НЗДТГ-аас нийтийн тээвэрт шинэчлэл хийхдээ 600 автобусыг оруулж ирэхдээ тендерийг нээлттэйгээр зарласан. Ингээд тендерт таван компани материалаа ирүүлснээс БНХАУ-ын Yutong Bus компани тендерт шалгарсан юм. Нэг автобус нь ₮165 сая 589.920 үнэ ханштайгаар худалдан авчээ.
"Yutong Bus" компани 60 жилийн түүхтэй автобус үйлдвэрлэгч компани аж Өнөөдрийн байдлаар тус компани 40 гаруй улс орон, бүс нутагт 87,000 автобус экспортолсон нь дэлхийн зах зээлийн 10 гаруй хувийг эзэлж байна. Энэ оны эхээр л гэхэд Саудын Арабын зах зээлд 550 дээд зэрэглэлийн автобус нийлүүлсэн туршлагатай компани ажээ.
Эхний ээлжийн 35 автобус 2023 оны 12-р сарын 29-ний өдөр төв талбайд нээлттэйгээр иргэдэд танилцуулаад 31-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж эхэлсэн. Үлдсэн автобуснуудыг багтаамжаас шалтгаалан хилээр шат дараатай оруулж авчирч дуусгахыг албаныхан хэлж байна. Одоогийн байдлаар эхний ээлжийн 35 автобус төв зам дагуу Офицеруудын ордон-Ханын материал-Таван шар-Офицеруудын ордон-Улаанхуаран-ТЭЦ-3 гэсэн чиглэлд явж байгаа ажээ. Бид шинэ автобусыг жолоодож буй жолооч нар болон иргэдээс цөөн асуултанд хариулт авлаа.
Жолооч
12-р сарын 31-нд хөдөлгөөнд оролцож эхлээд Офицеруудын ордон-Ханын материал-Таван шар-Офицеруудын ордон-Улаанхуаран-ТЭЦ-3 гэсэн чиглэлд ихэнхдээ явж байна.
Би 10-аад жил жолоочоор ажиллаж байна. 2015 оноос эхэлж ажиллаад одоо өдий хүртэл ажиллаад явж байна. Хяналтын систем бол янзын, тэр паар, тэр тохиргоо бол өөрөө автоматаар ажиллана, автоматаар унтарна, бүх зүйл нь автомат. Араагаа солиод л явж байна, нэг тохиргоо хийчихсэн байхад тэгээд явж байдаг. Зорчигчид бол сэтгэл хангалуун байх шиг байна. Ерөөсөө наашаа л гүйгээд байна. Урд адилхан чиглэлийн автобус явж байхад гүйгээд л наашаа орж ирээд байдаг. Сонирхоод л асуусан хүн их байна, зорчигч нар их баяртай байгаа. Сэтгэл маш хангалуун байгаа. Бид нар ч бас жолоо бариад явж байхад маш сайхан байна л даа.
Жолооч
Хөгжлөө дагаад маш эвтэйхэн болсон байна. Бүх зүйл нь ийм дэлгэцээр хяналттай. Сүүлийн үеийн, одоохондоо бол халаалттай л зорчиж байна, маш дулаахан юм байна. Олон паартай, халуун тогоо нь өөрөө автоматаар амраад, ажиллаад, өөрөө л зохицуулчихдаг юм байна. Унтрах үедээ унтраад, саах үедээ асаад л явчихдаг. Цонх цантахгүй, давхар шилтэй болохоор ерөөсөө цантахгүй. Манай зорчигч нар сэтгэл их хангалуун байгаа.
Иргэд
-Гайгүй л юм байна. Цанталт алга байна. Тохь тухын хувьд гайгүй л юм байна.
-Бид нар их баяртай байна. Анхныхаа удаа сууж явна. Сайхан дулаахан, чөлөөтэй, шахалдах юм алга. Иргэдийн хувьд энэ сандал, бүхээгт нь арги гамтай эдлээд, цэвэрхэн сайхан, соёлтой сууж үйлчлүүлвэл хэн хэндээ, ард түмэндээ хэрэгтэй. Тав тух нь сайхан байна, утас цэнэглэгчтэй, хамгийн гол нь дулаахан сайхан байна.
-Энэ автобус дулаахан, сайхан зайтай. Өнөөдөр л сууж эхэлж байна. Сонирхоод сууж үзсэн, их сайхан тохитой байна.
-Сайхан дулаахан, тохитой л байна. Гоё л байна. Сууж байгаа хүмүүс нь аятайхан, цаашаа дажгүй аваад явчихвал ер нь дажгүй байна. Тэр л чухал байна. Түүнээс биш тухтай, дулаахан гоё л байна.
-Боломжийн сайхан, цантахгүй байна цонхнууд нь, шинэ мэдрэмж бол байна, энэ автобусанд. Өмнөх ногоон автобус бол бас үзэж байсан. Ногоон автобусыг үзэхэд бол асуудалтай байсан. Энэ автобус бол шинэ мэдрэмж байна. цантахгүй дулаахан байна.
-Даардаг байсан. Энэ бол арай гайгүй, гоё болсон байна. Тав тухтай байна. Энэ утсыг хүртэл цэнэглэдэг болсон байна.