Бид энэ удаа гэр бүлийн хүчирхийлэлд олон жил байж, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон А.Ариунжаргалтай ярилцлаа.
“Эргээд амьдралаа харахаар, миний алдаа хэтэрхий их халамжилж байж гэж боддог. Хайр, хүндлэлийг тэр хүнд ойлгуулж чадаагүй ээ. Эмэгтэй хүнийг яаж хүндлэхийг тэр хүн ойлгоогүй” гэж ярих тэрээр гэр бүлийн хохирогчдын дийлэнх нь хүчирхийлэгчдийг өөхшүүлдэг тухай хэлсэн юм.
-Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг А.Ариунжаргал гэдэг. Гурван хүүхэд, таван зээ, таван ачтай ийм л эмээ байна. Манай нийгэмд гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй салалтын асуудал маш их байна. Би ч мөн хүчирхийлэлд байсан. Тиймээс энэ асуудлаас өөрийгөө авч гарах тухай, хүчирхийлэлд өртөхгүй байх талаар залуу үедээ хэлье гэж бодсон юм.
-Хүчирхийлэл хаанаас эхэлдэг вэ?
-Би нөхөртөө болохгүй зүйлийг нь шууд хэлдэг байсан. Тэгэхээр намайг нэг алгадаад авна. Тэгэхэд нь би өөрөөсөө боллоо. Болох ёстой зүйл боллоо гэж боддог байсан юм шиг. Тэгээд л дараагийн үе шат ондоо шүү дээ. Бүр хүндрээд, давраад л… Хэтэрхий зөөлөн, нөхрийнхөө урдаас гар сарвайдаггүй, үг хэлж чаддаггүй тийм л эмэгтэй байсан. Ээжүүд юу ч тохиолдож байсан үр хүүхдийнхээ төлөө шүдээ зуугаад олон жил хүчирхийллээс салж чадахгүй, удаан амьдардаг юм шиг санагддаг. Тэр үед надад амьд явах л их чухал байсан. Заавал архи уусан хүнээс араншин гардаггүй. Эрүүлдээ ч араатан шиг болдог нөхцөлтэй тулгарч байсан учраас гэрийнхээ хувцастай, тавчиктай охиноо аваад гарч байсан. Эргээд харахад хүн их өвддөг. Зүрх сэтгэл үнэхээр шархалдаг. Эрүүл мэнд бие мах бодиороо хохирч байсан болохоор…. Ингээд суух ёстой шүү эмэгтэйчүүд ээ гэж хэлэхээс илүү үүнийг даван туулж, өөрийгөө таних нь маш чухал.
Амьдрал маань яагаад ийм хэмжээнд яригдах болов гэхээр хайр, хүндлэл гэх зүйлийг буруу ойлгосноос л болсон. Би нөхрийгөө хайрлаж чадаагүй, хүчирхэг эмэгтэй юм.
-Хүчирхэг эмэгтэй гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Тийм байж болохгүй гэж үү?
-Нөхрийгөө бүх ажлаас нь холдуулаад зөвхөн телевизийн удирдлага бариад хэвтдэг л хүн болгосон. Яагаад өөрийгөө хүчирхэг эмэгтэй гээд хэлж байна гэхээр, нүүрсээ өөрөө өргөөд гал руугаа хийчихдэг. Тэгэхэд тэр хүн, “Энэ өөрөө чадах юм чинь, миний хэрэг байгаа юм уу” гэх бодол төрдөг байсан биз. Хүчтэй байх гээд, бүх зүйлийг өөрөө хийх гэж шийддэг маань аавгүй өссөний шинж. Шийдвэрээ дандаа өөрөө гаргадаг байсан. Энэ бүхэн маань эрэгтэй хүнийг ойлгох замыг хаасан гэх юм уу. Харин би нөхрийгөө өөр эмэгтэй хүнтэй явсныг нь буруутгалдаггүй. Тухайн эмэгтэй харин ч тэр хүний эрэгтэйлэг байдлыг нь сайн гаргаж өгсөн байх гэж хардаг. Эмэгтэй хүн уян хатан байж, амьдралыг авч явна. Хатан ухаан гэдэг зүйл байх ёстой байсан юм шиг байна. Би өөрөө тийм эмэгтэй байгаагүй учраас өнөөдөр амьдралдаа, сонголтоо буруу хийж, алдаа гаргаж өвтгөдөг амьдралыг сонгосон байна аа гэж хараад байгаа.
-Хатан ухаан гэдэг нь юуг хэлээд байна вэ?
-Маш хурдан шийдвэр гаргах хэрэггүй юм шиг санагддаг. Нөхрийгөө ойлгохыг хичээх хэрэгтэй гэдгийг хатан ухаан гэж ойлгоод байна. Эрчүүд их жаахан хүүхэд шиг байдаг. Тэр нэг утсан чинээ хайр хүссэн зүйлийг нь олоод харчихдагийг хатан ухаан гэж л бодоод байна. Түүнээс биш хатан шиг тушаа гэсэн үг биш шүү. Давруулахгүй байх зан чанар гээд л. Үүнийг л би хатан ухаан гэж ойлгоод байна.
-Таны яриаг сонсоход, “миний нөхөр” гээд их ярих юм. Таныг хүчирхийлж байсан хүн шүү дээ. Энд хүндлэл байна. Бас уучлал байна уу?
-Уучилсан учраас “миний” гэж хэлж байгаа байх. Уучлахгүй бол хорвоо цаашлахгүй л дээ. Хэрвээ би аавд нь дургүй байсан бол хүүхдүүддээ дургүй байж таарна. Энэ хорвоо өөрөө уучлал, хайр хоёр дээр тогтдог юм байна. Нөхрийгөө уучилсан. Уучилсан учраас одоогийн Ариунжаргал бий болчихсон сууж байна. Өөрийгөө уучилж сурсан ч гэх юм уу. Эхлээд миний сонголт буруу байсныг уучилсан. Дараа нь тэр хүнд зөв зүйл байжээ гэдгийг бодож уучилсан байна. Одоо миний амьдрал сайхан тэгширч байгаа нь уучилсантай холбоотой байх гэж бодож байна.
–Баярлалаа.