"Канвон 2024" залуучуудын өвлийн IV олимпын наадам энэ сарын 19-ны өдөр БНСУ-ын Канвон мужид хөшгөө нээнэ. Тус өвлийн олимп хоёрдугаар сарын 2-ны хооронд болох бөгөөд 1,900 тамирчин спортын долоон төрөлд 81 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас залчуудын өвлийн олимпын наадамд гүйлтийн цанын төрөлд дөрвөн тамирчин оролцохоор эрхээ аваад байна. Цанын өсвөрийн тамирчин А.Хүслэн гуулин улсыг зорьсон бол үлдсэн гурван тамирчин энэ сарын 05-ны өдөр БНСУ-ыг зорино. Баг тамирчдыг цанын спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга удирдан дасгалжуулж байна. Бид дасгалжуулагч болон тамирчидтай цөөн хором ярилцлаа.
Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцох эрхээ амжилттай авсан баг тамирчиддаа баяр хүргэе. Бэлтгэл сургуулилтаа хэрхэн базааж байна вэ?
ӨСВӨРИЙН ЦАНАЧДЫН УР ЧАДВАР ХУРДАЦТАЙ ӨСӨЖ БАЙНА
Цанын спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга
Бид залуучуудын өвлийн олимпт 2-3 жилийн өмнөөс хүүхдүүдээ сонгон шалгаруулаад бэлтгэл сургуулилтаа хийж байна. Бэлтгэлийг бол хүүхдүүд маань хоёр жил Солонгос, Монголд бэлтгэл хийлээ. Бид нар дөрвөн эрх авахын тулд өнгөрсөн жилээс эхлээд олон тэмцээн уралдаанд оролцлоо. Энэ бол өнгөрсөн жилийн хавар Итали улсад болсон тэмцээнээс дөрвөн хүүхэд маань ерөнхийдөө хүлээлэг рүү орсон байгаа. Тэгээд сая өнгөрсөн намар манй цанын холбоо БТСУХ-той ярьж байгаад хүүхдүүдээ бүрэн бүрэлдэхүүнээр нь явуулж Норвеги, Швед улсуудад очиж уралдлаа. Энэ тэмцээнүүдэд манай хүүхдүүд сайн уралдаж, олимпын дөрвөн эрх аваад, багаараа эрх авчихаад ингээд баяртайгаар явах гээд байж байна. Бэлтгэл их сайн байгаа, хүүхдүүд тасралтгүй бэлтгэл хийсэн. Хоёр жилийн турш бол тасралтгүй бэлтгэл хийсэн.
Өсвөрийн цаначдын тухайд ур чадвар ахиж байна уу. Олимпын наадмаас өмнө БНСУ-д очиж бэлтгэл сургуулилтаа хангахад ахиц гарах байх?
Цанын спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга
Манай өсвөрийн цаначдын ур чадвар жилээс жилд ахиж байна. Их сайн байгаа. Эдгээр хүүхдүүд маань тун удахгүй насанд хүрэгчдийн шигшээ баг руу хүч түрэн орж ирэх магадлал өндөр байгаа. Бэлтгэл гайгүй явагдаж байгаа. Одоо тэмцээн маань эхлэхэд ер нь сар хүрэхгүй хугацаа үлдэж байна. Энэ хооронд бид нар бэлтгэлжилтийг тааруулж, бид нар уралдаан тэмцээндээ амжилттай оролцохын төлөө л бэлтгэл сургуулилтаа хийж байна даа.
Олимпын наадмын өмнө бид БНСУ-д очсоноор тухайн орны цаг агаар, цагийн бүсчлэлтэй танилцах, зам харгуйдаа дасан зохицох гээд олон талын өгөөжөө өгөх учиртай. Иймээс л бид тэмцээн болохоос нэлээн хугацааны өмнө очиж байгаа юм.
Өмнө нь залуучуудын өвлийн олимпын III наадам Швейцарт болж байсан. Мөн энэ удаад дөрвөн тамирчин эрхээ авсан нь сайхан мэдээтэй. Одоо амжилтаа ахиулах гол зорилго тээж байгаа байх?
Цанын спортын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулга
Өмнө нь манайх Лозаннд дөрвөн хүүхэд эрхээ авч оролцож байлаа. Хоёр хүүхэд оролцоно гэж байсан боловч явцын дунд квот өөрчлөгдөж, нэг хүний орон тоо гарч ирснээр манайхан бол дөрвөн хүүхэд Швейцарын Лозаннд залуучуудын өвлийн олимпт оролцсон. Энэ жил дөрвөн хүүхэд эрхээ авчихаад багийн тэмцээнд мөн давхар буухиа уралдаанд оролцохоор бэлтгээд байж байна. Их авьяаслаг хүүхдүүд байгаа юм.
Шинэ оны мэнд хүргэе. Хэдэн оноос цанын спортоор хичээллэж байна вэ?
БИД ЗАЛУУЧУУДЫН ӨВЛИЙН ОЛИМПТ ӨРСӨЛДӨХ ЭРХЭЭ АВСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай ЕБС-ийн сурагч, цанын өсвөрийн тамирчин Ж.Уянга
Намайг Жамъянжавын Уянгаа гэдэг. Архангай аймгаас оролцож байгаа. 2016 оноос хойш цанын спортоор хичээллэж байна. Архангай аймгийн спортын сургуульд манай багш багшилдаг. Тэгээд өсвөрийн цаначдыг бэлтгэдэг. Манай багшийг МУГД Лувсандашийн Дорж гэдэг. Өвөрхангай аймгаас Архангай аймагт ирж цанын спортоор хичээллэдэг өсвөрийн тамирчдыг бэлтгэдэг юм. Д.Мөнхжаргал захиралтай манай Архангай аймгийн спортын сургууль байгаа. Энэ сургуулиас олон ирээдүйн тамирчид төрөн гардаг юм.
Шинэ оны мэнд хүргэе. Бэлтгэл сургуулилт ямар байна вэ?
Булганы аймгийн ЕБС-ийн сурагч, цанын өсвөрийн тамирчин Т.Өсөх-Ирээдүй
Намайг Төрбат овогтой Өсөх-Ирээдүй гэдэг. Би 2016 оноос Булган аймгийн Тэшиг суманд Ю.Соёлмаа багшийнхаа удирдлага дор цанын спортоор хичээллэж эхэлсэн. Бид нар Итали, Швед, Норвегийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод эрхээ баталгаажуулсан байгаа. Үндэсний шигшээ багийн Д.Баттулга багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа. Өдөр бүр бэлтгэлээ хийж байна. Бэлтгэл сайн байгаа.
Шинэ оны мэнд хүргэе. Өмнө нь цанын спортоор оролцож байсан тэмцээн уралдааны туршлага байгаа юу?
Дархан-Уул аймгийн ЕБС-ийн сурагч, цанын өсвөрийн тамирчин Н.Нандинцэцэг
Намайг Наранбат овогтой Нандинцэцэг гэдэг. Би Булган аймагтаа цанын спортоор хичээллэдэг. Миний хувьд Солонгос улсад роликны тэмцээнд оролцсон байгаа. Тэгээд Солонгосын хөтөлбөрт хамрагдаад Норвеги, Швед улсуудад цуврал тэмцээнд оролцоход тус улсаас зардал бүрэн даагаад яваад оролцоод ирсэн.
Өдөр болгон бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа. Эрхээ авсан тухайд бол өмнөх жил Швейцарт уралдсан. Тэгээд Итали, Норвеги гээд улсуудад олимпын оноо цуглуулах тэмцээнд оролцоод тэгээд олимпынхоо эрхийг авсан.
Намайг бол багаас минь Ховор-Эрдэнэ гээд цанын дасгалжуулагч багш дээр бэлтгэл хийгээд цанын спортоор хичээллээд 7 жил болж байна. Бэлтгэл сургуулилтдаа хамрагдаад явж байна.
Монголын өсвөрийн цаначдаас А.Хүслэн БНСУ-д бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. Түүний ээж нь цанын спортоор хоёр ч өвлийн олимпт Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож өрсөлдөж байсан, Олон улсын хэмжээний мастер цаначин Э.Очирсүрэн билээ.
Төв аймгийн өсвөрийн цанын тамирчин А.Хүслэн
Баг тамирчид Скай резорт цанын баазад өдөр бүр бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Өсвөрийн цаначдыг Европын цуврал тэмцээнүүдэд оролцоход цанын Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах цана тос тосолгоон дээр ажиллаж, ОУХМ Э.Очирсүрэн бэлтгэл сургуулилтын явц хариуцсан менежерээр ажиллаад оны өмнөхөн ирсэн билээ.
Гүйлтийн цанын төрөлд эрэгтэйчүүд 10км, эмэгтэйчүүд 5км-т уралдах юм. Мөн манай улсын тамирчид холимог багийн буухиа (4х3.3км) уралдаанд өрсөлдөнө.
"Канвон 2024" залуучуудын өвлийн олимпт өрсөлдөхөөр -35 хэмийн хүйтэнд эх орондоо бэлтгэл сургуулилтаа хангаж буй тамирчид
Ярилцсанд баярлалаа. Та бүхэндээ өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөе.