Зудын нөхцөл байдал хүнд болж байна. Ердөө 10 хоног өнгөрөхөд л зудын байдалтай сумын тоо 10 хувиар нэмэгдэв. Нарийвчилбал, өнөөдрийн байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудын, 11 аймгийн 48 сум цагаанаар зудархуу нөхцөл байдалд байгаа юм.
Ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр, зудын нөхцөл байдалтай болсон хойно л өвлийг хэрхэн өнтэй давах талаар ярилцаж, хэлэлцдэг боллоо. Үүний тод жишээ бол Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан баг орон нутагт ажиллаж байгаагаас харж болох юм. Тэд саяхан Архангай аймагт ажилласан бол өвөлжилтийн эрсдэлтэй сум, багуудаар тойрох аж.
Угтаа өвлийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, өвс, тэжээлийг ченжийн гар дамжуулахгүйгээр малчдад хэрхэн олгох тухай бодлого боловсруулсан бол өдийд малчид 20 гаруй мянган төгрөгөөр өнжмөл өвс худалдан авч суухгүй л байсан.
ӨВСГҮЙ, ШАТАХУУНГҮЙ МАЛЧИД
Хөөрхий хэдэн малчид “Хаданд хавчуулагдсан халиуны зулзага” боллоо. Ингэж хэлсний учир нь орон нутагт шатахуунгүй, өндөр үнэтэй өвс худалдан авч чадахгүй малчид олширч байгаатай холбоотой юм. Энэ талаар Сайншанд сумын малчин Д.Банзрагч хэлсэн байна. Тэрээр “Цасан шуурганы улмаас ихэнх айлын адуу, үхэр уруудсан. Гэвч Дорноговь аймгийн хэмжээнд дизель түлш, бензин олгохгүй байна. Шунхлай шатахуун түгээх станц АИ-92 бензинийг 50 мянган төгрөгт олгож байна. Бусад нь өөрийн харилцагч байгууллага болон хөнгөлөлтийн карттай хүндээ л шатахуун олгож байна. Өвөлжилт хэцүү энэ үед малчид бидний хөлд дүүжлэх унаа бол машин, мотоцикл байдаг. Гэвч явганаас ялгаагүй байдалтай байна. Малынхаа хойноос явдаггүй малчин гэж хаана ч байхгүй. Өдөр бүр төв орж бензин авч малдаа явж байна. Эрэлд явж байгаа шатахуунгүй суусан хүмүүс манай ойр хавиар дүүрэн байна. Шагийн түлш ч олдохгүй байна” гэсэн юм.
Ийнхүү малчид явгарч малынхаа араас хөөцөлдөхгүй боломжгүй болж байгаа бол энэхүү үүсээд буй нөхцөл байдлыг Засгийн газар үүсгэсэн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал хэлсэн юм. Тэрээр “Өвлийн бэлтгэл ажлаа яаралтай цэгцлэх шаардлагатай байна. Зарим малчид өвөлжөөндөө буух шатахуунгүй байна. Хүний амь эрсдэх нөхцөл байдал бий. Хэрэв хүний амь нас эрсэдвэл Засгийн газраас нэхнэ шүү. Шатахуунаа эцсийн хэрэглэгч, малчдад хүргэж өг. Өвсний тээвэрлэлтийн асуудал дээр шатахуунгүйгээс болоод өвөлжөөн дээрээ өвс тэжээлээ буулгаж чадахгүй байна. Ийм нөхцөл байдлыг Монгол Улсын Засгийн газар бий болгочихлоо” гэсэн юм.
Тэгвэл бид ийнхүү өвөлжилт болсон хойно нь өвлийн бэлтгэл байдал ярьж суух хооронд яг адилхан мал аж ахуй эрхэлдэг Өвөрмонголд нөхцөл байдал ямар байгаа нь сонирхол татна.
ӨВӨРМОНГОЛД ӨӨР БАЙНА
Энд малчид шатахуунгүй, өндөр үнэтэй өвс худалдан авч чадахгүй байхад Өвөрмонгол малчид өөрөөр амьдарч байна. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооныхны санаачилгаар Монголын хэсэг малчин айл, Өвөрмонгол малчдын ахуй амьдралтай танилцжээ.
ӨМӨЗО-ы Зүүн Сөнөд хошууны малчин Т.Өлзийбаяр л гэхэд мал аж ахуй эрхлэхийн зэрэгцээ газар тариалан эрхэлж, “Хамт хоршоо”-г ахлан Зүүн Сөнөд хошууны 250 гаруй малчин өрхөөс нийлүүлдэг сүү, мах зэргийг зах зээлд борлуулдаг аж. “Wechat” ашиглан хэрэглэгчдээс сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүний захиалгыг авч, малчдаас түүхий эд хүлээн авах, бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргах зэрэг бүхий л ажлыг хийхдээ уг сүлжээг ашигладаг аж. Хоршооны гишүүд тус бүрд “Гишүүний карт” олгогддог бөгөөд уг картанд тэднээс авсан түүхий эдийг зах зээлд борлуулсны дараа шилжүүлдэг гэнэ.
Өвөрмонгол малчин айлд зочилсон Монголын малчид “Өвөл боллоо гэхэд малчин хүнд санаа зовох юм алга. Арваннэгдүгээр сар гэхэд шууд хашаандаа оруулж, тэжээлээр бордож, хавар цас хайлсан хойно бэлчээрт гаргадаг юм байна. Манай Монголд бол өвөл зуд болоход сандардаг шүү дээ”, “Монгол малчдаас ялгаатай нь газар тариаланг хослуулдаг юм байна. Техник тоног төхөөрөмж услалтын систем нь бүрэн автоматжсан байна. Хүний хүч хөдөлмөр орох шаардлага алга”, “Махыг хэрэглэгчдийн хэрэглээнд тааруулан хайрцаглаж, нэг талаараа хэрэглээний соёлыг нэвтрүүлж, түүхий эдийг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож байгаа нь маш их таалагдлаа”, “Монголчууд бид малынхаа баасыг гал түлэхэд л голдуу ашигладаг. Гэтэл энд байгальд ээлтэйгээр мод ургамал тарихад бордоо болгон ашиглаж байна. Шээсийг нь савлаад хөрс бордож байна. Гэвч манайд тэрийг хэрэглэдэг, ашигладаг туршлага байхгүй шүү дээ”, “Бид тал нутагт өөрийнхөөрөө амьдраад сурчихсан, эрх чөлөөтэй явдаг. Харин энд цаг хугацаатай уралдаж байна. Хоршоонд нь малчин хүнд хэрэгтэй бүхэн байна. Сүүг нь машинтай очиж аваад үйлдвэртээ боловсруулж, цагаан идээ болгоод худалдаад явуулчихдаг нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгоод малчдадаа ашиг өгч байна” хэмээсэн байлаа.