Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт энэ сарын 4-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэгвэл Зариг.мн сайтыг хаасан болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсон асуудал нь хүний эрхийн зөрчил байсан эсэх талаар ХЭҮК-оос мэдээллээ.
Хүний эрхийн хамгаалагчийн хорооны гишүүн Э.Сундуй "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон түүний өмгөөлөгч мөн Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн хорооноос гаргасан гомдлын дагуу ХЭҮК-ийн дэргэдэх Хүний эрхийн хамгаалагчийн хороо тодорхой хэмжээний ажиллагаа явуулж арванхоёрдугаар сарын 26-ны өдөр дүгнэлт гаргаад байна. Дүгнэлт гаргахын тулд ХЭҮК-оос Цагдаагийн ерөнхий газарт албан тоот явуулж холбогдох мэдээллийг авсан. Мөн цагдан хорих байранд хоригдож байгаа сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй очиж уулзан нөхцөл байдлыг тодруулсан. Ингэхэд, сахилгын өрөөнд түүнийг хориогүй нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд өрөөнд тусгаарласан байсан. Сахилгын өрөөнд оруулсан гэх үндэслэл байгаагүй.
Хүний эрхийн хамгаалагчдын бүрэлдэхүүнд олон нийтийн эрх ашгийн төлөө, бодит мэдээллийг өгдөг сэтгүүлчид багтана. Иймээс сэтгүүлчийг олон улсын гэрээ конвенц Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн олон улсын факт, Хүний эрхийн түгээмэл тунхаглал мөн Нэгдсэн үндэсний байгууллагын гэрээний зөвлөмжид сэтгүүлчийн эрх ашгийг хүндлэн дээдлэх ёстой хэмээн заасан байдаг. Ийм тул Монгол Улсын Засгийн газар хүлээсэн үүргийнхээ дагуу сэтгүүлчийн эрх ашгийг хүндлэн дээдлэх ёстой. Тэднийг олон нийтийн мэдэх эрхийг хангаж шударга үнэнийг түгээсний төлөө ямар нэгэн хариуцлага оногдуулахгүй байх хэрэгтэй. Хэрэв сэтгүүлчид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тохиолдолд аль болох цагдан хорихгүй байх зөвлөмжүүд бий.
Гаргасан дүгнэлтээ дэлгэрүүлбэл, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг хэрэгт шалгагдаж байх үеэр Зариг.мн сайтын үйл ажиллагааг хязгаарласан нь буруу үйл ажиллагаа юм. Тухайн хэрэгт холбогдуулан сэтгүүлчээ шалгахгүй олон нийтийн мэдэх эрхэд халдсан үйлдэл болсон. Мөн дүгнэлтэд тусгаж олон асуудал оруулсан. Ихэнх асуудлууд нь хувь хүнтэй холбоотой мэдээлэл байгаа.
Бидний гаргасан дүгнэлт нь ямар хүчин чадалтай, эрх зүйн ямар үр дагавартай вэ гэвэл тухайн гомдол гаргагч нь өөрөө шаардлагатай гэж үзвэл шүүхэд нотлох баримтын хэмжээнд үнэлүүлэх боломжтой" гэв.