргээ өөрөө гаргасан. Үүнийгээ дэлгүүрт байхыг нь харахад ч их бахархалтай санагддаг. Муу болсон зарим бүтээлээ би мэддэг. Тэрийгээ харахаар “Энийг нь засах байсан юм аа” гээд л эмзэглэдэг. Явцын дунд засаад, сайжруулаад явдаг. Бүтээгдэхүүн маань Японд гарахад өөрсдөө очиж үзэсгэлэнд оролцоно. Монголоос ирж байгаа бүтээгдэхүүн гээд. Үзэсгэлэнд ороод, Япон руу экспортод гараад, дараа нь Азийн 16 оронд худалдаална. Бүтээгдэхүүнээ хөгжүүлээд, цааш яваад, өөрөө бүтээгдэхүүнийхээ нүүр царай болоод, уулзалт хийгээд явах нь гоё санагдаж байна. Энэхүү бүтээгдэхүүнээ илүү сайн хөгжүүлэх зорилготой л ажиллаж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.