Мөрөөдөл, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, бүхнийг сайхнаар төсөөлдөг насандаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охиныг эргэн тойрны томчууд нь буруутгаж, дуртайдаа хохирогч болсон мэтээр хандсан нь түүнд хүнд тусаж гурван ч удаа амиа хорлох оролдлого хийхэд хүргэжээ. Урлагийн салбарт ажиллах хүсэл мөрөөдөлтэй байсан охин ээжийнхээ шахалтаар гоо сайханч мэргэжлээр сурах болсон байна. Учир нь охины ээж залуудаа гоо сайханч болохыг хүсдэг байсан ч энэ хүслээ биелүүлж чадаагүй гээд мөрөөдлийг нь биелүүлэх “даалгавар”-ыг түүнд оноосон аж. Энэ явдлаас үүдэлтэй бяцхан охин өөрийн мөрөөдлөө орхиж, ээжийнхээ хүслийг биелүүлэх гэж явсаар бэлгийн хүчирхийллийн хохирогч болон хэзээ ч эдгэрэхгүй сэтгэлийн шархыг амсах болсон юм.
-Хүчирхийлэл хаана, ямар нөхцөлд болсон талаар ярьж өгөөч?
Тухайн үед би Увс аймагт байсан юм. Сургалтын төвийн багш нартай хамтраад хичээлийн шугамаар сургагч багш хийхээр явсан. Ингээд бидэнтэй хамт явсан нэг эрэгтэй намайг хүчирхийлсэн. Би жаахан бие муутай. Увсад очоод удаагүй ус солигдоод ч тэр үү гэдэс дүүрээд, бие муудаж эхэлсэн. Бусад багш нар ажлаа үргэлжлүүлэн хийж, бидэнтэй хамт явсан тэр эрэгтэй намайг өрөөнд хараад үлдсэн. Ингээд л тэр муухай үйл явдал болсон.
Өмнө нь телевизээр хүчирхийлүүлсэн гэх мэдээ сонсоод байж байхад, “Орилж чарлаж болдоггүй юм байх даа, чихийг нь хазаад өөрийгөө хамгаалж чаддаггүй юм байх даа” гээд их боддог байсан. Үнэхээр сэхүүн, омголон бодол байгаа биз. Яг цагаа тулахаар бүх зүйл маш өөр байсан. Би өөрөө таеквондогоор хичээллэдэг. Багаасаа их хэрсүү, эмэгтэй ч гэсэн зодолдож өссөн хүүхэд. Дэвжээн дээр гардаг байсан тийм хүн тухайн үед байхгүй болчихсон.
-Ийм тохиолдолд хохирогчийг буруутгадаг хандлагын талаар хоёулаа ярих гэж байгаа. Эргэн тойрны хүмүүс нь ямар байдлаар хүлээж авсан юм бэ?
-Би хамгийн түрүүнд удирдаж яваа хүн рүүгээ, “Энэ хүн намайг хүчирхийлчихлээ” гээд залгасан. Тэгэхэд тэр хүн хоёр цагийн дараа бичлэг хийж орж ирээд, “Та хоёр өөрсдөө тохиролц” гэсэн. Хамт явсан дөрвөн эмэгтэй намайг л буруутгаж байсан нь үнэхээр гомдмоор. Намайг өөрийгөө хамгаалж чадаагүй. Өөрөө дуртай байсан гэж үзсэн. “Чи яагаад тэнд очсон юм? Чи яагаад орилж чарлаагүй юм” гээд л. Хамт байсан хүмүүсээс гадна цагдаа нар их муухай санагдсан. Тэд үнэхээр мөс шиг байдаг. Хэрэгтэн, хохирогчдод яг адилхан ханддаг. Хохирогч хэрэгтний сэтгэл зүй өөр байгаа шүү дээ. Үүнийг бодож үздэггүй юм билээ.
-Сэтгэл санааны байдал нь тэр үйл явдлаас хойш ямар байсан бэ? Одоо дээрдэж чадсан уу?
-Яг хотод ирчхээд машины чимээнээс цочиж, татаж унадаг байсан. Тэр нэг өдөр гэртээ унах нь холгүй орсон. Ингээд ээж маань түргэн дуудсан юм. Тэгэхэд би буйдан дээр чийдэнгийн доор хэвтсэн байсан. Эмч чийдэнг асаахад би маш их цочиж таталт өгсөн. Тэр үед эмч, танай охиныг дахиж унахад, түргэний эмч биш СЭМҮТ-өөс ирж авахаар байна гэсэн. Ийм л байдалтай болчихсон байсан. Хоол идэж чадахгүй. Уур уцаартай. Унтаж чадахгүй өдрүүд одоог хүртэл бий.
-Сая хоёулаа ярьж байсан. Амиа хорлох тухай хэд хэдэн удаа бодож байсан гээд. Яагаад ийм зүйл бодоход хүрэв ээ? Хэд хэдэн удаа оролдлого хийсэн гэж ойлголоо.
-Яагаад амиа хорлох тухай бодсон бэ гэхээр, маш их гомдол байсан. Хэн ч намайг ойлгохгүй байгаа юм шиг. Тэгэхэд манай төрсөн ах, “Чи урд нь ийм байгаагүй шүү дээ ахын дүү. Яагаад ийм бочихсон юм бэ? Өөрийгөө асуудлаас гаргачих л даа” гэсэн. Би гарах гээд гарч чадахгүй байгаа. Өмнө нь өөрийгөө юу хүсэж байгаагаа, яаж байгаагаа мэддэг байсан бол, тэр явдлаас хойш би юугаа ч мэдэхээ больчихсон.
Тэр явдлаас хойш гурван удаа амиа хорлох оролдлого хийсэн. Увсад байхад нэг удаа. Ирээд судсаа ханаж нэг удаа үхэхийг оролдсон. Одоо миний гар дээр маш том хоёр шарх байгаа. Би нэг хэсэг нийтийн байранд амьдарсан юм. Байр маань арай баригдаж дуусаагүй барилга байсан л даа. Үүдний хэсэгт нь дөрвөн турба босчихсон харагддаг байлаа. Тэр турбанаас, бичлэг үзэж байгаад бүдүүн олс уясан. Зангидаад эрчилж байгаад би дүүжлэгдсэн. Яг тухайн үед дээрээсээ даруулж байгаа юм шиг мэдрэмж авч, уйлж орилсон. Тэгэхэд олс яг эрчлэгдсэнээрээ тасарчихсан юм. Ингээд л би үхэж чадаагүй. Амьдрах л ёстой юм байлгүй.
-Сэтгэлийн хань болох хүн бий юу?
-Манай нэг найз багадаа хойд аавдаа хүчирхийлүүлж байсан гээд надад ярьж байсан. Яриад эхлэхээр нь би уйлаад л өөрийн асуудлаа яриад хуваалцаж байгаа юм. Тэгээд бие биедээ зөвлөгөө өгч арай л тайвширсан. Адил зовлон туулсан болохоор ярилцаад жаахан дээрдсэн. Сэтгэл зүйчидтэй олон ч удаа уулзсан. Эмнэлэгт ч хэвтсэн. Нэг их үр дүн өгөөгүй.
-Хэрэг нь юу болсон бэ?
-Шүүх хуралд ялалт байгуулсан л даа. Тэр хүн нэг жил хоёр сарын ял авчихсан байгаа.
-Сэтгэл санааны хохирлыг барагдуулдаг боллоо гээд долоон сард олон мэдээ гарсан. Бодит хэрэг дээр барагдуулж чадаж байна уу?
-Нэлээн хөөцөлдөж байж авах байх. Хуульч маань бараг авч чадахгүйдээ гэж хэлсэн.
-Таны хувьд цаашдаа яая гэж бодож байна вэ?
-Одоогоор сайхан амьдаръя, өөрийнхөө хийхийг хүсэж байгаа зүйлээ олъё гэж бодож байгаа нь маш ховор байгаа. Өдөр тутамдаа л би үйлчлүүлэгчидтэйгээ муудалцдаг. Элдвээр хэлүүлдэг. Тэгэх болгондоо ажлынхаа өрөө рүү ороод л уйлдаг. “Би яах гэж амьдардаг юм бол” гээд л. Хүнийг гаднаас нь хараад сэтгэлийн шархтай хүн юм байна даа гээд мэдэхгүйгээс хойш хүн хүнтэйгээ яагаад эвтэйхэн ярьж болдоггүй юм. Яг тийм байдалд хүн маш хэцүү болдог. Хэрвээ охид эмэгтэйчүүдэд ийм асуудал тулгарсан бол хэнд ч хамаагүй хэл гэмээр байна. Би хэлж яриад л явдаг. Ингэхэд миний сэтгэл зүй ийм байдалтай байхад чимээгүй сууж, дотроо хадгалдаг хүмүүс яаж давдаг бол оо. Дотроо хадгалж буглаад явах юм бол сэтгэлийн шарх гэдэг зүйл чинь чамайг шар хадны эмнэлэгт аваачна уу гэхээс хэзээ ч жаргал руу аваачихгүй юм билээ.
-Хэн нэгэнд хандаж хэлмээр байгаа зүйл байна уу?
-Аав ээжүүд хүүхдээ сонсооч. Хүчлээд болдоггүй, дургүй зүйл гэж хүнд байдаг. Би одоо гоо сайханчийн мастерын зэрэгтэй. Гэхдээ гоо сайханчаар хийж байгаа нэг ч зүйл байхгүй. Дургүй. Анхнаасаа ч дургүй байсан. Одоо тэр хүнээс болоод бүр дургүй болчихсон. Би мастерын ангид ороогүй бол Увсад очихгүй байсан. Тийм болохоор өөрийн хүсэл мөрөөдлийг битгий хүүхдийнхтэйгээ хольж хутга. Битгий өөрийнхөө чадаагүй зүйлийг хүүхдээрээ төлүүлэх гэж оролд. Таны амьдрал таны замаар л үргэлжилнэ. Хүүхдийн чинь амьдрал дөнгөж эхэлж байгаа үргэлж санаарай.
-Ярилцсанд баярлалаа.