Энэ сарын 26-нд Ability expo 2023 арга хэмжээ болж амжилттай өндөрлөлөө. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй нийгмийг бүтээхэд чиглэсэн энэхүү ара хэмжээг зохион байгуулагч Software инженер Г.Оргилболдтой бид ярилцсан юм. Тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал бол нийтийн асуудал болохыг хэлж, тэдгээр иргэдэд тулгамдаад буй асуудлыг шийдэх технологи хөгжүүлж буй талаараа онцоллоо.
-Сайн байна уу? Манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Гончигсүрэн овогтой Оргилболд гэдэг. Би Software инженер мэргэжилтэй. Одоо Hand pro гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хүртээмжийн технологижуулалт хийдэг гарааны компанийг үүсгэн байгуулаад, хөгжүүлээд явж байгаа. Би анх 2020 онд сонсголын бэрхшээлтэй иргэдийн асуудлыг бичил төсөл байдлаар судлаад явж байхдаа, асуудлыг олж харсан юм. Нийгэмд сонсголын бэрхшээлтэй иргэд, ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийлөн хүртээмжтэй оролцож чаддаггүй юм байна гэдгийг. Тэгэхээр бид тодорхой хэмжээний хүртээмжтэй байдлыг бий болгоход ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон. Бүх зүйлийг төрд датгаад байх биш шүү дээ. Төр хэзээ нэгэн цагт хийх байх. Гэхдээ тэр хугацаа нь хэзээ гэдгийг мэдэхгүй. Тэгэхээр залуучууд бид хамтраад яг энэ хүртээмжгүй байдлыг гаргаж, технологиор дамжуулж шийдэх боломжууд байна гэж харсан хэрэг.
-Ямар боломжууд?
-Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хэл нь монгол дохионы хэл байдаг. Үүнийг хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн 12.1-т хуульчилсан нь бий. Гэтэл яг тэр хүмүүст хүрч үйлчлэх дохионы хэлмэрчийн орон тоо монголд ердөө 20 орчим байгаа шүү дээ. Үүгээрээ эдгээр хүмүүсийн нийгмийн харилцаанд оролцох, мэдээлэл хүлээн авах боломжийг хязгаарлаад байдаг. Дохионы хэлмэрчийг хүртээмжтэй болгоно гэдэг бол маш их цаг хугацаа орно. Технологи буюу хиймэл оюун ухаанд суурилсан, дохионы хэл хөгжүүлээд, шийдье гэх судалгаа хөгжүүлэлтийн ажлыг бид хоёр жил хийж байна. Ингээд өөрсдийн гэсэн оюуны өмчийн эрхийг авч, олон улсад шинжлэх ухааны вебээр хэвлүүлсэн. Түүндээ шийдэл боловсруулж, таны ярьж байгаа яриаг дохионы хэл рүү хөврүүлчихдэг, буцаагаад дохионы хэлээр ярьж байгаа яриаг таны хэл рүү хөрвүүлэх системийнхээ суурийг бэлтгээд явж байна. Одоо хэрэглээнд нэвтрэхэд бэлэн болоод явж байгаа.
-Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө ажиллахаар болсон бэ?
-Би сурагч байх хугацаандаа нүднээсээ болж их гадуурхагддаг байсан. Гадуурхагдахаас айж хаашаа ч гармааргүй, юу ч хиймээргүй болж байсан үе олон бий. Гадуурхагдаж, бодол санаагаа идэрхийлэхгүй байх ямар байдгийг би мэднэ. Тиймээс айж хулчийгаад суух биш, эрхээ эдэлж чадахгүй байгаа олон мянган хүнийг төлөөлж алхам хийе гэж шийдсэн нь энэ. Хүн хүнийг байгаагаар нь хүлээж авах ёстой. Нийгэм үүнийг нь ойлгох ёстой. Ийм хандлагыг нийгэмд бий болгох ёстой. Тэгвэл үүнийг хийхийн тулд хэн нэгэн төлөөлөх ёстой шүү дээ.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг ярихаар тоодог хүн байхгүй болчхоод байгаа нь танд анзаарагдаж байна уу?
-Хүртээмж гэдэг нэг талаасаа зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал мэт боловч, та бид бүгдийн асуудал байдаг. Бид маргаашаа мэдэхгүйгээр амьдарч байгаа хүмүүс. Юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Дэд бүтцийн асуудал, харилцаа гээд бүх зүйл хүртээмжтэй болоход та бидний оролцоо маш чухал байдаг гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна.