Гэр бүлээрээ, найзуудтайгаа тухтай сууж ярилцах үед “Яасан их утсаа ухдаг юм бэ, болиоч” гэх үгийг хэлж, сонсох тохиолдол цөөнгүй болжээ. “Энэ бүр утсандаа донтчихсон байна” гээд нэгнээ зэмлэх нь ч олон. Нэгэнт ямар нэг зүйлээс хамааралтай болсон хүнд зөвлөх бус зүгээр л сонсох нь хамгийн зөв арга аж. Бид энэ удаад донтолт судлаач Э.Хонгорзултай ярилцлаа. Тэрээр донтолтыг арай өөр өнцгөөс нь тайлбарлах бөгөөд дэлхий дээр донтолтгүй хүн гэж байхгүй гэв. Ямар нэгэн зүйлээс хамааралтай болсон найздаа хэрхэн туслах, донтолтын суурь шалтгаан нь юу байдаг талаар энэхүү ярилцлагаас уншаарай.
Тэрээр “Донтолт гэдэг нь ямар нэгэн зүйлээс хамааралтай гэсэн үг. Тухайлбал, хүнээс, ямар нэгэн бодисоос хамааралтай байж болно. Миний харснаар хүмүүс ихэвчлэн тархинаас гарч байгаа бодист донтдог. Тархинаас допамин ялгардаг бол серотин даавар бүдүүн, нарийн гэдсэнд ялгардаг. Эдгээр бодисыг ялгаруулах өдөөгч нь юу байна вэ гэдэг сонин.
Сүүлийн үед дэлгэцийн донтолт гээд ярьдаг болсон. Энэ нь тийм тусдаа, шинэ зүйл биш. Дэлгэц дотор байгаа зүйл тэр хүнд ямар нэгэн мэдрэмж өгөөд, өгсөн мэдрэмжээс нь хамаарч тухайн допанмин эсвэл сератин зэрэг бодисууд нь ялгарч байна гэж үзнэ. Би донтолтыг арай өөр талаас нь хардаг.
Дэлгэц, архи, тамхи, хар тамхинд л донтоод байна. Тоглоомонд донтоод байна гэж харахаас илүү тэр ямар нэгэн зүйлийг хийснээрээ тухайн хүний биеэс ямар нэгэн бодис ялгарч байдаг. Тэр ялгараад байгаа бодистоо буюу мэдрэмждээ донтоод байна.
Мансууруулах бодисын донтолтыг үзвэл хүн бүр өөр өөр төрлийн бодист донтсон байдаг. Жишээлбэл, илүү их хөөрөл үүсгэдэг, өөртөө итгэлтэй мэдрэмж өгдөг, хүмүүстэй ярихад таатай болгодог, олны дунд биеэ авч явахад хэвийн санагддаг зэрэг өөрийг нь илүү өөртөө итгэлтэй болгож байгаа мэдрэмжүүдийг өгч байгаа бодист илүү хамааралтай болдог. Нөгөө талаас илүү өөрийг нь тайвшруулдаг бодист донтсон байдаг. Өөрийг нь тайван тухтай болгодог, унтаж амрахад нь тустай байдаг. Эсвэл ямар нэгэн тааламжгүй мэдрэмжээсээ зугтхад нь тусалдаг гэх мэт юу хүсэж, юу харж, ямар мэдрэмж хүсэж байгаагаас хамаарч, тэр мэдрэмжийг нь өгч чадаж байгаа зүйлд хамааралтай болох нь элбэг.
Хүн бүр ямар нэгэн зүйлийн хамааралтай. Гэр бүл, найз нөхдөөсөө ч хамааралтай байдаг. Тухайн зүйлээсээ байнгын давтамжтайгаар таатай мэдрэмж аваад эхлэхээр эмгэг шинж чанар буюу аливаа зүйлийн гүнзгий хамаарал, донтолт болно. Түүнийгээ хэрэглэхгүй л бол болохоо больдог. Жишээлбэл, зөвхөн алкохол хэрэглээд байвал аз жаргалын дааврыг ямар нэгэн нөлөөлөгч хүчин зүйлийн дагуу ялгаруулаад байна. Алкохол хэрэглэхгүй л бол таны биед аз жаргалын даавар ялгарахгүй. Хэрвээ аз жаргалын даавар ялгарахгүй бол бөөрний дээх нь байдаг булчирхайнаас гортизолын даавар их ялгараад эхэлнэ. Ингэвэл сэтгэл гутралд орно, байнгын тааламжгүй мэдрэмжүүд авна. Тааламжгүй мэдрэмж авахаараа аз жаргалтай мэдрэмж хайж эхэлнэ. Тэр аз жаргалтай мэдрэмжээ өөрийнхөө илүү итгэлтэй болж, татагдаж байгаа зүйлээсээ авна. Экстрим спорт, алкохол, мансууруулах төрлийн бодис, тоглоом, утсандаа илүү автах зэргээс авч болно.
Би аливаа зүйлийн хамаарал, донтолтыг донтоод байгаа зүйлээс илүүтэй, дотоод биед нь үүсээд байгаа бодисын ялгаралтай нь илүү холбож тайлбарлах дуртай. Сууриас нь сайн харж чадвал тэр нь илүү чухал ач холбогдолтой хэсэг нь байдаг.
Аливаа зүйлийн хамааралтай болно гэдэг нь үргэлж муу үр дагавартай байдаг. Тархи, гэдэс, биеэс хэвийн үйл ажиллагаанд ялгарч байдаг зүйлийг байнгын давтамжтай, хүчээр ялгаруулаад байвал тэр зүйлд бие нь дасна. Хүчээр ялгаруулах өдөөгч хүчин зүйлээ хийхгүй л бол аз жаргалын даавар ялгарахгүй. Нөлөөлж буй хүчин зүйлдээ бие дассан байдаг учраас түүнийгээ дахин дахин нэхээд, түүнээс өөр байдлаар аз жаргалын даавар ялгаруулж чадахаа больж, эмгэг шинж чанар руугаа орж, донтолт, архаг өвчин үүснэ. Түүнээс өөр зүйлээс аз жаргал авч чадахаа больчихоор маш хэцүү. Явсаар сэтгэл гутралд ордог.
Аливаа зүйлийн хамааралтай болж, асуудалд орж байгаа хүмүүсийн цаана дандаа сэтгэл гутралын асуудал, суурь зан үйлийн эмгэгүүд, цаанаа хэн нэгэнд хайрлагдаагүй, аль нэг хэрэгцээ нь хангагдаагүй хүмүүс байдаг гэж судалгаагаар батлагдсан байдаг. Суурь хангагдаагүй хэрэгцээ байна. Эсвэл авах ёстой хэрэгцээгээ хангахын тулд буруу, өөр зуршлаар авч байна гэж үздэг.
Үүнээс гарахын тулд гээд ярьвал зөндөө олон арга бий. Хүн бүр өөрөө өөртөө тохирсон аргыг олдог. Зарим хүмүүс эмийн эмчилгээнд явдаг. Зарим хүмүүс эмийн эмчилгээр сэтгэл засалтай хослуулдаг. Зарим хүмүүс групп терапи буюу бие биеэ дэмжих хэлбэрээр явдаг. Зарим хүмүүс зөвхөн өөрөө өөртэйгөө ажилладаг. Өөрөө өөртэйгөө ажиллахдаа харамсалтай нь нэг донтолтыг нөгөө донтолтоор солих гээд байдаг. Гэх мэт олон арга бий. Хамгийн найдвартай арга нь эхлээд хүн өөрөө асуудалтай байгаа гэдгээ мэдэх нь чухал. Өөрийгөө асуудалтай байгааг мэдчихвэл тусламж дэмжлэг авахад бэлэн болж эхэлдэг. Асуудлаа даван туулахад бэлэн болж, бага багаар удаан ч гэсэн алхмууд хийгээд байдаг. Янз бүрийн хүмүүс дээр очиж тусламж авах гэж оролддог. Хамгийн үр дүнтэй арга бол мэргэжлийн хүнд хандах.
Донтолт бүрэн эдгэрэх боломжтой. Гэхдээ тухайн хүний юунд хамааралтай болсон. Сэтгэцийн суурь асуудал нь ямар, сэтгэлийн тэнхээ, өөрийгөө хүлээн зөвшөөрөх хандлага, нийгмийн орчин, нөхцөл зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Олон үе шаттай байдаг. Зарим хүн нэг сарын дотор өөрийнхөө асуудлыг ойлгож ухамсарлаад, өөртэйгөө ажиллаж эхэлдэг.
Гэхдээ донтолт бүр ялгаатай. Архи согтууруулах ундаа болон мансууруулах бодис зэргээс гарна гэдэг нь нэлээн сорилттой. Учир нь дөрөв, таван жилийн дараа буцаад тэр зүйлээсээ хамааралтай болох нөхцөлүүд байдаг. Гэхдээ 20, 30 жил ямар ч бодисын хамааралгүй амьдарч байгаа хүмүүс ч бий. Хүнээсээ л шалтгаалдаг.
“Миний найз, нөхөр, ажлын хамтрагч тийм зүйлд донтчихсон юм шиг байна аа” гээд ярьдаг. Та хөндлөнгөөс анзаарахад ямар нэгэн зүйлд хамааралтай мэт санагдвал зүгээр л сонс. Таны зөвлөгөөнөөс илүү сонсох нь түүнд тусална.
Тэр хүн яагаад дэлгэцийн хамааралтай болсон бэ гэдэг нь асуудал. Тэр хүн аз жаргалтай биш байгаа учраас аз жаргалын даавраа ялгаруулах гээд байна. Яагаад тэр хүн аз жаргалгүй байна вэ. Амьдралд нь ямар асуудал тулгарсан, өөрт нь тухгүй зүйл юу байна гээд цаад суурь шалтгаан нь чухал болохоос наана нь “Хөөш, чи утсаа оролдохоо болиоч” гээд болихгүй. Харин сүүлийн үед амьдралд нь юу тохиолдоод байгаа бол, сэтгэл санаа нь хэр байгаа бол, ойрд юу болсон юм бол гэж ярилцаж найзтайгаа ойлголцох гэж, сонсох гэж оролдох нь зүгээр. Хүмүүс ихэвчлэн зөвлөх гээд байдаг. “Чи одоо ингэсэн дээр, тэгсэн дээр тэг, ингэ” гээд л. Яг асуудалтай байгаа хүн ярих хэрэгцээ нь хамгийн өндөр байдаг. Тэр хүнээс зөвлөгөө авах гэж ярьдаггүй. Анзаараад үзвэл зүгээр л чимээгүй сонсож байхад ярьж байхдаа тэр хүн өөрөө өөрийнхөө гарц гаргалгааг хайгаад олдог. Эсвэл ингээд байгаа юм аа гээд нэг удаадаа тайвшраад өнгөрдөг. Таны зөвлөгөө тэр хүнд яг үнэндээ хэзээ ч хэрэг болохгүй. Та хэрэг болно гэж бодож байж магадгүй. Гэхдээ тэр хүний дотор өөрөө өөрийнхөө асуудлыг даван туулах хүч нь байж байдаг болохоор зүгээр сайхан сонсоод өгөөрэй. Асуугаад “Чи минь хэр байна сайн уу, ойрд сонин сайхан юу байна, сэтгэл санаа нь хэр байна” гэх мэт асуултууд нь бие биедээ анхаарал халамж тавьж байгаа хэлбэр. “Уухаа болич, чи яахаараа хар тамхи хэрэглэдэг юм, дандаа утсаа ухаж суух юм” гэж хэлээд ямар ч нэмэр, үр дүн байхгүй” гэв.