“Сарны нулимс” киноны Цоомоогийн дүрээрээ олонд танигдсан, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, СТА Т.Хуланг “Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа урьж, ярилцлаа. Өдгөө 20 дахь жилдээ тайз, дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлж буй түүний амьдралын хамгийн том, зөв шийдвэр нь жүжигчин болох байжээ.
“Хүүхэд гэдэг яалт ч үгүй төрснөө л эрж байдаг юм билээ. “Төрсөн аавыгаа, ээжийгээ харах юм сан, уулзах юм сан” гэж хүсэж, хайж байдаг” гэж ярих тэр 37 жил аавыгаа хүлээж, гурван жилийн өмнө анх уулзсан аж.
“ЖҮЖИГЧИН МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН НЬ МИНИЙ ХАМГИЙН ЗӨВ ШИЙДВЭР”
Т.Хулан “Ахлах ангидаа даруухан, үг дугардаггүй, нээлттэй бус, хүүхдүүдтэй шууд харилцаж чаддаггүй байсан намайг жүжигчин мэргэжил нээж өгсөн. Хулан гэдэг хүний амьдралд хамгийн томоор нөлөөлж, хамгийн том өөрчлөлтийг мэргэжил маань өгсөн.
Жүжигчин гэдэг мэргэжилд хэцүү зүйл маш их байдаг. Гэвч түүнийгээ даваад, ард нь гарсан хойно үзэгчдээсээ баяр баясгалан, урам зориг, сайхан энергийг харамгүй ихээр авдаг учраас ч тэр үү мэргэжилдээ маш их хайртай” гэв.
Тэрээр 2004 онд их сургуулиа төгсөж, X tuts продакшнд нэг жил зургаан сар ажиллажээ. 2006 онд Драмын театрт ороод, найман жил Драмын театртаа ажилласан байдаг. Дараа нь найман жил завсарлаад, эргээд ажилдаа ороод, хоёр жил болох гэж байгаа аж. Завсарласан найман жилийнхээ хугацаанд гэр бүлээ төвхнүүлж, хувь уран бүтээлдээ ч цаг гаргажээ.
Т.Хулан “Би анхны хүүхдээ төрүүлчхээд хүүхдэдээ цаг гаргаж чаддаггүй муу ээж байсан. Хүүхдээ харж чадахгүй, дөнгөж хоёр сартай хүүгээ гэртээ орхиод л ажилдаа явчихдаг тийм идэвхтэй байлаа. Бага хүү дээрээ тэгж болохгүй гэж бодсон. Ер нь хүүхэд байхдаа хүүхдээ аль болох өөрөө өсгөнө гэж боддог байсан охин. Гэтэл ээж болонгуутаа карьер гэдэг зүйлээ нэгдүгээрт тавиад, хүүхдээ хаясан байсан. Би өөрөө эмээ, өвөөгийнхөө гар дээр өссөн болохоор болж л өгвөл хүүхдээ өөрөө өсгөж, хүмүүжүүлнэ гэж боддог байлаа. Өсгөсөн хүүхэд маань нэг талаараа миний бүтээл. Өөрийнхөө гараар өсгөсөн хүүхдээ том болсон хойно нь хараад, ямар ч байх юм билээ. Эндээс маш том кайф авах ч юм бил үү, мэдэхгүй. Багадаа тийм мөрөөдөлтэй байсан. Тэгээд л би үүнийгээ хаясан гэдгээ ойлгоод, хүүхдэдээ ч их анхаарсан. Давхар манай хүн кино зохиол бичиж, найруулдаг болохоор продюсер хийж үзье гээд, хоббины ажил руугаа орсон. Театраасаа гараад, хоббины ажлаа хийж яваад, найман жил болсон байсан. Одоо театртаа эргэж ороод, ажиллаж байна” гэв.
“ААВТАЙГАА УУЛЗААД ХАМГИЙН ТҮРҮҮНД “НАДТАЙ АДИЛХАН ЮУ БАЙНА” ГЭЖ ХАЙДАГ ЮМ БИЛЭЭ”
“Хүүхэд гэдэг өөрөө яалт ч үгүй төрсөн эцэг, эхээ гээд төрснөө л эрж байдаг хорвоо. Би аавыгаа мэдэхгүй 37 жил амьдарсан. Аав минь намайг хүүхэд байхаас маань эхлээд л холоос хараад явдаг байсан юм билээ.
37 жил хүсэн хүлээсэн хүнтэй уулзана гэдэг нь их сонин зүйл байдаг юм билээ. Би уулзалтаа төсөөлөхдөө киногоор л төсөөлнө. Кинон дээр хоорондоо уулзалдаагүй байж байгаад уулзсан ээж, аав охинтойгоо, хүүтэйгээ гээд л уран сайхны үзэгдлүүд гардаг. Кинонд яг уран сайхны тавилттайгаар тэврэлдээд л, уйлаад л уулздаг. Яг бодит амьдрал дээрээ үзэхэд маш их сонирхож уулздаг юм билээ. Хамгийн түрүүнд надтай адилхан юу байна гэж сонирхож харсан.
Аавтайгаа уулзсандаа маш их баяртай байна. Бид хоёр уулзаад гурван жил боллоо. Сүүлийн гурван жил аавтайгаа уулзаад, дуртай цагтаа юмаа яриад явж байгаа болохоор хүүхэд гэдэг бяцхан зүрхний жижигхэн гомдол нь тайлагддаг юм билээ.
ХҮҮХДИЙНХЭЭ ТӨЛӨӨ Л АМЬДРААРАЙ
Одоо энэ нийгэмд маш олон хүн хүүхдээ хаяж, өнчрүүлж байна. Тийм болохоор эцэг эхчүүдэд нэг зүйлийг хэлмээр байдаг. Хэрвээ хүүхэд төрүүлсэн л бол хүүхдийнхээ төлөө амьдраарай. Салсан байсан ч хүүхдийнхээ төлөө амьдраарай гэж. Яагаад гэвэл дотоод сэтгэл нь бүгд төрснөө л гэдэг. “Аав, ээжийгээ харах юм сан, уулзах юм сан” гэж байнга бодож, хүлээдэг.
Хамгийн хэцүү нь хэчнээн хүчирхийлүүлдэг, зодуулдаг, хэчнээн, архичин, хэцүү амьдралтай аав, ээж байсан ч аавдаа хайртай, ээждээ хайртай гэж хэлдэг.
Амьдралын утга учир хайранд л орших байх. Хүн өөрийгөө ч, бусдыг ч хайрлаж байж маш их таашаал авдаг. Хүн бүрд сайхан чанар бий. Заавал мууг нь харах гээд зүтгээд байлгүй, сайхныг нь хардаг байя”.
Видео хувилбарыг дээрээс үзнэ үү.