Чөлөөт бөхийн 2024 оны УАШТ-д МУГТ О.Бурмаа хамгийн олон удаа оролцож өрсөлджээ. Мөн эрэгтэйчүүдийн 125 кг-д өрсөлдөж буй “Бор арслан” клубын О.Есөн-Эрдэнэ тэмцээнд оролцож буй 269 тамирчнаас хамгийн ахмад нь бөгөөд энэ жил 45 нас хүрч байгаа ажээ.
1979 онд төрсөн тэрбээр УАШТ-ээс хошой хүрэл медаль хүртэж байв.
Залууст үлгэр дуурайл болон өнөөг хүртэл барилдаж буй О.Есөн-Эрдэнэ УАШТ-ий эхний тойрогт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Лхагвагэрэлтэй таарч, оноогоор ялагджээ.
Харин гавьяат тамирчин О.Бурмаагийн хувьд 22 дахь жилдээ УАШТ-д оролцож энэ үзүүлэлтээрээ бусад тамирчдыг тэргүүлж байна. Тэрбээр 2003 оноос хойш насанд хүрэгчдийн УАШТ-д тасралтгүй оролцож байна.
Түүний хувьд өдгөө ЦЕГ-ын "Хүч" спорт хороонд харьяалагддаг.
МУГТ Очирбатын Бурмаагийн чөлөөт бөхийн спортод үзүүлсэн амжилтууд:
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
- 2009 он Хернинг ДАШТ мөнгөн медаль-72 кг
- 2013 он Будапешт ДАШТ хүрэл медаль-72 кг
- 2014 Ташкент ДАШТ хүрэл медаль-75 кг
- 2006 Доха Азийн наадам хүрэл медаль-72 кг
- 2003 Шинэ Дели Азийн АШТ хүрэл медаль-72 кг
- 2004 Токио Азийн АШТ мөнгөн медаль-72 кг
- 2005 Ухань Азийн АШТ хүрэл медаль-72 кг
- 2006 Алимтай Азийн АШТ мөнгөн медаль-72 кг
- 2008 Чэжү Азийн АШТ мөнгөн медаль-72 кг
- 2009 Паттая Азийн АШТ хүрэл медаль-72 кг тус тус тив дэлхий, азийн наадам, азийн дэвжээнд амжилтуудыг тогтмол үзүүлсээр иржээ.