Бид энэ удаа Дүрс оношилгооны эмч, Эрүүл амьдралын жигүүр ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Нандинзултай ярилцаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд юугаар ч орлуулашгүй эрхэм ээж, аавыгаа өвчний улмаас алдсан тэр эрүүл мэндийн салбарын тогтолцоонд ямар асуудал байгаа тухай хэлж, зөвхөн тогтолцоо яриад суух биш нийгмийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцохоор шийдэн Жигүүр төслийг санаачлаад буй юм. Орон нутгийн алсын дуудлагад эмч ээжийгээ дагаж явсаар одоо буй мэргэжлээ сонгосон эл эмэгтэй ажлынхаа сайн сайхан хийгээд саар мууг бидэнтэй хуваалцсан юм.
-Ярилцлагын санал хүлээн авсан баярлалаа. Өөрийнхөө тухай манай үзэгчдэд ярихгүй юу?
-Намайг Л.Нандинзул гэдэг. Одоо 33 настай. Гурван хүүхэд, нөхрийн хамт амьдардаг, эмч мэргэжилтэй хүн байна аа.
Би сумын эмчийн бага охин болж мэндэлсэн. Багаасаа л ээжийгээ дагаж, сумын эмнэлэг дээр ямар процесс болдог, алсын дуудлагад яаж явдгийг харж өссөн юм. Суманд эмчийг өдөр шөнөгүй л дуудна. Эмч хүнд цаг нар гэж байх биш дээ. Харанхуй гудамжинд ээждээ хань болж багаасаа л дуудлагад нь хамт явсан болоод ч тэр үү, надад бүжигчин, дуучин гээд өөр мэргэжил сонгох бодол огт орж ирдэггүй байсан. Би ээж шигээ эмч болно гэсэн мөрөөдөлтэй охин байлаа. Түүндээ хүрчихсэн явж байгаадаа баяртай байдаг.
-Алсын дуудлагад явдаг байсан дурсамжаасаа хуваалцаач?
-Алсын дуудлагад зун явах их л гоё санагддаг байсан. Харин өвлийн дуудлага бол маш хэцүү. Дээр үед сумын төвийн ихэнх эмнэлэг 69 машинтай. Маш хүйтэнд машин нь эвдэрнэ. Миний мэдэхийн ээж маань гурван ч удаа хөлдөж үхэнгээ алдаад ирж байсан юм. Би явж байгаагүй л дээ. Хөдөөний дуудлагад ээж маань намайг өвлийн цагаар авч явахгүй шүү дээ. Нэлээн хэдэн удаа осгож, онцгой байдлынхан аварсан гэдэг юм. Жолооч нь машин дотроо паяльник асааж амь аврагдаж байсан тохиолдол зөндөө. Сумын алсын дуудлагын энэ байдал одоо ч хэвээрээ л байгаа. Энэ их эмзэглэмээр асуудал.
ХҮҮХЭД МААНЬ 39 ХЭМ ХҮРТЛЭЭ ХАЛУУРААД БАЙЖ БАЙХАД БИ ӨӨР ХҮҮХЭД ЭМЧЛЭЭД ЯВЖ БАЙСАН ТҮҮХ ОЛОН БИЙ
-Багаасаа мөрөөдсөн мэргэжлээрээ ажиллах хэр байна вэ? Мөрөөдөл, төсөөлөл шиг нь байж чаддаг уу?
-Манай эмч нар ар гэрээ хаядаг. Ээж байх, эхнэр байх үүргээ хаяж, золиосолж байж л мэргэжлээ сонгодог юм. Залуу эмч нарын хувьд энэ их хэцүү асуудал. Надад ч гэсэн энэ мэдрэмж 2-3 жилийн өмнө төрж л байсан. Улсын эмнэлэгт ажиллахад мэдээж залуу хүн учир ачаалал, гомдол, санал дарамтыг даана. Нэг л зүйл хэцүү байдаг… Ажиллаад, ажиллаад, загнуулаад л байна. Дуртай нь загнана. “Чи хурдан үзээч, ямар удаан үздэг юм. Чи цай уугаад яваа юм уу” гээд л. Үүнийг бол даана аа. Гэтэл хамгийн чухал нь ар гэрээ хаяж явчхаад, авч байгаа цалин маань хүрэхгүй байгаад, хүүхдээ сайн сургуульд ч өгч чадахгүй байгаадаа гутарч, “Би юу хийгээд байгаа юм бэ” гэж боддог. Хүүхэд маань 39 хэм хүртлээ халуураад байж байхад би өөр хүүхэд эмчлээд явж байсан түүх олон бий.
ЭМЧ СУВИЛАГЧИД ГАДААДАД ЦЭВЭРЛЭГЧ ХИЙЖ, МЭРГЭЖЛЭЭ ОРХИЖ БАЙНА
-Салбар бүрт л асуудал байдаг шүү дээ. Багш нар хүртэл мэргэжлээ орхиж, гадаадад цэвэрлэгч хийхийг илүүд үзэх болж. Эрүүл мэндийн салбарт ямар байна вэ?
-Бусад салбарынхан манай салбар хүнд байна гээд яриад л жагсдаг. Цалин бага байна. Багш хомсдож байна гээд л. Эрүүл мэндийн салбарт ч гэсэн эмч, сувилагчийн хомсдол ямар байгааг яагаад ярихгүй байгаа юм бэ. Залуу сувилагчид Монголдоо ингэж ажиллаж байхаар, Солонгост очоод цэвэрлэгч хийж, айл нүүлгэсэн нь дээр гээд явж байна. Монголд маш мундаг нарийн мэргэжил эзэмшсэн эмч Австралид техникч хийж байна шүү дээ. Гэхдээ тэнд цалин маш өндөр. Энэ маш харамсалтай санагддаг.
-Эмч нарыг дийлэнх нь хүндэлж, талархдаг байх л даа. Гэхдээ үүний хажуугаар шүүмжилж, ажил мэргэжлийг нь тань ойлгохгүй байх үе гардаг уу?
Би хүмүүст хүнд мэдээ дуулгадаг. “Та хавдартай байна. Таны элгэн дээр ийм асуудал байна” гээд л. Маш хүнд шүү дээ. Эрүүл мэнд нь муудсан гэх мэдээг дуулгах. Гэтэл тэр мэдээг сонсож байгаа иргэдийн хандлага маш онцгүй. “Юу, Яасаан…Элгэн дээр хавдар аа… Чи яг зөв харсан юм уу. Элэг яах вэ. Түрүү булчирхайг л үзээдэх. Миний сав суулга л ямар байгааг хараадах” гээд л албатай юм шиг. Би тэр хүний бүх зүйл зүгээр байна гэж хэлэх ёстой юм шиг энэ хандлага нь үнэхээр хэцүү. “Яана аа энэ хүмүүс, хэзээ эрүүл мэндийн боловсролтой болж, өөрийгөө хайрладаг болж, өөрийнх нь төлөө хэлж байгаа эмчийн үгийг хүндлэх юм бол оо” гээд л халаглаад суудаг даа.
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаа таны хувьд их хүнд байжээ. Юу болсон юм бэ?
-Би дөрвөн охинтой айлын бага нь юм. Ганцаараа эмч мэргэжил сонгосон. Сүүлийн хоёр жилийн хугацаа миний хувьд үнэхээр хүнд байсан. 2021 онд би аавыгаа ковидоор алдсан юм. Тэр үед өөртөө их гомдож байсан. “Би яагаад эмч хүн байж аавыгаа алдчихав аа” гээд л. Тухайн үед ээж, аав хоёр минь нэг нь ХӨСҮТ-д, нэг нь дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Ээж маань элэгний хорт хавдартай байсан. Тэр үед би ээждээ нэлээн анхаарсан юм. Бие муутай болохоор нь ээжийгээ ХӨСҮТ-д хэвтүүлээд, аавыгаа гайгүй байлгүй дээ л гэж бодож байтал өнгөрчихсөн…
Ээж маань арав гаруй жил элэгний хавдартай тэмцсэн юм. Ингээд жилийн дахиад л өмнө ээжийгээ алдсан. Эмч хүний хувьд эрхэм хүмүүсээ өөрөө оролцож чадахгүйгээр алдах үнэхээр харамсалтай юм билээ.
ЭМЧ ХҮНИЙ ХАМГИЙН ЧУХАЛ ЗҮЙЛ БОЛ ХҮН БАЙХ, ХҮНЛЭГ БАЙХ ГЭДГИЙГ БИ ЭЭЖЭЭСЭЭ СУРСАН
-Энэ хүнд цохилт таныг илүү хурцалсан болов уу?
-Хамгийн чухал зүйл бол нийгмийн эрүүл мэнд гэдгийг ойлгосон. Ингээд эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэнддээ хандаж байгаа хүмүүсийн хандлага, эрүүл амьдралын хэв маягийг л бид ирээдүй үр хойчдоо үлдээх ёстой юм байна гэх зорилго ассан. Одоо энэ зорилгодоо хүрэхийн тулд нөлөөллийн ажлуудыг хийж, амьдралаа зориулах болсон.
-Таны ээж мэргэжлийн тань үнэ цэнийг их мэдрүүлсэн байх. Тийм үү?
-Эмч хүний хамгийн чухал зүйл бол хүн байх, хүнлэг байх гэдгийг би ээжээсээ сурсан. Ээж минь нэг ч удаа салбараа муулж, гоочилж байгаагүй ээ. Бодлого болохгүй байна. Салбар муу байна гэхээсээ илүү бид өөрсдөөсөө эхлэх ёстой юм шиг байгаа юм. Ингээд арай өөр зүйл хийх ёстойгоо ойлгосон гэх үү дээ. Хүмүүст нийгмийн эрүүл мэнд буюу боловсрол, урдчилан сэргийлэлт, эрүүл мэндийг дэмжих гэсэн чухал гурван зүйлийг цогцоор нь ойлгуулж, шийдье гээд, “ЖИГҮҮР” төслийг эхлүүлээд явж байна.
-Хоёулаа салбарынхаа асуудлыг их ярилаа. Сайн сайхан талаар нь ярих хэрэгтэй байх…
-Сайхан зүйл үү…
Манай салбарын ихэнх нь эмэгтэйчүүд. Эмэгтэй хүний нандин чанар, эрэгтэй хүнээс ялгарах зүйл нь зөөлөн сэтгэл байдаг. “Болно доо, монголдоо сайхан амьдарна даа, салбараа хөгжүүлнэ дээ, бид хийнэ дээ, чадна даа” гэсэн сэтгэл л бидэнд байна. Өргөсөн тангараг, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байгаа хүмүүс бол бахархмаар баатрууд мөн. Үүнийг ковидын үед бүгд хүлээн зөвшөөрлөө шүү дээ. Салбар маань сайхан болно гэдэгт бид итгэдэг. Итгэнэ гэдэг нь хэн нэгэнд найдах биш, эмч бид өөрсдөө өөрчлөх ёстой. Эмч ч гэлтгүй энэ нийгэмд амьдарч байгаа залуус салбартаа өөрийн чадах зүйлийг нийгэм рүү чиглэж хийх нь ирээдүйг гэрэлтүүлэх байх. Ажлын найман цагаа дуусгаад л гэрлүүгээ харих биш. Үр бүтээлтэй зүйлийг хүн бүр хийгээсэй гэж хүсэж байна даа.