Дэлгэрэнгүйг дээрх бичлэгээс үзнэ үү.
Бид энэ удаа жүжигчин, гэрэлтүүлэгч, продюсер Э.Батнямбуутай ярилцлаа. 2007 онд Жигжидийн нэрэмжит КУДС-ийг дүүргэсэн тэр, ажил голохгүй хөдөлмөрлөж, олон арван хар ажил хийж явсаар эцэст нь урлагаас холдох учиргүйгээ ойлгон гэрэлтүүлгийн ажлыг есөн жилийн турш хийжээ. Сүүлийн жилүүдэл үзэгчдээс “сайн жүжигчин” гэх үнэлэмжийг хүртээд буй тэр амьдралдаа туулсан, давж гарсан зүйлсийнхээ тухай бидэнтэй хуваалцаж, бодсон бүхнээ хийдэг байсандаа харамсдаггүй тухайгаа хэлсэн юм.
-Ярилцлагын санал хүлээн авсанд баярлалаа. Өөрийнхөө тухай яриач?
-Манай аавыг Энхтайван гэдэг. Би дээрээ нэг эгч, доороо хоёр дүүтэй. Эхээс хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй гээд дөрвүүлээ мэндэлсэн. 2003 онд КУДС-д, Хөдөлмөрийн баатар, МУАЖ Мэндбаяр багшийнхаа удирдлага доор элсээд, 2007 онд төгссөн. Төгсчихөөд, хонхны баяр дээр найруулагч Б.Баатаргуай нэг зүйл хэлснийг би мартдаггүй. “Хүүхдүүд минь өнөөдөр сайхан баярлаж байна. Хонхны баяр хийгээд сургуулиа төгслөө. Маргааш та нар юу хийнэ гэж сэрнэ ээ. Юу хийх бол. Үүнийг бодож үзсэн үү” гэж байсан. Энэ үг надад үнэхээр “зоогдож” байсан л даа. Нээрээ бид төгссөн. Юу хийх билээ. Ямар ажил хийх билээ гээд л. Очоод ажиллах ажлын байр байгаа билүү, байхгүй билүү гэдэг асуудал тулгарч байсан. Эндээс л миний амьдрал эхэлсэн.
БОЛОМЖ ОЛДОХ ЦАГ ХУГАЦААГ ХҮЛЭЭЖ ХӨДӨЛМӨРЛӨДӨГ БАЙСАН. ТЭР БОЛОМЖ МИНЬ ИРСЭН
-Яаж эхлэв дээ?
-Төгсөөд Налайхын төмрийн үйлдвэрт хоёр сар ажилласан. Тэнд их халуун. Төмөр хайлуулаад л. Мундаг залуус байдаг юм билээ. Хар ажил хийхээр хүнд байдаг гэдэг ч юм уу. Эсвэл зовлонд уначихдаг мэтээр ярьцгаадаг. Надад бол тийм зүйл байгаагүй. Маш гоё эрч хүчтэй залуучуудын дунд маш их зүйл бодсон. Хэзээ нэг буруу эргэхэд арматур хүний биед зоогдох уу гээд л их эрсдэлтэй нөхцөл. Маш олон залуугийн энд тэнд, хөл гар нь түлэгдчихсэн байдаг байлаа. Эр хүн ажил голохгүй, ямар ч ажил хийж болдог. Янз бүрийн ажил хийж байхад дотроо юм хуримтлуулаад, бодож л байдаг. Ингэж явахдаа урлагаас ямар ч байсан холдож болохгүй гэдгээ ойлгосон. Миний хүсэж байгаа зүйл тэр л байсан юм. Кинондоо, хошин урлагийн продакшндаа арын албаны ажлыг ч болтугай хийгээд явах ёстой юм байна гээд бодсон. Ингэсэн цагт хүрээллээ тэлж байгаад нэг л өдөр надад боломж олдоно гэдгийг байнга хүлээдэг байлаа. Тэр боломж маань ч олдсон.
БОДОЖ ЯВАА ЗҮЙЛЭЭ ЗААВАЛ ХИЙЖ ҮЗЭЭРЭЙ
-Хэр удаан гэрэлтүүлэг хийв ээ?
-2009 онд анх гэрэлтүүлгийг хийж эхлээд, өдийг хүртэл гэрлийн баг удирдаад дүү нараа ажиллуулж байна. Өөрөө бол жүжигчнийхээ ажилд ороод жаахан завсарлачихсан байгаа. Эргээд бодоход миний ганц харамсаагүй зүйл… Амьдралд дөнгөж хөл тавиад алхаж байгаа залуучууд бодож яваа зүйлээ заавал хийж үзээрэй. Хүн болсон ч, болоогүй ч хөдлөх л ёстой. Хашраад, зүрхшээгээд, хойшоо суух хэрэггүй. Ямар ч л байсан сайн, муу хоёр л хариулт гарч ирнэ. Тэгэхээр ороод л үз. Гараа дүрээд л үз. Тэр ажил руугаа.
-Гэр бүл хэзээ зохиосон бэ?
-Их сургууль төгсөөд нэг амьдрал зохиосон юм. Тэр амьдрал маань болоогүй. Урд нь алдсан амьдрал гэх юм уу. Том амьдралд л хөл гишгэсэн гэсэн үг. Түүнийгээ дааж авч явж чадах хэмжээний байгаагүй ээ. Хэцүү л дээ. Ачаагаа дааж чадахгүй бас нэг хүний охин үрийг зовоогоод хаячхав уу даа гэх бодол их төрнө. Тэндээс шанална. Бор дарсанд орно. Хааяа ч гэсэн найз нөхөдтэйгөө дарвиж , мартах гэж хүртэнэ. Тийм зүйл байсан. Хүртдэг л байсан. Хүртэж яваад алдаж байсан үе ч бий.
-Юу алдсан гэж?
-Аавын хаалга татангаа ч алдаж байсан үе бий. Хүнд байдлуудаас аав, ээж хоёр минь хөөцөлдөөд гаргасан. Алдах үед аавын үг маш том сургамж болж толгой руу ордог. Манай аавын надад хэлсэн тэр нэг үг нь мартагдахгүй бодогддог. “Чи Энхтайваны Батнямбуу шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үг маш том цохилт болж толгой руу орсон. Тэгээд л би энэ хүний нэрээр дуудуулж явж байж… Сайн муу хийсэн бүх зүйлд Энхтайван гэдэг нэр гарах юм байна даа гэдгийг л маш сайн ойлгосон.
-Таны амьдралын хамгийн гашуун үйл явдал юу вэ?
-Ээжийгээ алдах байлаа. Маш чанга. Би ээж дээрээ очиж чадаагүй. Аав, ээж дээрээ очих хэрэгтэй юм билээ. Хүлээдэг л байсан байж таараа шүү дээ. Очоод ойр ойрхон харагдчихаж байвал их сайхан байх. Бид утсаар яриад л яваад байдаг. Хэр баргийн очдоггүй шүү дээ.
ААВЫНХАА НЭРИЙГ Л ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВНА
-Та юуны төлөө, юу зорьж амьдардаг вэ?
-Амьдралд янз бүрийн олон зүйл тохиолдоно. Ямар ч байсан өөрийн урдаа тавьсан хэдэн зорилгоороо кино уран бүтээлд сэтгэл зүрхээ зориулаад л жүжигчнийхээ ажлыг өндөрт өргөж, түүгээрээ үзэгч олныхоо хайр хүндэтгэлийг дааж сайхан явъя гэсэн бодолтой байна. Аавынхаа нэрийг өндөрт гаргаж явна даа гэж л бодож явдаг.