"Гашуун яриа" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар "этгээд" үзэсгэлэнтэй С.Ундармаа эмэгтэйг онцолж, ярилцлаа. Энэ эмэгтэй гадаад төрхөөрөө ч тэр, дотоод сэтгэлээрээ ч тэр арван наймт шиг цовоо цолгиун байхын дээр хөгжлийн бэрхшээлтэй олон зуун хүний итгэл найдвар болж чадсан нэгэн юм.
Тэр 24 жилийн өмнө осолд орж хоёр хөлөө тайруулахаас өөр аргагүйд хүрч байжээ. Гэсэн ч эмнэлэгт өдөр өнжихгүй өөрийг нь сахин суусан аав, ээждээ л санаа зовохоос биш, хоёр хөлгүй болсондоо тэгтлээ гутарч, шаналж байгаагүй тухайгаа ярьсан юм.
-Ярилцлагын санал хүлээж авсанд баярлалаа. Таны хүүхэд нас яаж өнгөрсөн тухай ярилцлагаа эхэлье?
-Миний хүүхэд нас их жаргалтай өнгөрсөн. Манай ээж Польшид оюутан байлаа. Аав маань харин ЗХУ-д оюутан байсан. Би Польшод төрөөд, Булган аймагт хөгшин аав ээж дээрээ өссөн юм. Хөдөөгийн хүүхдүүд юу хийж, яажшуухан өсөж торнидог тэр замаар л бага нас маань өнгөрсөн.
-Аймшигт осол хэзээ болов?
-Би 1999 онд осолд орсон юм. Осолд орсныхоо дараа 2000 онд АНУ-д хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэтгэл судлаачаар сурч байлаа. Удалгүй шантарчихсан. Яагаад гэхээр би тухайн үед хоёр ихэр охинтой байсан юм. Хоёр охин маань жаахан ч байж. Би өөрөө машин барьж чаддагүй байлаа. 30 мянган оюутантай том хотод дэлгүүр орохоос эхлээд надад маш бэрхшээлтэй байсан. Автобусанд ч сууж чадахгүй шүү дээ. Хүн амьтан гуйгаад л явдаг. Сүүлдээ аав, ээжээсээ сургуулиасаа гаръя гэж гуйх болсон. Эхлээд аав зөвшөөрдөггүй байсан юм. Тэгэхэд нь би, “Аав аа би лав хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байсан бол өөрөөсөө холдуулахгүй” гээд хэлсэн чинь хөөрхий аав маань зөвшөөрсөн. Одоо миний үнэхээр харамсдаг зүйл бол тэр. Сургуулиа орхисондоо их харамсдаг. Гэхдээ яах вэ зурсан зураг төөрөг нь л тэр байсан юм байлгүй.
-Осолд орсны дараа таны амьдралын хэв маяг, сэтгэл санаа гээд олон зүйл тэс өөр болсон байх, тийм үү?
-Яагаад ч юм “Би болохоо больчихлоо” гэсэн бодол угаасаа надад орж ирээгүй. Ухаан ороход эмнэлэгт аав, ээж маань сахиж байсан. Би есөн сар эмнэлэгт хэвтсэн. Нэг хөлөө дөрөв тайруулсан юм. Буруу тайрлаа гээд л… Энэ хугацаанд, “Үхэх юм сан, яана аа би хөлгүй болчихлоо” гэж огт бодоогүй. Энэ бол миний гэр бүл, аав ээжийн маань ач тус. Би ээж, аавыгаа л зовоохыг хүсээгүй. Ээж, аав л зовж байгаа шүү дээ. Аль болох бүх зүйлийг өөрөө хийхийг хичээж байсан. Одоо болтол тийм. Манай найзууд бүгд намайг хөлгүй гэдгийг мартчихдаг. Мэддэггүй. “Өө нээрээ тийм бил үү” гэтэл нь л явдаг. Түүндээ би өөрөө их баярладаг даа. Нэг хүүхэд өсгөх чинь аягүй амархан юм билээ. Би бага охиноо нэг нүдээ аньж байгаад л өсгөсөн. Одоо 15-тай эрхийн балай гэрт байж л байна.
-Маш хүндээр хүлээж авдаг олон хүмүүс байдаг юм билээ.
-Ер нь надад ч хүнд үе байлгүй яах вэ. Есөн сар эмнэлэгт хэвтсэнээс авхуулаад, үхэж үрэгдье гэж бодохгүй ч гэсэн эрхлэх сэтгэл сууж байсан юм шиг санагддаг. Ослын дараа албатай юм шиг найз нөхөдтэйгөө архи дарс ууж явсан үе байгаа. Сүүлд ухаардаг юм билээ. Ямар гавьяа байгуулсан гээд хүн амьтанд эрхлээд яваад байгаа юм гэдэг ч юм уу. Хэн ч надад сэтгэл гаргах албагүй шүү дээ. Миний л хувь төөрөг. Би үүгээрээ л явна. Нэгэнт ийм зүйл болсных чадахаараа таних, танихгүй хүмүүст туслахыг хичээдэг.
-Есөн сар эмнэлэгт хэвтэх чанга шүү дээ. Бодохоос өөр хийх зүйл хомс байсан биз. Тэр хугацаанд юу бодож байв?
– Бүх зүйл мөнх бус. Бүх зүйл урсана, ээлжилнэ. Бүх зүйлд л төгсгөл байгаа гэдгийг маш сайн ойлгосон байсан учраас тэр олон хагалгаа, өвчин зовлонг давж туулсан болов уу гэж боддог юм. Мэдээж маш их өвдөнө, шанална. Яс тайруулах тийм амар зүйл биш. Гэсэн ч энэ бүх зүйл түр зуурынх гэдгийг ойлгож байсан.
Яг осолд орсныхоо дараа хүн боддог юм билээ. Бурхан яагаад намайг амьд үлдээчих вэ гээд бодно шүү дээ. Өөрөө тэрүүхэн тэндээ хөөрхөн хөөрхөн ургуулж ч бодно. Охинтой болгуулах гэж үлдээсэн юм байна гээд л. Одоо бол тийм зүйл бодохоо больсон бүх зүйл урсгалаараа л явж байгаа. Зарим хүмүүс үр хүүхдийнхээ, ажил төрлийнхөө төлөө амьдардаг гэдэг. Надад тийм зүйл байдаггүй. Би зүгээр л амьдарч байгаа. Байвал эдлээд. цаг нь ирэхээр явна шүү дээ.
-Энэ их сэтгэлийн хүч хаанаас гарч байна вэ?
-Залуудаа омголон байсан биз. Бодвол…Гэхдээ би 30 удаа мэдээгүйжүүлэгт орсон. Их мартамхай талдаа. Юм мартайхгүйг хичээж тархины дасгал, випашяна бясалгал хийдэг. Энэ бясалгал надад их ухаарал өгсөн. Хүн нэг их би зовоод байна гээд зовох шаардлагагүй. Жаргалтай байна гээд жаргаад байх ч шаардлагагүй. Сэтгэл санаагаа жигд байлгахыг их хичээдэг. Гэхдээ заримдаа чаддаггүй. Өөрийн гэсэн алдаа дутагдалтай болохоор явж л байна даа.
-Тантай ижил зүйлийг мэдэрч, асуудалтай нүүр тулж буй хүмүүст та юу хэлэх вэ?
-Энэ асуудал дээр эрэгтэй хүн илүү их хямарчих гээд байгаа юм шиг санагдсан. Бор дарсанд ордог ч юм уу. Хэлэх зүйл ч юу байх вэ дээ. Очоод надаас ямар ч үг гардаггүй. Зүгээр л өөрийгөө харуулаад, ингэж болдог шүү гэдгийг үзүүлж харуулахыг бодно уу гэхээс, “Та ингээрэй. Амьдрал сайхан шүү” гээд хүн болгон л хэлж байгаа. Үйлдлээрээ л харуулахыг хичээдэг.
-Ингэхэд таны туйлын зорилго юу вэ?
-Учиргүй том зорилго ч юу байх вэ. Байрныхаа лизингийг төлөөд, хоёр идэхгүй хоосон хонохгүй, охиноо насанд хүргэчихвэл надад тэгээд л боллоо. Охин сургуулиа төгсчихвөл нөхөртэйгөө байгальд байшин бариад амьдарчихна. Тэгээд л боллоо.
-Ярилцсанд баярлалаа.