Ирэх 2024 оны төсвийн талаар эдийн засагч Н.Туяагаас тодрууллаа.
“… УИХ сонгуулийн өмнөх төсөв батлах гэж байгаа учраас олон нийт их анхаарч байна. Оруулж ирсэн төсөв нь маш их алдагдалтай байна. Өмнөх жилийн төсвийн зарлагаас 5 их наядаар давсан төсвийн хүрээний мэдэгдлийг энэ оны тавдугаар сард баталсан. Энэ мэдэгдлээр төсвийн зарлагын дээд хэмжээг 22 их наяд төгрөг байхаар УИХ-аар баталж өгсөн. Гэтэл одоо 27 их наяд буюу 5 их наядаар давсан төсөв оруулж ирж байна. Орлогоо маш өөдрөгөөр төсөөлчихсөн. Нүүрс, зэс гээд гол түүхий эдийн үнийг маш өндрөөр төсөөлж, 60 сая тонн нүүрс борлуулахаар төлөвлөсөн байна. Орлогоо маш өөдрөгөөр төсөөлөөд, ДНБ-ээ өндрөөр тогтоогоод , алдагдлыг 2.8 хувь дээр барилаа гэж ярьж байна.
Төсвийн төсөлд зааснаар, сонгуулийн өмнө цалин, тэтгэврийг нэмэхээр байна. Энэ хэрээр төсвийн зарлага нэмэгдэнэ. Үүнийг дагаад инфляц өснө. Төсвөөс цалин тэтгэмж авч байгаа 500 мянга орчим хүн бий. Дахиад цаана нь хувийн хэвшилд ажилладаг 900 мянгаад хүн байна.Ингээд ирэхээр хувийн хэвшлийнхний бодит орлого буурна гэсэн үг. Бодит орлого буурна гэдэг нь хүмүүс цалингаараа хүнсээ авч дийлэхгүйд л хүрнэ гэсэн үг. Ядуурна.
Нөгөө талдаа төсвийн зарлага тэлээд хоёр их наяд төгрөгт хүрнэ гэдэг нь Засгийн газар бонд гаргана гэсэн үг. Бонд гэдэг нь зээл шүү дээ. Энэ нөхцөлд бизнесийн дарамт нэмэгдэж, зээлийн хүү өснө.
10 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХӨШӨӨ БАРИХ ГЭЖ БАЙНА
2024 оны төсвийн урсгал зардлаас гадна, хөрөнгө оруулалтын зардлуудыг харж үзлээ. Зам, дэд бүтэц гээд нөгөө л хөрөнгө оруулалтуудаа төлөвлөсөн байна. Өмнөх жилүүдэд хөшөө их барьж байна гэдэг шүүмжлэл гарч байсан. Гэтэл энэ оны төсөв дээр хөшөө гэдэг үгээ аялал жуулчлалын цогцолбор гэдэг нэрээр оруулаад ирсэн байна. Жишээлбэл, Хөвсгөлд “Соёл” цогцолбор, Завхан аймагт “Жавхлан толгой” цогцолбор, “Хүслийн хад” цогцолбор барина” гэх мэтээр төлөвлөжээ. Үүнд нь 10 тэрбум төгрөг төсөвлөчихсөн байна.
ЖДҮХС-Д МӨНГӨ ТАВИАГҮЙ МӨРТЛӨӨ ТӨСВИЙН МӨНГӨӨР БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР БАРИХ ГЭЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багц үнэхээр ойлгомжгүй байна. Нийтдээ 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт байна. Үүнээс шинээр 25 тэрбум төгрөг, үүний дийлэнх нь “Шинэ хөдөө” төсөлд зориулагдана гэжээ. Тэр төслийн ард юу байгаа нь ойлгомжгүй. Маш их мөнгө хуваарилсан ч юу хийх нь тодорхойгүй. Бас нэг шүүмжилмээр юм юу байна гэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бяслагний үйлдвэр, зоорь барина, саалийн ферм байгуулна гэж байна. Тэгэхээр эндээс хувийн бизнесийн хийх ёстой ажлыг төсвийн мөнгөөр хийх үү, бяслагний үйлдвэр барьчихъя гэхэд үүнийг хэн цааш нь авч явах вэ гэдэг асуудал гарч ирж байна.
Өмнө нь ЖДҮ-г дэмжих сан гэж байсан. УИХ ын гишүүд нь 50 тэрбум төгрөг хувааж аваад өнгөрсөн. Үүний гайгаар өнөөдөр ЖДҮ нь алга болчихсон байна. Зээл биш, төсвийн мөнгөөр үйлдвэр барина гээд зогсож байна. Үнэхээр гайхмаар байна.
Хамгийн аюултай юм нь юу байна вэ гэхээр хуулиар тогтоосон хязгааруудыг өөрчилж орж ирээд байна. Зардлаа нэмэхийн тулд төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа өөрчилж байна, төсвийн нэг хүрээний мэдэгдлээ ч өөрчилж байгаа байхгүй юу. Тэгвэл хууль байгаад яах юм бэ? 22 их наядаас илүү гаргахгүй зардалтай байгаач ээ гээд их хурал нь батлаад өгсөн чинь өнөөдөр 27 их наяд болгоё оо гээд төсвийн хүрээний мэдэгдэлдээ өөрчлөлт оруулах хууль оруулж ирж байна. Энэ нь Засгийн газар нь их хурлаасаа илүү эрх мэдэлтэй болсныг харуулж байна” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.