Монгол Улсад хуулийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, гүтгэх доромжлох заалтаар сэтгүүлчийг хорьсон үйл явдалд Олон улсын сэтгүүлчдийн холбоо байр сууриа илэрхийлж, шинжээч томилох асуудал яригдаж эхэлжээ. Энэ талаар МСНЭийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатартай ярилцлаа.
-Олон улсын сэтгүүлчдийн холбооны үйл ажиллагааг тодруулахаас өмнө МСНЭ-ийн зүгээс редакц хаагдсан, сэтгүүлч баривчлагдсан үйл явдал дээр хэрхэн ажиллав гэдгийг асуумаар байна?
-Хуулийн байгууллагаас энэ сарын 2-нд Зариг.мн сайтын редакцын үйл ажиллагааг хаасан. энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл гэж үзэж хамгийн түрүүнд мснэ- ийн удирдах зөвлөл буюу удирдлагын багаас холбогдох газруудад шаардлагуудаа хүргүүлсэн.
Баасан гаригийн орой гэнэт шийдвэр гараад эхэлсэн шүү дээ. Редакцын үйл ажиллагааг хааж болохгүй гэдэг бүх шаардлагаа өгсөн. Амралтын өдрүүдэд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд хандсан. Мөн шаардлагаа өгсөн. Прокурор цагдаа гээд бүгдэд хандсан. Хүрч болох бүхий л субъектэд хандсан гэсэн үг.
МСНЭ бол гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага. Тиймээс гишүүн редакц, сэтгүүлчийнхээ мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалж байгаагийн хувьд мэдэгдэл, шаардлагуудаа гаргаад явлаа. Ням гаригт нь Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Харилцаа холбооны зохицуулах хорооныхонтой уулзаж, шийдлээ ярилцсан. Даваа гаригийн өглөө УИХ дахь хоёр намын бүлэгт мэдээлэл өгсөн.
-Харилцаа холбооны тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов уу?
-Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Эцсийн үр дүнд Харилцаа холбооны тухай хуулийн нэг зүйл заалт дээр нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцож ажлын хэсэгт нь ороод ажиллаад явж байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийн төслийг дэмжүүлсэн гэдгийг салбарын сайд мэдэгдсэн. Харилцаа холбооны тухай хуулийг дагаж гарах журам байдаг. Тэр журамдаа мөн өөрчлөлт оруулахаар МСНЭ-ээс гурван хүний бүрэлдэхүүнтэй баг томилж өгөөч гэж хүссэн. Үүний дагуу Монголын сайтын холбооны тэргүүн, Нийслэлийн сэтгүүлчдийн холбооны тэргүүн, миний бие ажлын хэсэгт нь орж ажиллаж эхлээд байна. Ийм байдлаар хууль эрх зүйн асуудал руугаа гарц гаргалгаагаа шийдэхэд өнгөрсөн долоо хоногт анхаарч ажиллалаа.
Хамгийн гол нь Зариг.мн сайт хаагдлаа. Түүнээс болж хуульд өөрчлөлт оруулж байгаа гол шалтгаан бол сонгууль дөхөж байгаа энэ үед дахиад цаашид ямар ч редакцыг хэзээ ч хаачих эрсдэлтэй. Цагдаа, прокуророос бичиг өгөөд л түүнийг Харилцаа холбооны зохицуулах хороо шууд хаадаг эрх мэдэлтэй байгууллага байгаад байна. Тиймээс хуульд өөрчлөлт оруулж, цахим сүлжээнд хүн үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, нийтлэн бичих эрхийг хязгаарлахыг хориглоно гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Ингэснээр Харилцаа холбооны зохицуулах хорооны энэ хуулийн заалтаа бариад прокуророос бичиг ирэхээр хариу бичих боломжтой болгосон өөрчлөлт юм. Эс тэгвэл Харилцаа холбооны зохицуулах хороон дээр нэг хуулийн байгууллагаас бичиг ирээд л үг үсэггүй шууд хаах заалттай хууль байсан. Тиймээс үүн дээр МСНЭ-ийн Удирдах зөвлөл гол анхаарлаа хандуулж бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан.
-Редакцын үйл ажиллагааг нээсэн ч сэтгүүлчийг баривчилсан. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд халдсан явдал гэж үзэж болох уу?
-Сэтгүүлчийг Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу гүтгэсэн гэдэг утгаар баривчилсан. Энэ бол ажил үүргээ гүйцэтгэж явсан гэдэг утгаараа манай зүгээс холбогдох байгууллагуудад мэдэгдэл, шаардлагаа өгөөд хэвлэлийнхнээ нэгдэхэд уриалаад бүхий л боломжоороо ажиллаж байна.
-Олон улсын сэтгүүлчдийн хороонд хандсан гэлээ. Ямар байр суурьтай байх юм бэ?
-Олон улсын сэтгүүлчдийн хороонд Монгол Улсаас гишүүнчлэлтэй ганц байгууллага нь МСНЭ. Тиймээс энэ байгууллагад хандсан. Тус байгууллагаас манайд хариу мэдээлэл ирж, нөхцөл байдлыг тодруулж, шинжээч томилох эсэх дээр ярилцаж байна. Өнгөрсөн баасан гаригт сэтгүүлчийг суллах дахин шүүх хурал болж магадгүй байна гэдэг мэдээлэл өгсөн учраас түүний дагуу харзнаж байгаа байх. Аль аль талдаа харзнаж байна. Уг нь өмгөөлөгчид нь хүсэлтээ өгөөд цагдан хорихгүйгээр шалгах боломжтой, цагдан хорьсон нь буруу байсан гээд гомдлоо дахин шүүхэд гаргасан. Өнгөрсөн баасан гаригт дахин шүүх хурал болсон ч прокурор нь шүүгчээсээ татгалзсан. Ингээд шүүх хурал хойшилчихлоо. Яах вэ, цаг авах гээд байгаа нөхцөл байдал байна уу гэж анзаарагдаж байгаа. Гэсэн хэдий ч бид бүх байр сууриа нэгтгэсэн. Олон улсын сэтгүүлчдийн холбоонд шаардлагатай мэдээллүүдээ өгчихсөн. Манай улсад редакцыг хаасан, дээр нь хоёр ч сэтгүүлчийг яллагдагчаар татаад нэгийг нь бүр цагдан хорьчихлоо гэх зэргээр бодит нөхцөл байдлыг тайлбарласан.
Тус байгууллагаас “Анхааралтай харж байна” гэдгээ ч хэлсэн. Үнэхээр нөхцөл байдал хүндэрвэл шинжээч томилоод явуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ингэж олон улсын анхааралд хүрээд шинжээч ирэхдээ тулбал манай улсын хувьд хэцүү. Бидний хувьд Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн хувь хүнийх нь хувьд байр суурь илэрхийлэхгүй байгаа. Хамгийн гол нь сэтгүүлчийг ажил үүргээ гүйцэтгэж явахад нь гүтгэсэн, доромжилсон гэдэг зүйл заалтыг үндэслэж хорьж байгаа учраас эсэргүүцэж байгаа.
Хүний эрхийн өдөр тохиож буйтай холбогдуулан ХЭҮК-т хандсан. Энэ байдлаар бүх талуудад хандаж байгаа. Мөн УИХ-ын даргад хандахаар бэлдэж байна. Хуулийн заалтаа өөрчилье, гүтгэх доромжлох зүйл заалтаар сэтгүүлчдийг шалгаад цагдан хориод байх уу. Ер нь УИХ-ын даргын хувьд хууль тогтоомжийг өөрчлөлт оруулахаар хамтарч ажиллаач гэдэг хүсэлтээ өгч байгаа.
-Олон улсын сэтгүүлчдийн холбооноос шинжээч ирэхдээ тулбал Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байгааг дэлхий нийт харах болох нь. Магадгүй одоо ч харж байгаа болов уу. Ер нь редакцыг хааж, сэтгүүлчийг баривчлах нь ардчиллын суурь зарчмаасаа ухарсан явдал мөн үү?
-Бид ингэж л харж байгаа. Хэвлэлийн эрх чөлөөний индексээр гурав дөрвөн жилийн өмнө манай улс 54-т жагсаж байсан бол одоо 90 гэх байдлаар жил ирэх тусам хойшлоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ индексэд нөлөөлнө. Олон улсын сэтгүүлчдийн холбоо бол НҮБ-д бүртгэлтэй. Нэг ёсондоо НҮБ-ын чихэнд хүрч байна гэсэн үг л дээ. Тус байгууллагаас бидэнд ч хандсан. Гишүүн байгууллагын хувьд Монголд юу болоод байна вэ, ийм мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна, тиймээс бодит мэдээллээ өгөөч гэсэн. Бидний хувьд Монголд юу болоод байгаа бүх мэдээллийг илгээснийг дээр хэллээ. Үүний дагуу МСНЭ, Олон улсын сэтгүүлчдийн холбооны хамтарсан мэдээлэл дэлхийн бүх улс оронд байдаг сувгаараа цацаж эхэлсэн. Ингэхээр дэлхий нийтийн бүх сэтгүүлчдэд Монголын тухай мэдээлэл хүрч байна гэсэн үг.
Ингээд харах юм бол цаашдаа ноцтой байдал үүсэж болзошгүй гэж харагдаж байгаа. Шинжээч томилоод хүрээд ирнэ, ирээд шалгаад нөхцөл байдлыг тодруулаад ирэхэд Монголд үнэхээр хэвлэлийн эрх чөлөө хумигдаж байна уу гэдэг асуудал хөндөгдөж эхэлнэ. Өмнө нь манай улсад Олон улсын парламентын холбооноос баг ирээд шалгаад явж байсан түүхтэй. Үүн шиг Олон улсын сэтгүүлчдийн холбооноос шинжээч ирээд ажиллаад буцахад олон улсын тайлан мэдээнд орохоос эхлээд улс орны хэмжээнд ноцтой асуудал үүсэхээр байгаа юм.
Эх сурвалж: Өдрийн сонин