Өнөөдөр Тайванийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Сонгууль болоход хэдхэн өдөр үлдсэн байхад л алдаатай анхааруулга, секс бичлэг, агаарын бөмбөлөг зэрэг асуудлууд Тайваньд шуугиан тарьж эхэлсэн юм.
Тухайлбал, 1-р сарын 9-нд Тайванийн иргэдийн гар утсанд агаарын довтолгооны анхааруулга ирж, Хятадын пуужин чиглэж байгаа гэх төөрөгдөл үүсгэсэн. Энэ анхааруулгыг Тайванийн батлан хамгаалах яамнаас явуулсан байна. Тайванийн агаарын орон зайд Хятадын пуужин нэвтэрлээ гэж дээрх анхааруулгад дурдсан байдаг. Гэвч энэ нь алдаатай байгаад зогсохгүй батлан хамгаалах яамнаас нь уучлал хүссэн юм. Үүнийг сөрөг хүчний Гоминданы нам Хятадыг ашиглаж, иргэдийн сэтгэл зүй дээр тоглолт хийсэн эрх баригч намын буруу гэж шүүмжилсэн билээ.
Тодруулбал, Гоминданы намаас нэр дэвшигч Хоу Юй эрх баригч “Ардчилсан Дэвшилтэт нам” нь батлан хамгаалах яамаа улс төржүүлж байна гэж үзсэн юм. Харин эрх баригч намын хууль тогтоогч Ло Чи Чэнгтэй холбоотой гэх секс бичлэг болон утасны яриа нийгмийн сүлжээнд тархсан. Ло Чи Чэнг энэ бичлэгийг хуурамч хэмээгээд сонгуульд нөлөөлөх гэсэн Хятадын оролдлого гэж үзсэн юм.