Монголын үүрэн холбооны отгон оператор ONDO компанийнүүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Анартай харилцаа холбоо, технологийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.
-ONDO компанийн сүлжээг бусад үүрэн холбооны оператор компаниуд холбохгүй байгаа талаар асуудлууд үүссэн. Энэ асуудал юу болж байна?
-Энэ маргаантай асуудал хоёр жил гаруй хугацаанд өрнөлөө. Манай компанид 260 мянган хэрэглэгч, 400 мянган бүртгэлтэй хэрэглэгч байна. Үүрэн холбооны оператор компаниуд салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлага дээр хамтдаа явах ёстой юм байна гээд бусад компаниудтай харилцан ойлголцолд хүрсэн. Одоо бүх холболтын ажлууд яваад эхэлсэн. Удахгүй 10-14 хоногийн дараа бусад операторуудтай сүлжээгээр холбогдоод эхэлчих байх. Үүний цаана хамгийн гол нь хэрэглэгчдийн эрх ашиг хангагдаж байгаа нь чухал юм.
“Бид харилцаа холбооны салбарт технологи, дэд бүтцээ өөрсдөө хийж, гадагшаа урсдаг мөнгийг багасгаж байна”
-Та бүхнийг үүрэн телефоны оператор компани л гэж хараад байгаа болохоос биш технологийн олон компани байх шиг байна. Хэрэглэгчдэд ямар давуу талыг бий болгож байгаа вэ?
-ONDO компани юугаараа ондоо вэ гэж их асуудаг. Бизнес загвараас эхлээд хэд хэдэн ялгарал бий бидэнд. Манай улс үндэстнээрээ хэрэглэгч улс. Машин механизм, үүрэн холбооны тоног төхөөрөмж гээд бүх зүйлээ л гаднаас импортоор худалдаж авдаг. Байгалийн баялгаа экспортоор гаргачхаад орлогоороо хүнс, барилгын үйлдвэрлэлээсээ бусдыг нь худалдаж авдаг. Бидний хамгийн том зорилго бол харилцаа холбооны салбарт өөрсдөө технологи, дэд бүтцээ бүтээж, гадагшаа урсдаг мөнгийг багасгах.
Мөн бидний шинэ гаргаж байгаа бас нэг том ялгарал бол олон улсад тренд болоод байгаа "stakeholder economy" юм.Аливаа бизнесийн үнэ цэнийг бүтээхэд хэрэглэгч, худалдан авагч, бизнес бүтээгч, үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч гэх мэт оролцогч талууд бий.Капиталист эдийн засгийн тогтолцоо дэлхий даяар 300 гаруй жил болж байна. Капиталист системээр хөрөнгө оруулагч, бизнесийн эзэн нь л ашиг, өгөөжийг хүртэж, томордог. Энэ нь улс орнуудын хувьд нэлээд томоохон асуудал болж Даосын эдийн засгийн уулзалт дээр хурцаар яригдаж, дэлхийн эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл бизнес томрохын хэрээр эзэд нь л баяжиж, нөгөө талд баян ядуугийн ялгаа ихсэж байна. Үүнээс үүдээд тэгш бус байдал газар авч байна. Тоглоомын дүрэм өөрчлөгдөөд байна. Тэгэхээр үүнийг өөрчлөх ёстой болж байна гэсэн үг. Үүнийг “stakeholder economy” буюу монголоор хамтын хүчит эдийн засаг гэж нэрлээд байгааүзэл баримтлалаар өөрчлөх юм. Тухайн бизнесийг бүтээж буй бүх талууд хожих ёстой зарчим.
-ONDO компани өөрийн эзэмшлийн хувьцаагаа эзэмшигчдэдээ өглөө, шилжүүллээ гэсэн мэдээ цацагдаад байсан. Тэгэхээр энэ зүгээр ч нэг маркетинг биш гэж та тайлбарлаж байна тийм үү?
-Манай бүх л компанийн хийж эзэмшиж байгаа, үнэ цэнийг бүтээгч хүмүүс нь хөрөнгө оруулагч, эзэдтэйгээ яг адил энэ компанийнхаа эзэн болдог. Үүнийг бид нэвтрүүлээд таван жил болж байна. Бидний үүсгэн байгуулсан компанид 40 гаран залуучууд хувьцааг нь эзэмшиж байна. Энэ бол Монголд шинэ үзэгдэл. Цаашлаад бид ONDO компани дээрээ үүнийг нэвтрүүлж энэ бизнесийн үнэ цэнийг бүтээхэд оролцож байгаа хэрэглэгч нартаа энэ үнэ цэнээс хүртэх боломж олгож байгаа гэсэн үг. Хэрэглэгч маань энэ баялгийг бүтээхэд оролцож байгаа учраас үр өгөөжийг нь хүртэх ёстой гэсэн ойлголтыг нэвтрүүлж байна. Баруунд бол энэ аль хэдийнэ нэвтрээд маш олон бизнесүүд ийм загвар луу шилжээд эхэлсэн.Ялангуяа технологийн компаниуд ихэнх нь энэ бизнес моделоор явж байгаа.
-Тэгэхээр ONDO-гийн дугаарыг барьж байгаа хэрэглэгч энэ компанийнхаа хувьцаа эзэмшигч болно гэсэн үг үү?
-Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч. Та жишээлбэл ямар нэгэн оператор компанид төлбөр төлөөд эргээд тэр компаниасаа өгөөж авч үзсэн үү? Үйлчилгээгээ л авч байгаа тийм ээ? Тэгэхээр манайх бол үйлчилгээгээ авчхаад, буцаагаад тэр компаниасаа өсөлтийн өгөөжийг нь хүртэх боломж олгож байна гэсэн үг.
“Одоогоор бид 15 улсад 55 гэрээгээр технологи нийлүүлж байна”
-Зөвхөн оператор компани биш гэдгийг та тайлбарлаад хэлээд өгөөч.
-ONDO бол технологийн бүлэг компани гэсэн үг. Харилцаа холбооны салбарын арын программ хангамж, технологио бид өөрсдөө хийж байна. Түүн дээр цугласан дата мэдээлэл дээрээ суурилсан аналитик системүүдийгбүтээж байна.Одоогоор хараахан хүрээгүй байгаа ч бид хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байгаа.. 5G сүлжээ яагаад онцгой вэ гэхээр хэрэглэгчдэд бол зүгээр өндөр хурдны интернэт. Гэхдээ энэ нь дэлхийн анхны машин хоорондын харилцааг зохицуулдаг систем болох юм. Өөрөө явдаг машин, уул уурхай, экскаватор, робот, дрон зэргийн хоорондын хэл систем гэсэн үг юм. Тэгэхээр өнөөдрийг хүртэл 2G, 3G, 4G харилцаа холбооны шийдлүүд нь дата, мсж, яриа зэргээр хүн хоорондын харилцааг зохицуулдаг байсан. Машин хоорондын харилцааг яг бүрэн утгаар нь хэдэн сая, тэрбум төхөөрөмжүүдийн хоорондын шийдвэр гаргалтыг нэгэн зэрэг зохицуулдаг систем бол 5G. Үүнийг бид программаараа л шийднэ. Тооцооллын хэсэг, мэдээлэл цуглах хэсэг, дэд бүтэц, хиймэл оюун ухаан гэсэн хэд хэдэн хэсгүүдээс бүрдэнэ. Тэгэхээр энэ хэсгүүдийнх нь тодорхой хэмжээний оролцоог хийдэг болохоор ONDO бол харилцаа холбооны компани гэхээсээ илүү технологийн компани. Онцлог нь бид хийсэн технологио Монголдоо туршаад, олон улсын зах зээлд гаргах боломжтой. Олон улсын зах зээл технологи гаргаж сурсан цорын ганц хамт олон манайх гэж итгэлтэйгээр хэлнэ.
-Технологи нийлүүлж байна гэдгийг тодорхой тайлбарлавал?
-Анд глобал компани жишээ ньЛэнд.мн-ийг хийснийг та бүхэн мэдэж байгаа. Түүний ард хэрэглэгчийн зан төлвийг тодорхойлдог хиймэл оюун ухааны алгоритм ажилладаг. Түүн шиг өнөөдөр манай Анд глобал Япон улсад 20 сая хэрэглэгчтэй түрээсийн байрны хэрэглэгчийг тодорхойлох, гадаадаас ирж ажиллаж байгаа ажилтнуудын зан төлөв, түрээсийн байрны уян хатан нөхцлийг тодорхойлоход манай хиймэл оюун ухааны алгоритм ажиллаж байна.
Мөн Японы компанитай хиймэл оюун ухаан ашиглаж үнээний сүүний гарцыг нэмэх төсөл дээр ажиллаж байна. Тоёота компанитай хамтарч хэрэглэгчийн зан төлвийг өөрчлөлтийг тодорхойлж байна. Хэрэглэгч ирээдүйд машин худалдаж авахаа больж,түрээсэлж амьдардаг болно.Түрээсэлж амьдрах зан төлөв нь хэрхэн өөрчлөгдөж байна, ямар хэрэглэгч ямар машин сонирхож байна, хэдий хэмжээний төлбөр төлөх нь эдийн засгийн үр ашигтай байх тооцоо судалгааг бид Тоёота компанитай хамтраад Вьетнамд хийж байна.Тайландад онлайн худалдаа дээр хэрэглэгчийн зан төлвийг, Камбожид хамгийн анхны нео банкны лицензийг манай технологиор Камбожийн SBI Ly Hour гэж банк авлаа. Филиппинд бид Японы Premium групп Марубени корпорацтай хамтраад санхүүгийн үйлчилгээ технологийг нийлүүлж байна гээд маш олон технологи экспортолж байна.Цаана нь дандаа дата суурьтай технологиудыг энэ өнгөрсөн найман жилийн хугацаанд нийлүүлж сурсан байна бид.
-Хэрэглэгчийн зан төлвийг судлах гэсэн Монголднийтлэг хэрэглээгүй байгаа үйлчилгээг гадаадад нэвтрүүлээд байгаа юм байна? Монголд яагаад энэ технологийг хэрэглэхгүй байна вэ? Зах зээл нь бэлэн биш байна уу?
-Улс болгоны соёл, хууль, дүрэм журам, хэрэглээ өөр учраас түүнээс их шалтгаалдаг. Бид алгоритмаа түүнд нь тааруулж бүтээдэг. Тэгэхээр ONDO компанийн хувьд ч мөнтехнологийнхоо үндсэн суурийг зангидчих юм бол дараа нь тухайн улсдаа зориулаад өөр өөр зан төлөвтэй технологиудыг өөрчлөөд гаргах боломжтой гэсэн үг.
-Бид ийм дэд бүтэц хийчихсэн, туршлагатай болчихсон байна. Та бүхэн үүн дээр түшиглэж бизнесээ дараагийн түвшинд шилжүүлэх боломжтой гэж бизнесийнхэнд илүү тодорхой хэлбэл?
-Одоо харилцаа холбооны дэд бүтэц дээр суурилсан бизнесийг үүрэн холбооны оператор компаниуд өөрсдөө хийдэг. Интернэт дээр суурилсан, байгууллагын холболтын үйлчилгээ, автоматжуулалтын үйлчилгээ гэх мэт. Гэтэл 5G сүлжээ орж ирснээрээ энэ нь өөрөө ганц хүнд зориулсан үйлчилгээ биш. Аж үйлдвэрийн салбар, дэд бүтцийн салбар, ухаалаг хот гээд маш өргөн салбарт орж ирж байгаа учраас хэдэн мянган төрлийн үйлчилгээ хүснэ. Энэ болгоныг оператор компани хийж чадахгүй. Тэгэхээроролцогч талын оролцоо олон болох ёстой. Харуул хамгаалалтын компани, эрчим хүч түгээх компани, ус сувгийн газар, зогсоол, камер, өөрөө явдаг машин, эмнэлэг зэрэг салбарууд хүссэн хүсээгүй 5G технологи дээр суурилж бизнесээ хийх болно. Тэр тохиолдолд тэр оролцогч талууд нь манай энэ салбарт ороод өөрсдийн бизнесээ бий болгоход бэлэн болгох хатуу болон зөөлөн дэд бүтцийг байгуулж байгаа гэсэн үг. 2030 он гэхэд дэлхийн тэргүүлэгч үүрэн холбооны технологийн компаниуд бол нийт орлогынх нь 20 хувь л дата, 80 хувь нь МС интернэт болно л гэсэн үг. Яагаад дата ингээд буучхав гэхээр өртөг нь хямдраад бараг үнэгүй болчхож байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний бүтээгдэхүүн орлогын загвар өөрчлөгдөөд явж байгаа. Бид түүнийг арай түрүүлж хараад зах зээл дээр нэвтрүүлж байна.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа.