Ирэх оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн такси үйлчилгээнд тусгай зөвшөөрөл олгох тухай мэдээлсэн. Ингэхдээ 5-10 сая төгрөгийн хураамж төлж, такси үйлчилгээнд явах эрхээ авах ёстой юм байна. Хэрвээ зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээнд явбал хувь хүнийг таван сая төгрөгөөр, ААН-ийг 50 сая төгрөгөөр торгоно гэж мэдээлсэн. Бид энэ талаарх иргэдийн байр суурийг хүргэж байна.
Иргэд:
- Буруу. Таксигаар амьдарч байгаа хүмүүс их байгаа.
- Такси үйлчилгээ байх хэрэгтэй. Монголд такси үйлчилгээ маш сул байна. Энэ зөвшөөрөл олгох асуудал зөв байж магадгүй.
- Үүнд эсрэг байр суурьтай байна.
- Зөвшөөрөлтэй болгох нь зөв байх. Гэхдээ бүх хүнийг торгоод байвал хэцүү. Хувиараа тусгай зөвшөөрөл аваад явах хэцүү. Нөгөө талаас хувиараа таксинд яваад үүнээс илүү олдог хүмүүс ч байгаа. Зөв гэхэд ч хэцүү. Хувиараа таксинд яваад, өрх гэрийнхээ амьжиргааг залгуулж байна олон хүн бий. Шууд зөв гээд зөвтгөхөд хэцүү асуудал.Тэр хүмүүсийн цаана олон гэр бүлийн амьжиргаа залгуулагдаж байгаа.
- Өөр орлогогүй хүмүүс тэр хураамж төлж, зөвшөөрөл авч чадахгүй байх. Өдрийн тав, арван мянган төгрөгөө залгуулах гэж л хувийн машинтай хүмүүс такси үйлчилгээнд явж байгаа. Тийм их мөнгө төлж зөвшөөрөл авахгүй байх.
- Таксинд явж амьдралаа залгуулж байгаа хүмүүс яаж амьдрах юм бэ. Өнөөдөр төрд ямар хүмүүс гаргачхаад байна вэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмадуудын автобусны карт хүртэл цэгцэлнэ. Тэтгэврийнх нь мөнгөнөөс авна гэж байгаа. Х.Нямбаатар одоо болиоч. Ямар нийгэмд амьдраад байна вэ. Ингэж болохгүй. Өдөр бүр таксинд яваад хоолныхоо мөнгийг олдог бид өнөөдөр яаж амьдрах вэ.
- Торгоно гэдэг дэмий. Яаж мөнгө олж амьдрах вэ.
ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ТАКСИНД ЯВБАЛ 5-50 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО
Бид энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзоригоос тодрууллаа.
Тэрээр “Улсын хэмжээнд сүүлийн таван жилд 3170 гэмт хэрэг зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс Улаанбаатар хотод 2900 гаруй нь бүртгэгдсэн. Гэтэл үүний 2116 нь зөвхөн таксины жолоочтой холбогдсон байгаа юм. Тиймээс цаашид бид таксины талаар тодорхой зохицуулалт хийхгүй бол энэ харилцаа нэлээн орхигдсон байна гэж үзээд энэ хуульд өөрчлөлт оруулсан. Зөрчлийн тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Тэмдэгтийн тухай хуулиудад зохих өөрчлөлтүүд орсон. Энэ хуулийн хүрээнд
2024 оны аравдугаар сарын 15-наас эхлээд такси үйлчилгээний тусгай зөвшөөрлийн харилцаа үйлчилж эхэлнэ. Өөрөөр хэлбэл хуульд найман төрлийн шаардлага хангасан тохиолдолд нийтдээ 3-10 сая төгрөгийн тэмдэгтэй хураамж төлж, такси үйлчилгээ үзүүлэх зөвшөөрөл авна. Зөвшөөрөл авсан ААН такси үйлчилгээ явуулна гэсэн үг. Зөвшөөрөлгүй таксинд явсан хувь хүнийг таван сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгох зохицуулалт зөрчлийн хуульд орсон” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.