Ардчилсан нам дотоод томилгоонуудаа хийж таван нарийн бичгийн даргаа томиллоо. Ингэхдээ бүгд залуучууд байсан нь олны анхаарлын төвд ороод байна. Ардчилсан намын даргын зөвлөх Н.Амаржин томилгоотой холбоотой мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Зөвхөн залуучуудын саналыг авах гэж юу ч мэдэхгүй хүүхдүүдийг томилж байна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Таван нарийн бичгийг томилсонд маш их баяртай байна. Э.Энхпүрэв, С.Цэнгүүн, Б.Энхдөлгөөн, Н.Гансүх, Б.Батзаяа, бүгдийг нь сайн мэднэ. Маш мундаг залуучууд. Жоохон хүүхдүүд шиг харагдаж байгаа гэхдээ тийм биш. Намайг бодвол асар өндөр туршлагатай.
Залуучуудыг нарийн бичгийн даргаар томилсон нь нийгмийн зүй тогтлоор өрнөж байгаа. Хамгийн гол нь тэд эх орноо гэсэн сэтгэлтэй, дээрээс нь үзэл баримтлалтай. Том намын институцын ялгарах юм нь энэ. Тийм залуучууд байна уу, цусаа сэлбээч гэсэн тэгээд намын дарга болон намын удирдлагууд тэднийг энэ байдлаар урдаа гаргаж байна. Дандаа 1990-ээд оны залуучууд.
Мэдээж улс төрд туршлага, шинэчлэл хоёрыг хослох ёстой. Энэ Ардчилсан намд дутагдаад байсан. Монгол Ардын намыг залуучуудаа урдаа тавихаар хэн ч, юу ч хэлдэггүй. Ардчилсан нам нь залуучуудаа урдаа тавих цаг үнэхээр болсон. Ардчилал гарснаас хойш манай намд ийм том цус сэлбэлт явагдсан гэж би бодохгүй байна" хэмээлээ.
Ардчилсан намын Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Б.Батзаяа "Ардчилсан нам таван залуу нарийн бичгийн дарга томиллоо. Энэ томилгоотой холбоотой нийгэмд маш их эерэг, сөрөг зүйлсийг ярьж байна. Миний хувьд энэ томилгоо нь асар өндөр ач холбогдолтой гэж харж байгаа. Монгол бол залуучуудын орон. Залуучууд энд ажиллаж, амьдарч байгаа учраас тэдэнд тулгамдсан маш их асуудал байгаа.
Олон улсын байгууллага болон дотоод судалгаануудад залуучуудад тулгамдаад байгаа асуудлуудыг тодорхойлсон. Үүнд ажлын байрны асуудал, авлига, эрүүл мэнд, боловсрол зэрэг ерөнхий асуудлууд гарж ирсэн. Эдгээр асуудлын шийдлийг олохын тулд залуучууд яаж оролцох хэрэгтэй вэ, Засгийн газраас бодлого тодорхойлогчид энэ чиглэлд юу хийх ёстой вэ гэдэгт ажиллана" гэв.
Бизнес хөгжил, технологи инноваци хариуцсан нарийн бичгийн дарга, төрийн удирдлагын доктор Н.Гансүх "Залуучуудад намын бодлого тодорхойлох түвшинд орж ажиллах боломжийг олгож байна. Нэгдүгээрт Монгол Улс бол залуучуудын улс. Нийгэм юу хүсэж байна. Үүнийг залуучуудын дуу хоолой болж, тэдний хүсээд байгаа зүйлийг төрийн бодлого болгоход бид тусална. Ард иргэдтэйгээ илүү ойр ажиллах үүднээс залуу таван нарийн бичгийн даргыг томилсон гэж харж байна.
Миний хувьд бол энэ маш хариуцлагатай албан тушаал. Бид бодлого тодорхойлоход оролцох учраас хөөсөрсөн, эсвэл хуучных шиг лидер дагасан ийм маягийн улс төр хийхээс илүүтэй бодлого тодорхойлж, олон улсын сайн жишгийг авж, хэрэгжиж болох бодитой бодлогыг ярих нь бидний онцлог юм.
Монгол 3.4 сая хүн амтай. Гэвч үйл ажиллагаа явуулж буй компаниудын 80-90 хувь нь жижиг дунд үйлдвэрлэл. Бүртгэлтэй 210 мянган аж ахуйн нэгж байдгийн 50 хувь нь үйл ажиллагаа явуулахгүй байна. Яагаад гэвэл монголд бизнесийн сайн орчин алга. Төрийн оролцоогүй зүйл алга. Өнөөдөр хуваариа бизнес эрхэлж байгаа хүн болгон зээлтэй байна. Монголбанкны гаргасан судалгаагаар давхардсан тоогоор хөдөлмөрийн насны 4.7 сая хүн зээлтэй байна. Ихэнх нь гар утасны зээлтэй. Өнөөдөр бизнесийн орчин хумигдаж, мөнгөний хатуу бодлого барьж байна" гэлээ.