Энэ жил томуугийн тархалт их байгаа бөгөөд богино хугацаанд хатгаа болж хүндэрч байгааг Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулж буй. Халдварын тархалт ихсэж байгаа учир эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж орны хүрэлцээгүй болж байна.
Тэгвэл иргэд томуугийн өвчлөлд ямар эм, тариаг хэрэглэж ойролцоогоор хэдэн төгрөгөөр өвчнөө дарж байгаа нь сонирхолтой. Сонирхсоны учир өдрөөс өдөрт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, иргэд амьжиргаагаа залгуулахад хэцүү болж байгаа энэ үед өрхийн амьжиргаанд эмний үнэ дарамт болж байгаа эсэхийг тодруулахыг оролдов. Нэг үгээр хэлбэл, томуу томуу төст өвчнөөр нэг хүн өвчилсөн тохиолдолд ар гэрт санхүүгийн ямар дарамт учирч байгааг хөндөхийг зорилоо. Мөн эмийн чанар, үнэтэйгээ нийцэж байгаа эсэхийг хөндөв.
ХАНИАДАНД ОЙРОЛЦООГООР 250 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ БАЙНА
Энэ жилийн хувьд улсын хэмжээнд томуугийн А хүрээний H3N2 хэв шинжийн амьсгалын замын реновирус, коронавирусийн тархалт давамгайлж байна хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн бол ХӨСҮТ-өөс иргэд томуугаас гадна Ковид ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд амьсгалын замын синцитиал вирусээр халдварлах нь элбэг байгаа талаар мэдээллээ. Тэгвэл иргэд нэг болон хоёр гурван вирусийн хавсарсан ханиаданд хэдэн төгрөгөөр эм авч байгаа болох мөн эмийн үнэ нь гэр бүлийн санхүүд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэд ийнхүү ярьсан юм.
Ээжүүдийн төлөөлөл О.Өлзийбаяр “Манайх ам бүл тав. Нэг хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Бага насны хүүхэдтэй. Өнгөрсөн арван нэгдүгээр сард хүүхэд ханиад хүрч бараг 250 мянган төгрөгийг эм, эмнэлгийн төлбөрт зарцуулсан. Өрхийн эмнэлэгт үзүүлээд үр дүн муу санагдсан учир хувийн эмнэлэгт үзүүлсэн. Нэг удаагийн эмчийн үзлэг дунджаар 50 мянган төгрөг болдог. Эм худалдан авахад багадаа л 160 мянга болсон. Манай гэр бүлийн хувьд хүүхдийнхээ эм тариаг авахад санхүүд хүндрэл учраагүй” гэв.
Аавуудын төлөөлөл С.Нямцэрэн "Хоёр бага насны хүүхэдтэй. Саяхан том охин ханиад хүрч эмнэлэг орж эмчийн жороор эм тариа авсан. Гэтэл одоо бага хүүхэд өвдчихлөө. Ахиад эм аваад явж байна. Яг том охиндоо хэдэн төгрөгөөр эм авсныг сайн санахгүй байна. Гэхдээ 300 орчим мянган төгрөг болсон байх. Бага хүүхдэдээ 50 мянган төгрөгөөр эм худалдан авлаа. Манай гэр бүлийн хувьд эхнэр ажил эрхэлдэггүй. Том охинд эм, тариа авахын тулд идэх хүнснээсээ бага зэрэг хассан одоо ахиад бага охиндоо эм авна гэхээр ахиад хүнснээсээ танаж магадгүй" гэв.
Хүн бүрийн санхүүгийн боломж нөхцөл өөр байдаг шиг зарим гэр бүлд эм, тарианы мөнгө нөлөөхгүй байгаа бол зарим өрх идэх хүнснийхээ мөнгөнөөс танаж байж эм тариа худалдан авч байгаа талаар ярьж байна. Тэгвэл эмийн сангуудаар иргэд ямар эм тариаг, хэдэн төгрөгт авч байгаа бол.
Эм зүйч Л.Бибиш "Эмчийн жороор антибиотикийг хүмүүс их авч байна. Мөн одоо гараад байгаа ханиад нь вирусийн гаралтай болохоор вирусийн төрлийн эмийг их авч байна.
Ер нь бол антибиотик, вирусийн төрлийн эмүүд нь өндөр үнэтэй болохоор хамгийн дээд тал нь 150 мянган төгрөгт эм худалдан авч байна. Багадаа бол ханиаданд 10 мянга орчим төгрөгт л эм авч байгаа юм. Түүнчлэн эмчийн бичсэн жороос гадна иргэд дархлаагаа дэмжих эм, бэлдмэлүүдийг авч хэрэглэдэг" хэмээлээ.
Эм зүйч Т.Отгонбилэг "Хий ханиалга эсвэл вирусийн эмийг хүмүүс их авч байна. Антибиотикоо Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлүүлээд авах их сонирхолтой. Хөнгөлүүлээд авсан тохиолдолд ойролцоогоор 20-30 мянган төгрөг л болдог. Тэгээд антибиотикоос гадна өөр эмүүд нэмж их авч байна. Ер нь бол иргэд ханиадандаа зориулаад 20-80 мянган төгрөгийн хооронд нэг удаа эм худалдан авдаг. Авсан эмээрээ ханиадаа бүрэн дарж чадахгүй өөр газраас дахин эм авч хэрэглэх ч тохиолдол бий. Тэгэхээр миний хувьд иргэд 50-140 мянган төгрөгийн хооронд ханиадаа эмчлүүлж байна гэж бодож байна" гэлээ.
Томуугийн тархалт нэмэгдэж иргэд энэ төрлийн эм худалдан авах нь ихэсжээ. Эм зүйчийн хэлснээр иргэд дээд тал 150 мянга төгрөг хүртэлх эм тариаг нэг удаа худалдан авч байгаа бол доод тал нь 10 мянга орчим төгрөгт эм худалдан авдаг аж. Тэгвэл эмийн чанар үнэ шигээ өндөр байгаа юу?
ЧАНАР НЬ "ОДСОН" Ч ҮНЭ НЬ ӨНДӨР
Манай улсын хувьд эм үнэтэй ч чанаргүй гэх асуудлыг үе үе хөндөх болсон. Тодруулбал, Өнгөрсөн хавар тендерийн хууль хэлэлцэх үеэр эмч нарын дунд явуулсан судалгаанд оролцогчдын 81.3 хувь нь “Эм, тарианы чанар хангалтгүй” гэсэн хариулт өгсөн байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд антибиотикийн үйлчилгээ сул болсныг онцолсон бөгөөд эмийн сангаар худалдаалагдаж буй эмүүд чанаргүй, үнэтэй дээр нь хадгалалт, тээвэрлэлтэд стандарт мөрддөггүй зөрчлүүд байгаа талаар албаныхан дурьдсан юм.
Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан ажлын хэсэг Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнэ, зохистой хэрэглээнд шалгалт, үнэлгээ хийсэн. Ажлын хэсэг 223 эмийн сан, 109 эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 19 эмийн үйлдвэр, 12 аймгийн нэгдсэн эмнэлэг, 5 бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг оролцуулан нийт 368 байгууллагад 414 нэр төрлийн эмд үнэ тогтоож буй байдал, үнийн өсөлтийг тодорхойлсон байна. Тэдгээрээс долоон нэрийн эмийг үнийн нэмэгдэлгүй борлуулж байсан бол нийт эмийн 78.7 хувийг 30 хүртэл хувиар, 3.2 хувийг 2-4 дахин нэмэгдсэн үнээр худалдаалж буй нь тогтоогджээ. Харин үндэсний үйлдвэрийн эмийн 29 хувийг 40 хүртэлх хувиар, 25 хувийг 2-3 дахин нэмэгдсэн өртгөөр худалддаг нь тодорхой болжээ.
Хяналт шалгалтаар эм, эмнэлгийн хэрэгслийг зориулалтын дагуу хадгалаагүй, тээвэрлэлтийн нөхцөлийг шалгаж авдаггүй, эм, эмнэлгийн хэрэгслийг түгээхдээ нөхцөлийг хянаж баримтжуулаагүй, чанар, аюулгүй байдлын тайланг гаргадаггүй, стандартад заасан хүний нөөц дутагдалтай гэсэн нийтлэг зөрчил илэрсэн. Шалгалтад хамрагдсан эмийн сангуудын 46.8 хувь нь жороор олгох эмийг жоргүйгээр болон алдаатай жороор олгосон зэрэг зөрчилтэй байсан гэв. Түүнчлэн хүчинтэй хугацаа дууссан, хаяг шошгын зөрчилтэй, Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй нийт 61 нэрийн эм, эмнэлгийн хэрэгслийг илэрснийг устгуулжээ.
Эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад стандартын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн юм. Түүнчлэн дээр гарсан бүх зөрчил нэг удаагийн шалгалтаар л илэрсэн юм. Иймээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалахын тулд эмийн нийлүүлэлт, үйлдвэрлэл худалдаанд өндөр стандарт тавих хэрэгтэй байна.