Хүйтний эрч чангарч том, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Иймээс эмнэлгүүдэд ор хүрэлцэхгүй байх, хүний нөөцийн дутагдалтайгаас болж ажилчид ачаалалтай ажиллах зэрэг нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ талаар албаны хүмүүсийн байр суурийг хүргэе.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч Ш.Энхтөр "Сүүлийн хоёр долоо хоногт Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж байна. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан бөгөөд тушаалын дагуу хүүхдийн өвчний зонхилох тусламжийг үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагуудад очиж ажиллах, мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, нөхцөл байдалтай танилцах даалгавраар олон баг томилогдон ажиллаж байгаа юм.
Бид Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд ажиллаж байна. Энэ эмнэлэг нь хүүхдийн 330 ортой боловч өнөөдрийн байдлаар 440 өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Ерөнхийдөө 11 хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тасаг нэгжтэй эрүүл мэндийн байгууллага юм. Тасаг нэгж бүр томуугийн хүндрэлийг хүлээн авч эмчлэх нэмэлт ор дэлгэн ажиллаж байна. Хэдийгээр улсын хэмжээнд хүний нөөцийн хомсдолд ороод байгаа боловч уг эмнэлэг нь боломж нөхцөлөөрөө зохицуулалт хийж ажиллаж байгаа юм.
Бага насны хүүхэд дунджаар жилдээ гурваас таван удаа амьсгалын цочмог халдвараар өвчилдөг гэсэн судалгаа бий. Гэтэл хүүхдүүд маань өмнө нь ханиад томуу хүрээгүй явж байгаад нэлээн хоруу чанар нь нэмэгдсэн вирусүүдтэй таарч улмаар амьсгалын замын бөглөршилт өвчний хүндрэл их гарч байна. Өөрөөр хэлбэл, амьсгалын замын бөглөршилт өвчин нь уушгины хатгалгаанаас зарим талаараа илүү аюултай. Маш богино хугацаанд амьсгал дамжуулах замд бөглөршилт, цэр, салст үүсэж хуримтлагддаг учраас амьсгалын дутагдалд орж амь нас нь эндэх эрсдэлтэй байдаг. Нөгөө талаар амьсгал дамжуулах зам нь үрэвсчхэж байгаа учраас маш богино хугацаанд уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэлтэй. Тэгэхээр ийм хоёр үндсэн хүндрэлүүд тохиолдож байна" гэв.
ЭНЭҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал У.Цэвэгмид "Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв нь хүүхдийн 330 ортой. Гэтэл өнөөдрийн байдлаар нэмэлтээр 110 ор дэлгэж томуу, томуу төст өвчлөлтэй холбоотой 440 хүүхдийг нэгэн зэрэг эмчилж байгаа юм. Хүний нөөцийн хувьд 42 хүүхдийн эмч ажиллаж байна. Амбулаторид найман эмч ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн төрөлжсөн мэргэжлийн тасгуудад нийт 32 эмч ажиллаж байна.
Томуугийн улирлыг угтуулж бид томуугийн сургалтыг дотооддоо болон бусад хүүхдэд тусламж үзүүлдэг байгууллагын эмч нарт хийсэн. Түүнчлэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг найм, есөн сард хүүхдийн өвчлөл бага байх үеэр бэлдчихсэн. Ийнхүү үүсээд буй өвчлөлийг даван туулах бэлтгэл ажлаа эрт хангасан учраас бидэнд ямар нэгэн хүндрэл гарахгүй байна. Нийт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийг судлаад үзэхэд 149 хүүхэд буюу 40 гаруй хувь нь эмнэлэгт дахин хэвтэн эмчлүүлж байна. Эдгээр хүүхдүүд анх хэвтэн эмчлүүлэхдээ нэг төрлийн вирусээр өвдсөн байсан бол дараа нь ирэхдээ өмнөхөөсөө өөр төрлийн вирусээр өвдсөн нь нотлогдсон. Үүнийг ковидын нөхцөл байдалд ПСР шинжилгээ хийх чадамжтай лабораторитой болсны ачаар тус лабораторийг түшиглэж давтан хэвтэж байгаа хүүхдүүдэд вирусийн үүсгэгчийг тодорхойлох шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд дийлэнх хүүхдүүдэд хоёроос гурван төрлийн вирус гарч ирсэн юм. Вирус болгон амьсгалын замын нэг хэсгийг гэмтээдэг онцлогтой. Жишээлбэл, хамрын үрэвсэл үүсгэдэг вирус бол хамар залгиурыг гэмтээх, мөн зарим вирус нь амьсгалын дунд замыг гэмтээдэг. Ер нь томуу,саарс, ковидын вирус ч байх тохиолдол бий. Үүнээс ажиглахад амьсгалын зам нь гэмтэж, улмаар маш богино хугацаанд хүндэрч цаашлаад мэс заслын тусламж шаардахаар нөхцөл байдал эдгээр хүүхдийн дунд харагдаж байна. Тийм учраас эмч хүний хувьд энэ удаагийн томуугийн улирал илүү хүндрэлтэй, тэр тусам бага насны хүүхдүүд онцгой хүндэрч байгааг хэлмээр байна" гэлээ.