Нийгмийн стресс, гэр бүлийн тааламжгүй харилцаа, үе тэнгийнхний дээрэлхэлт зэргээс шалтгаалан хүүхдийн сэтгэл зүй бага багаар гэмтэж байдаг аж. Сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэд чимээгүй болж, өөрийгөө тусгаарлаж, ууртай, цочимтгой болж эхэлдэг. Ийм үед нь хүүхэдтэй ярилцаж, ойлгож, тайвшруулах нь хамгийн энгийн аргуудын нэг гэдгийг хүүхдийн сэтгэлзүйч Д.Золжаргал хэлж байлаа. Хүүхдийн сэтгэл зүйн гэмтлийн үед ямар арга хэмжээ авах талаар доорх ярилцлагаас уншаарай.
-Сэтгэл зүйн зөвлөгөө авахаар ирдэг хүүхдүүд ихэвчлэн ямар асуудалтай ирдэг вэ?
-Сүүлийн үед уур бухимдлын асуудлаар их ирж байна. “Манай хүүхэд ууртай, түрэмгий боллоо, хазаад байна, ангийнхаа хүүхдүүдтэй таарахгүй байна” зэрэг харилцааны асуудлуудтай ирдэг. Мөн айдас түгшүүр, үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхал болон гэр бүлийн асуудлаар сэтгэл зүйн зөвлөгөө авахаар хандаж байна.
-Сэтгэл зүйн хувьд асуудалтай болсон хүүхдэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Хүүхдийн зан авир өөрчлөгддөг. Тайван, дөлгөөн, тогтуун байсан хүүхэд ууртай, цочмог, нойрондоо муудах, хумсаа мэрэх, үсээ идэх, харилцаа нь өөрчлөгдөж, өөрийгөө хэрхэн илэрхийлэхээ мэдэхгүй байх зэрэг шинж тэмдгүүд сэтгэл зүйн гэмтэлтэй, цочрол авсан, стресстэй хүүхдүүдэд түгээмэл илэрдэг.
-Сэтгэл зүйн гэмтэл авсан хүүхдэд хэрхэн туслах вэ?
-Эцэг, эхчүүд ийм үед юу хийж чадах вэ гэвэл хүүхдээ сайн сонсох, анзаарах, хүүхдийнхээ оронд өөрийгөө тавьж үзэх хэрэгтэй. Хэрвээ би хүүхдийнхээ оронд байсан бол ийм нөхцөлд надад ямар мэдрэмж төрөх байсан бол гэж бодон, мэдрэмжийн тухай ярилцах.
Сэтгэл хөдлөлөө ойлгож, нээлттэйгээр ярьж, илэрхийлэх боломж нөхцөлийг нь бүрдүүлж өгөхийн тулд хамгийн түрүүнд авах арга хэмжээ нь зүгээр л сонсож сурах байдаг. Шүүмжлэхгүйгээр, буруутгахгүйгээр, шүүхгүйгээр яг найз шиг нь сонс, хуваалц. Заавал зөвлөх шаардлагагүй. Хүүхэд биднээс зөвлөгөө, тусламж хүсэхээсээ өмнө намайг сонсоосой, ойлгоосой гэж хүсдэг.
-Зарим эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ тийм ч дотно биш байдаг. Үүнээсээ шалтгаалаад яаж ярьж эхлэхээс тэр бүр мэддэггүй. Хүүхдийнхээ асуудлыг яриулж, ойлгохын тулд юунаас эхлэх ёстой вэ?
-Маш энгийн зүйлээс эхэлнэ. “Өнөөдөр миний хүү юу хийв, анги дээр нь ямар байв, ямар найз нь таалагдсан, ямар хичээл гоё байв, таалагдаагүй бол юу нь таалагдаагүй вэ” гэх мэтээр энгийн зүйлээс эхлээд яриа өдөж, ярьж эхэлнэ.
“Хэрвээ тааламжгүй зүйл болсон бол энэ нь чамд ямар мэдрэмж төрүүлсэн бэ, чи ямар хариу үйлдэл үзүүлсэн, ямар арга хэмжээ авсан бэ, хэнд хандсан бэ” гээд аажим аажмаар хүүхдэд ярих дадлыг суулгадаг. Бид өөрсдөө хүүхдээсээ сайн асууж, ярилцаж байж хүүхдийн бүрэг, ичимхий байдал нь аажмаар багасаж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайжирна.
-Сэтгэл зүйн хувьд том гэмтэл авсан хүүхдүүд буцаад хэвийн болж, эдгэрэхэд хэр их хугацаа шаарддаг вэ?
-Сэтгэл зүйн гэмтэл хүүхэд бүрд өөр өөр байдаг. Магадгүй зарим хүмүүст осол, хагацал зэрэг том үйл явдал сэтгэл зүйн гэмтэл үүсгэдэг бол зарим хүмүүст бидний хэлж байгаа жижигхэн үг, үйлдэл хүртэл гэмтэл үүсгэдэг. Энэ нь тухайн хүний сэтгэл зүйн дархлаатай холбоотой. Эмчилгээнд хэр хугацаа шаардах вэ гэж их асуудаг. Тухайн хүний асуудал, нөхцөл байдал, гэр бүлийн дэмжлэг зэргээс хамааран эдгэх хугацаа харилцан адилгүй өөр өөр байдаг. Ер нь нэлээн удаан хугацааны зөвлөгөө шаардлагатай байдаг.
-Хүүхдэдээ сэтгэл зүйн гэмтэл үүсгэхгүй байхад хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Урьдчилан сэргийлэх эхний алхам нь хамтдаа ярилцаж, хүүхдээ ойлгох. Ингэснээр хүүхэд тань айхгүйгээр асуудлаа ярьна. Асуудлаа ярьж байна гэдэг нь бид туслах боломж гарч байна гэсэн үг. Юу ч ярихгүй, ямар мэдрэмж төрж байгаагаа хуваалцахгүй, дотогшоо, чимээгүй болчихвол маш хэцүү. Тиймээс өдөр бүх хүүхэдтэйгээ ярилцаж хэвшээрэй. Хэцүү үед нь эцэг, эхчүүд дэмжиж, ойлгож байж хүүхэд давж чаддаг.
-Ярилцсанд баярлалаа.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.