Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн "Жингийн илүүдэл" эцэг эхчүүдийн хувьд "толгойны өвчин" болсон гэхэд нэг их хилсдэхгүй.
Ялангуяа ковидын цаг үеэс хойш энэ нь хүүхдүүдийн хувьд эрүүл мэндийн сөрөг үр дагавартай асуудал болчихсон. Магадгүй энэ нь амьдралын буруу хэв маяг, хөдөлгөөний хомсдол, цахим хэрэглээ хүүхдүүдийн дунд хэт их байгаатай холбоотой биз ээ. Иймээс л төр засгаас нийтийн биеийн тамираар хичээллэх орчин нөхцлийг хангаж өгөх, энэ чиглэлээр олон нийт хүссэн цаг үедээ дасгал хөдөлгөөн хийх заал, талбай олноор нь нээлттэй бий болгоход анхаарах нь юу юунаас чухал болжээ.
Жилийн дөрвөн улиралтай манай оронд битүү заал танхим нь иргэдэд бүүр олдохгүй ховор болсон цаг үе. Биеийн тамирын заал өдрийн од шиг болж, төлбөрийн хувьд хүссэн бүхэнд дийлдэхээ байчихсан.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс 3-5 настай хүүхдийн хөгжлийн цогц судалгааг хийжээ.
Энэхүү судалгаагаар 3-5 насны хүүхдийн хөгжлийг цогц байдлаар буюу бие бялдар, нийгэмшил, танин мэдэхүйн хөгжлийн онцлог түүнд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулахыг зорьсон байна.
Судалгааны түүврийг таван бүсийн таван аймаг, 10 сумын сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа хүүхдийг нас, хүйсийн тэнцвэртэй байдлаар, санамсаргүй түүврээр сонгосон.
Тодруулбал Улаанбаатар, Хөвсгөл, Дорнод, Орхон, Завхан, Дорноговь аймгийн төв болон сумдын СӨБ-д хамрагдаж байгаа 3-5 насны нийт 933 хүүхэд, 933 эцэг эх, асран хамгаалагч, багш хамрагджээ. Хүүхдүүдийн 30.9 хувь нь нийслэлд амьдарч байгаа бол 42.6 хувь нь аймгийн төвд, 26.6 хувь нь суманд амьдарч буй хүүхдүүд байна.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 37.9 хувь нь орон сууцанд амьдардаг бол 52.2 хувь нь гэр хороололд цэвэр, бохир усны шугамд холбогдоогүй орчинд амьдарч байна. Нийслэлд амьдарч буй хүүхдүүдийн 39.2 хувь, орон нутагт амьдарч буй хүүхдүүдийн 53.1-68.9 хувь нь орон сууцанд амьдарч байгаа юм.
"Суманд амьдарч буй хүүхдүүдийн 1.2 хувь нь жингийн илүүдэлтэй"
Хүүхдийн бие бялдрын хөгжил нь хүүхэд нас, ялангуяа сургуулийн өмнөх насанд тасралтгүй эрчимтэй хөгждөг үйл явц юм.
Хүүхэд өөрийгөө хянах, бие даан аливаа зүйлийн үйлийг гүйцэтгэх, бусадтай харилцаж сурахад нөлөөлнө. Хүүхдийн бие бялдрыг хурд, хүч, уян хатан, тэсвэр, орон зайг баримжаалах чадвар, тэнцвэрийн чадваруудаас гадна биеийн ерөнхий хөгжлийн үзүүлэлтээр хэмждэг байна.
Хөвгүүдийн биеийн жин 3-4 насанд 1.4 кг, 4-5 насанд 2.6 кг-аар; охидын биеийн жин 3-4 насанд 1.5 кг, 4-5 насанд 1.9 кг-аар нэмэгдсэн.
Биеийн жингийн хувьд охидынх 15-19 кг бол хөвгүүдийнх 16-20 кг байна. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн биеийн жин нас нэмэгдэх тусам өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь физиологийн өсөлтийн дагуу хөгжил явагдаж байна.
Таван настай хүүхдүүдийн 1.2 хувь нь жингийн илүүдэлтэй, 0.6 хувь нь I зэргийн таргалалттай байна. Нийт хүүхдийн хувьд авч үзэхэд 61.8 хувь нь бага жинтэй, 37.6 хувь нь хэвийн жинтэй, 0.5 хувь нь жингийн илүүдэлтэй, 0.1 хувь нь I зэргийн таргалалттай байна.
Хүүхдүүдийн биеийн жингийн индексийг амьдарч буй байршлаар нь үзэхэд нийслэлд амьдарч буй хүүхдүүд бага буюу хэвийн жинтэй байгаа бол аймгийн төвд амьдарч буй хүүхдүүдийн 0.8 хувь нь жингийн илүүдэл буюу I зэргийн таргалалттай, суманд амьдарч буй хүүхдүүдийн 1.2 хувь нь жингийн илүүдэлтэй байгаа нь анхаарал татахуйц байна.
"3-5 настнуудын физиологийн өсөлт хөгжлийн дагуу явагдаж байна"
Биеийн өндрийн хувьд охид 99.6-112.3 см бол хөвгүүд 100.9-113.4 см-ийн хооронд байна.
Охидын биеийн өндөр 3-4 насанд 7.1 см, хөвгүүд 6.1см, 4-5 насанд охид 7.1 см, хөвгүүд 7 см өссөн байна. Энэ нь физиологийн өсөлт хөгжлийн дагуу явагдаж байгааг харуулж байна.
Иймээс эцэг эхчүүд болон асран хамгаалагчид хүүхэд багачуудаа эрүүл зөв хоололтоор хангаж, дасгал хөдөлгөөнөөр хичээлүүлж, идэвхитэй зөв хэмнэлийг өдөр тутамдаа зайлшгүй бий болгох шаардлагатай байна.
График тоон судалгааг Боловсролын Судалгааны Үндэсний хүрээлэнгээс авав.