Цахилгаан хязгаарлах шаардлага үүссэн талаар өчигдөр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Учир нь ОХУ-аас манай улсад нийлүүлж буй 345мВт цахилгааны хүчин чадлыг 150 мВт болгох тухай хэлсэн юм. Энэ асуудалтай холбогдуулан цахилгаан хязгаарлалт хийж, энэ өвөл тоггүй болох вий гэх айдас олон нийтийн дунд үүсээд байна. Тэгвэл бид салбарын мэргэжилтэн, судлаач, Эрчим хүчний төлөө монголын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Д.Пүрэвбаяраас асуудлын талаар тодрууллаа. Тэрээр үүсээд буй асуудлыг эрчим хүчний хэрэглээний үнийг дарсантай холбоотой гэж тайлбарлаж байна.
Энэ талаар ярихдаа, “Одоо бүр онигоо болж байна. Хянах ёстой Эрчим хүчний зохицуулах хороо нь тогоо тохируулаад өгөөч гэх жижигхэн зүйл яриад, өрхийн хэрэглээ, тэр дундаа цэнэглэгчний залгуур яриад сууж байдаг. Энэ бол урхагшсан, угийн байх ёсгүй асуудал. Бид үүнийг анхаарч, ач холбогдол өгөхгүй байсаар байгаад ийм байдалд хүрч байгаа юм.
Бид ОХУ-аас 220 кВ-ын цахилгаан хүчин чадлыг хоёр хэлхээ шугамаар авдаг. Үүний тулсан чадал нь 340 мВт юм. Үүнээс илүүг дамжуулж чадахгүй. Манайх 150-250 мВт хүчин чадлыг өдий хүртэл авч ирсэн. Уржнан сайд асан Тавинбэх ОХУ-тай тохироод 100 мВт нэмж аваад 340 гарсан юм. Одоо үүсээд буй нөхцөл байдал бол ОХУ-ын асуудал биш манай асуудал. Яагаад гэхээр, бид өөрсдөө цахилгааны өсөлтийг хангаж чадахгүй, импортоор хааж байна шүү дээ. Мэдээж олон нийт айдастай байгаа. Энэ айдас юунаас үүссэнийг ярих ёстой гэж бодож байна. Том гүрний сонирхол бий. Үүнийг бид яриад дийлэхгүй. Бид өөрсдөө дотооддоо хэрэгтэй, хэрэггүй асуудлыг сошиалаар их ярьж байна. Метротой болъё гэж ярьж байна. Хуримтлуурын станцтай болчихлоо. Энэ бол мундаг зүйл гээд хэрэгтэй, хэрэггүй юм ярьж, шуугиан тараагаад байгаа юм.
Асуудлын гаргалгаа шийдэгдсэн шүү дээ. Бид эрчим хүчний нэгдсэн систем барих ёстой. Алсын хараа 2050 дээр “Монгол Улс эрчим хүчний нэгдсэн систем байгуулаад, ирээдүйд экспортлох чадавхийг бүрдүүлнэ” гэж бий. Үүнийг хийхдээ, төрд хийх зүйл байна. Хувийн хэвшилд ч хийх зүйл байна. Зах зээлийн хийх зүйл ч байна. Өөр өөрсдийнхөө хийх зүйлийг л хиймээр байгаа юм. Улс бол ложистикийн систем шийдэж, шугаман сүлжээнүүдийг барьж өгөх хэрэгтэй. Улаанбаатар, Улиастай хооронд 500 мВт-ын 1000км шугамаа барьж өгөх ёстой.
Сая ерөнхийлөгч зарлиг гаргалаа. Хар хорин хот байгуулъя гэж байна. Тийшээ шугам барих ёстой юм. Тийм байхад улс станц барих гэж дайраад байдаг. Станцыг хувийн хэвшил барих ёстой. Шугамаа барьж байж өргөрөгийн чадлаар оргил ачааллын цагийг хуваарилна. Ард түмнээс тогоо таслаад өгөөч гэж гуйх биш. Ард түмэн тавтай, тухтай амьдрах ёстой. Үүний төлөө төр засаг байдаг. Өөрөөс хамаарах зүйлээ хийгээд ард түмнээс битгий гуйгаач.
Олон нийтээс цэнэглэгчээ битгий залгаач, гэрлээ унтраагаач гэж гуйж байгаа нь 21 дүгээр зуунд үнэхээр ичих цаашаа зүйл асуудал.
Үүнийг шийдэхийн тулд,
- Эрчим хүчний салбарыг либералчлах
- Хэрэглээний үнэ нэмэх хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл бид асуудлаас гарах хэд хэдэн арга байхын хамгийн мууг нь хэрэглэж байгаа юм. Захиргааны аргаар хэрэггүй тогнуудыг нь тасалж болно. Эдийн засгийн аргаар үнээ нэмээд зохицуулж болно. Зах зээлийн холбоосоор цахилгаан авч болно. Эцсийн эцэст эрчим хүчний хэрэглээний оргил ачааллын 30 хувийг л айл өрхүүд эзэлж байгаа. Энэ оролцооноос татахаар шалихгүй л юм гарна шүү дээ.
Хувийн хэвшлүүд 2011 онд станц барья гээд намайг Эрдэс баялаг эрчим хүчний яаманд ажиллаж байхад санал гаргаад, бид 6-7 зөвшөөрөл өгсөн. Нэг нь одоо чадлаа буулгаад дахин барьж байна. Энд ерөөсөө л төр засгийн бодлого үйл ажиллагаа саад болж байсан. Өөрсдөө станц барина гээд. Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг бизнесийнхэн хийх ёстой юм. Гэтэл зохицуулах хороо нь хийгээд сууж байна. Бид хуулинд энэ асуудлыг оруулах гэсэн боловч шинэ зүйл байгуулахгүй гээд хүлээж аваагүй. Одоо бүр дүрдээ орчихсон. Тогоо тохируул гээд сууж байна. Тогоо тохируулах биш, тоогоо тохируулж сайжруулаач. Эдийн засаг, эрчим хүчний өсөлт шууд хамааралтай байдаг юм. Өнөөдөр эдийн засаг 3-4 хувь өсөж байгаа бол эрчим хүчний хэрэглээ тэр хэмжээгээр өсөх хэрэгтэй. 2011 онд эрчим хүчний хэрэглээ 17 хувь өсөж байхад бид, 6 байна гээд, 10-ыг нь доош дарсан. Тэр нь одоо булталзаж гарч ирэх гээд байгаа юм. Хэмнэлтийн асуудал шийднэ гэж байгаа бол тийм юм байхгүй” гэлээ.