Төрийн шагналт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн “Өвгөн шувуу” өгүүллэгийг уншаагүй хүн ховор биз. Уран зохиолын ертөнцөд зовлон дуусах цагаа хүлээж буй Жав гуайн амьдрал дээрх бодит дүр гэж хэлж болохуйц зураач Р.Батцэнгэлтэй бид энэ удаа ярилцлаа. Түүнтэй ярилцаж эхэлсэн мөчөөс эхлэн “Өвгөн шувуу” өгүүллэгийг дахин унших шиг санагдаж, дулаахан, тайван хирнээ хачин гунигтай мэдрэмж төрж байсан юм.
Зураач Р.Батцэнгэл хорт хавдараар өвчлөөд дөрвөн жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд зургаан мэс заслыг давж, олон арван химийн эмчилгээг тэсэж өнгөрөөсөн аж. Гэвч түүний биеийг өвчин нь бүчин авч, салах шинж үгүй… “Заавал эдгэрнэ” гэх тарчлаант бодлоос өөрийгөө суга татан, оюун санаагаараа эрх чөлөө, амар тайвныг мэдэрч буй тэр одоо өөрийн амьдралаа бурхны таалалд үлдээжээ. Ер нь бидний ямар ч ор үндэсгүй өөдрөг үзэл, бидний цөхрөл гомдлоос илүү аймшигтай байж мэдэх юм.
-Ярилцлагын санал хүлээн авсан танд баярлалаа. Та өдрийг юу хийж өнгөрөөж байна даа?
-Дийлэнх цагаа хэвтэж л өнгөрөөх юм. Бие овоо дээрдэхээр жаахан юм бичнэ. Өөр ч гавьсан зүйлгүй дээ.
10 ЖИЛ НУХАЖ ХИЙСЭН БҮТЭЭЛ МААНЬ НАМАЙГ ТӨЛӨВШҮҮЛСЭН
-Бүтээлийнхээ талаар яриач? “Монголын нууц товчоо”-ны онцлогийн тухай ч юм уу.
-МНТ олон зүйл тайлбарлаад байх шаардлагагүй болохоор их амар юм. Мэдээж хүн бүр л онцлогийг нь сонирхож асуудаг. Хүүхдэд их ойлгомжтой. Зураг, дүрслэл хүний ой тойнд сайн үлддэг болохоор тэр биз. Анх номоо эхлүүлж байхдаа дэлхий нийтээрээ МНТ-г уншиг гээд их том зорилго тавьж байсан. Номын маань дийлэнх борлуулалт гадаад зах зээл дээр бий. 10 гаруй жил нухаж, зовж хийсэн бүтээл юм болохоор намайг бас их төлөвшүүлсэн гэж боддог. Зурагт ном гэхээр нэг л үл тоодог хандлага бий шүү дээ. Хөнгөн, халтуурдаад л хийчихдэг. Энэ байдлыг өөрчлөхийг бас зорьсон.
-Одоо хүүхдүүд МНТ унших сонирхолгүй юм билээ. Хэрэггүй зүйл гэж бодоод ч байх шиг. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Яах вэ. Бага балчир л байна. Хүн ерөөсөө ажиллаж, амьдрахдаа, хамгийн чухал нь өөрийгөө мэдсэн байх. Энэ нь өнгөрсөн түүхээ мэдэхээс эхлэлтэй. Өөрийгөө ойлгоогүйгээс болоод хүмүүс их зовдог шүү дээ.
-Та өөрийгөө ойлгосон уу? Яахыг хэлдэг юм бэ?
-Би өөрийгөө нэлээн сайн ойлгосон хүн гэж боддог шүү. Янз бүрийн үе шат дамжина аа. Залуу байхад их хэцүү үеүд таардаг шүү дээ. Хамгийн чухал зүйл нь үүрээ засах байдаг юм байна. Байр орон сууцтай болох тэр үе. Одоо ч залуучууд тийм асуудалтай л байгаа. Тэр үе хамгийн хэцүү нь. Тэгэхэд би их ядарсан. Ямар ч дархлаагүй болоод сүрьеэгээр ч өвдөж байлаа. Тэгж л зүтгэж байсан.
ЯМАР Ч ЭР ХҮН ҮХЛЭЭС АЙДАГГҮЙ ЮМ АА
-Таныг Гашуун ярианд урьсан шалтгаан нь хүн өөрийнхөө өвчин, зовлонг хүлээн зөвшөөрөх нь битгий хэл эргэн тойрны хүмүүсийнхээ өвчин, үхлийг хүлээн зөвшөөрч чаддаггүй шүү дээ. Таны харин хүлээн зөвшөөрч чадсан байна. Үүнд сэтгэлийн их хүч байна уу? Хүчгүй болтлоо шантарсан байна гэсэн үг үү?
-Шантарсан зүйл огт алга аа. Ямар ч эр хүн үхлээс айгаад байдаггүй юм даа. Эрчүүдтэй яриад үзээрэй. Дээрээс нь цаг хугацаа… Олон хүнд давааг даваад явах тусам үхлийн тухай бясалгана. Явж, явж эцэстээ зүгээр л хорвоогийн жам л байгаа юм. Зөвхөн надад ч тохиолдоод байгаа юм биш. Явах нь яваад, үлдэх нь үлддэг тийм л хорвоо юм. Ерөнхийдөө дарамт ачааллыг аваад хаячхаж байна л гэсэн үг. “Би заавал эдгэрэх ёстой. Бууж өгөхгүй” гэх мэт зүйл чинь л ачаа л болдог юм. Зүгээр л өөрийгөө чөлөөлөөд, чадахаа хийж байна. Үлдсэн нь бурхны таалалд гээд байж байсан нь зөв.
-Мэдээж хүлээн зөвшөөрсөн гэж байгаа ч амьдралд хоргодох зүйл олон. Санаа зовох зүйл их байна уу?
-Анх өвчний оношоо сонсох, анхны мэс заслаа давах, дахиад л хорт хавдар гараад ирчихсэн байна гэх мэдээ сонсох… Дахиж сонсох хамгийн аюултай үе нь байдаг. Эдгээрийн үр дүнг нь харьцуулж бодсоор байтал…
Яах вэ хийж амжаагүй зүйлдээ санаа зовдог юм. Тийм учраас би “Морин хуурын дууль”-ийг зүтгэсээр байгаад дуусгасан. Тэнд миний хүмүүст үлдээсэй гэсэн хэдэн зүйл байгаа.
Хүн ер нь оюун санааны амьдралтай юм уу, сэтгэлийн эсвэл бие махбодийн амьдралтай юм уу гэдгээс их зүйл шалтгаалдаг юм шиг ээ. Дан ганц бие махбодийн амьдралаар амьдардаг бол ийм өвчний үед маш их зовно. Биеийн жаргалыг эдлэхгүй байгаа учраас шүү дээ. Сэтгэлийн жаргал цэнгэлээр амьдардаг бол бүр л их хэцүү болно. Тэгэхээр ер нь оюун санааны ертөнцөд амьдраад байж байвал, биеийн зовлон, цаг хугацааны бэрхшээл бага байгаа юм л даа. Анх өвчнөө мэдчихээд уур л хүрээд байсан. Цаг наргүй, “нисэж” явсан хүн шүү дээ.
Би бол асуудал гарвал түүнийг шийднэ. Тэгээд л боллоо. Тэгэхгүй байгаа хүнийг гайхаад байдаг юм. Зовлон яриад л байна. Асуудал байгаа юм бол наадахаа дуугүй шийд л дээ. Би амьдралынхаа бүх асуудлыг хүчээр л шийдэж байсан. “Яахаараа ийм байдаг юм. Тэгэх ёстой” гээд л санаснаараа байлгасан. Өвчнөөс бусдыг нь л би санаснаараа байлгалаа даа. Өвчинг л чадахгүй юм байна.
ӨВЧИН Л ЭХНЭР БИД ХОЁРЫГ ТЭЭРЭМДЧИХЛЭЭ
-Өөрөө өвдөх нь биш, эргэн тойрныхоо хүмүүсийг зовоох нь илүү хэцүү байдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Эргэн тойрныхон маань надтай зайнаас л харьцаж байна. Утас, чат гээд сайхан зүйлс байна шүү дээ. Юу ч бодоцгоож байгаа юм. Санаа нь зовоод байж л байгаа байх. Миний хажууд өдөр тутам тэмцэж байгаа хүн бол миний эхнэр. Өвчин л бид хоёрыг тээрэмдчихлээ. Түүнээс биш бид хоёрт нэг их зовсон гээд байх зүйл байдаггүй.
-Та эхнэрийн урдаас хараад төдийлөн талархаж байгаагаа хэлдэггүй бол энэ агшинд хэлээч?
-Түүнийг үгээр илэрхийлэхэд хэцүү юм. Миний байгаа байдал тийм хүнд хэцүү мэдрэгддэггүй шалтгаан нь миний эхнэр. Эхнэр хажууд байгаа цагт би ер зовохгүй. Сэтгэлийн хань болж байгаа тэр байдал…
Оюун санаагаараа л хамт байгаа хүний нөлөө юм даа. Өөр хэн ч тэгэхгүй шүү дээ.
Эргэн тойрон бол надад бүр их хэцүү. Ээж орж ирээд л “Миний хүү яаж байна” гээд байх бүр л хэцүү. Ядахдаа би ээжид огт хэлээгүй шүү дээ. Намайг хорт хавдартай гэж мэдэх ч үгүй. Зүгээр түнхний үеэсээ болчихсон юм гээд хэлчихсэн. Одоо зүгээр болох ёстой доо гээд л яваад байдаг.
-Миний асуугаагүй, таны яримаар байсан зүйл бий юу?
-Би асуултад л хариулна аа.
-Ярилцсанд баярлалаа.