УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн inews.mn сайтад өгсөн ярилцлагын хэсгээс хүргэж байна.
-Манай улсын хэвлэлийн эрх чөлөө хэр байгаа вэ?
-Хэвлэлийн эрх чөлөө хоёр хүчин зүйлээс болоод маш эмзэг байгаа. Нэгдүгээрт, эрх мэдэл, нөлөөтэй хүмүүс төсвийн мөнгөөр хэвлэлийг худалдаж авч байна. Бид хаалтын гэрээ гэж хэлдэг. Яг хаалтын гэрээ гэсэн нэр томьёо байхгүй боловч буруу дээр нь амаа хамхиад, бусдад гоё харагдах зүйл дээр нь пи-ар хийгээд өгөөрэй л гэж байгаа хэрэг. Ингэхээр нөгөө чөлөөт хэвлэл маань улстөрчийн, эрх мэдэлтний пи-арын хэрэгсэл болоод хувирчихдаг. Энэ чинь пропаганда. Социализм яг л ийм байсан.
Нөгөө талаасаа мэргэжлийн үйл ажиллагаагаа зарж болдог гэдэг захиалгат сэтгүүл зүй байх юм бол энэ чинь ардчиллын хүчилтөрөгч болсон чөлөөт хэвлэл мэдээлэл огт биш. Эрх мэдэлтнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хоточ бус бууны нохой болгох гэж оролддог, сэтгүүлчид нь хэвлэлийн эрх чөлөөг өөрсдийн хөлжих, орлого олох хэрэгсэл төдий болгодог байдлаасаа салах хэрэгтэй.
-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Тухайн сэтгүүлчийг буруутгаж байгаа олон л зүйл гарч байх шиг байна. Яг социализмын үеийн хүн нь байвал хэрэг нь олдоно гэдэг шиг аргаар хандаж байна уу даа гэж харж байгаа. Сэтгүүлчид маань ч гэсэн сүүлдээ айдастай боллоо. Бид ийм хуучинсаг арга барилаасаа салах ёстой. Юу нь буруу, юу нь зөв гэдгийг ялгаж салгахгүйгээр урагшлахгүй. Би бол шуугианы араас шуугиан болж гүйх гэхээсээ илүүтэй үйл явдлын цаана юу байна. Алдааг нь засах боломж байна уу, гажуудсан бодлогыг яаж өөрчлөх үү, шийдэл нь юу байж болох вэ гэдгийг харахыг эрмэлздэг хүн. Нэг талаасаа судлаач, нөгөө талаасаа бодлого тодорхойлогчийн уураг тархиар асуудлыг харах гэж оролдож байна. Н.Өнөрцэцэгийг олон зүйлээр буруутгаж байгаа. Нэгдүгээрт, Найман ишигний хэрэг буюу Хэнтийн анхан шатны шүүхэд нөлөөлсөн гэсэн гомдлыг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргасан гэнэ. Тэгвэл шүүхэд нөлөөлөх гэсэн үйлдэл, үзэгдэл нь юу вэ. Эрүүгийн хууль дээр үүнийг яаж бичлээ. Олон улсад энэ төрлийн гэмт хэргийг ямар шинж, үйлдлүүдээр тодорхойлдог билээ гэдгийг бид хамгийн түрүүнд бодох ёстой. Шүүхэд нөлөөлөх гэдгийг дэлхий нийтээрээ маш ойлгомжтойгоор тодорхойлсон нэг зүйл байна. Тэр нь тухайн хэрэг маргааныг шийдэж байгаа шүүгчтэй ямар нэгэн аргаар харилцаанд орсон эсэх. Утсаар ярих, майл бичих гэх мэт ямар нэг замаар харилцаанд орж айлгасан, нөлөөлсөн, дарамталсан, гуйсан байна уу гэдгийг хардаг. Гэтэл ийм зүйлийг Н.Өнөрцэцэг сэтгүүлч хийсэн үү, тэр нь баримттай юу гэдэг бол эхний асуулт. Харин ийм зүйл болоогүй зөвхөн нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн, бичсэн бол үүнийг шүүгчид нөлөөлсөн гэж ерөөсөө үзэхгүй. Бид олон улсын жишгээс огт холдохгүй шүү дээ. Хоёрдугаарт, шүүхийн байр, танхимд хашхирах, лоозон барьж зогсох, бичлэг хийх зэрэг үйлдэл хийсэн үү. Барууны улс орнуудад шүүхийн гадаа лоозонгоо бариад жагсана уу, олуулаа ирж цуглана уу, цагаан хоолойгоор орилно уу ямар ч хамаагүй. Үүнийг шүүхэд нөлөөлсөн гэж үзэхгүй. Шүүхийн байшин дотор энэ үйлдлээ хийвэл харин шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Ялгаа байгаа биз. Гуравдугаарт, шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан албаны байр суурин дээрээс мэдэгдэл гаргахыг шүүхэд нөлөөлсөн гэж үзнэ. Төрийн бүх албан тушаалтан биш, шүүхэд нөлөөлөхүйц гэж тодорхой заасан. Сумын Засаг дарга, төрийн дундаж албан тушаалтан шүүхийн талаар ярихад нөлөөлсөн гэж үздэггүй. Харин эсрэгээрээ шүүгч өөрт нь та ийм хэмжээний албан тушаалтны нөлөөнд үл автах этгээд. Яагаад тэр дунд шатны албан тушаалтны яриа танд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. Таны хараат бус, бие даасан байдал, мэргэжлийн ур чадварт эргэлзэж байна гээд тухайн шүүгчийн өөрийнх нь асуудлыг хөнддөг. Нэг сэтгүүлчийн хэвлэлээр ярьж, сошиалд явж байгаа зүйлийг уншаад өөрөө яагаад нөлөөнд орсон юм. Ийм нөлөөллөөс ангид байх мэргэжилтэн, шүүгч байх хэмжээний хүн мөн үү гэдэг асуудлыг тэнд ярих байх. Харин Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Хууль зүйн сайд, Их хурлын гишүүд албаны байр суурин дээрээсээ мэдээлэл хийвэл шүүхэд нөлөөлнө гэж үздэг. Яагаад гэхээр тэд хуулийг нь баталдаг, төсвийг нь шийддэг, шүүгчийг томилдог. Цагдаа, тагнуулын даргыг ч гэсэн нөлөөлж болзошгүй этгээд гэж үзнэ. Магадгүй шүүгчийн хүүхэд ойр тойрныхон дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад нөлөөлж магадгүй. Ингээд харахаар Н.Өнөрцэцэг энэ гурван үйлдэлд хамаатаж байна уу.
-Сэтгүүлч энэ бүхнийг хийх албан тушаалтан, хүн мөн юм уу?
-Н.Өнөрцэцэг сэтгүүлч бол ямар ч байсан шүүхэд нөлөөлөхүйц албан тушаалтан биш. Шүүгчтэй харилцаа үүсгэсэнгүй, шүүхийн байран дотор элдэв асуудал гаргасан уу гээд хэмжихэд маш ойлгомжтой зүйл харагдах байх. Тухайн шүүгч нь нөлөөллийн мэдүүлэг бичиж, гомдол гаргасан уу гэдэг бас нэг асуудал. Эсвэл ийм зүйл байхгүйгээр хэн нэгэн хөндлөнгөөс харж байгаад асуудлыг явуулчихсан уу гэдэг дахиад процессын маягтай яриа. Мөн мөрдөн байцаалтын нууцыг задалсан гэдэг ойлголтын тухай яриад байна лээ. Тэгэхээр мөрдөн байцаалтын нууц гэж юу вэ, аль хүртэл хадгалагдах вэ. Түүнийг задлах субъект нь хэн бэ гэдгийг ярих ёстой. Анх 2015 онд Эрүүгийн хуулийг бичиж байхдаа энэ гурвыг яг барууны улсуудын стандартаар бичсэн юм. Харамсалтай нь үүнийг өнөөх Д.Дорлигжав гэдэг хүн эвдсэн. Сүүлд нь 2017 онд хуулийг батлахдаа МАН хэтэрхий ерөнхий утгатай болгосон. Бусад улс орнуудад мөрдөн байцаалтын нууцад мөрдөн байцаалтын явцын бүх зүйлийг хамааруулдаггүй. Тухайн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа байгууллагын өөрийнх нь нууцлах зүйл гэж бас тусдаа бий. Тэр байгууллага нууцлах үүргээ өөрсдөө хүлээдэг болохоос иргэдийн нуруунд үүрүүлдэггүй. Харин хуулиар мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэгт нэгдүгээрт, нууцлагдсан гэрчийг хамруулдаг. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл гэрч нууцлагдана. Шүүх хуралдааныг амаар явуулна гэж үг бий. Гэрч, хохирогч шүүх хуралд биеэр оролцдог. Түүнээс биш гэрчээ нуучхаад шүүх дээр Б гэдэг гэрч ингэж хэлсэн гэдэг байдлаар дам байдлаар хүнийг буруутгаж болдоггүй. Мөн хүн мөрдөн байцаалтын бүхий л шатанд юунд, яагаад буруутгагдаж байгаагаа мэдэх эрхтэй. Түүнээс биш шүүх хурал дээр “Гэнэтийн бэлэг” барьж болохгүй. Хоёрдугаарт, манайхны ярьдгаар гүйцэтгэх ажлын үр дүнгээр авагдсан нотлох баримт болон олж авсан арга зам нууцлагдана. Гэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл л нууцална. Хууль зөрчиж авсан эсэхийг тухайн буруутгагдаж байгаа хүн мэдэх эрхтэй. Харин арга ажиллагаа бол байгууллагын тактикийн нууц байдаг. Энэ нууцаа алдсан бол тэр байгууллагын л хохь. Харин нууцлагдсан гэрчийг сэтгүүлч олж мэдсэн ч ил гаргаж мэдээлж болохгүй гэдэг зарчим байгаа. Түүнээс биш мөрдөн байцаалтын нууц гэж бүгдийг хамруулчхаад, чи хэлж болохгүй гэж үүрэг хүлээлгээд тэр үүргийг нь буцаагаад өөрийг нь яллах үндэс болгож ашиглах юм бол байж болохгүй зүйл. Энэ бүхнийг соёлт хүн төрөлхтний нүдээр харах хэрэгтэй. Ингээд дотор нь задлаад үзэх юм бол хууль юуг нь буруутгаж байгааг ялгаж зааглаж харах боломжтой болно. Асуудалд бодитой хандаж чадвал шударга ёсны үүднээс буруутгаж байна уу, эсвэл улс төрийн өшөө хонзон, захиа даалгавар, хэн нэгэн эрх мэдэлтний дургүйг хүргэсэн учраас энэ хүн цоожлогдож байна уу гэдгийг ялгаж харах боломжтой.
Эх сурвалж: inews