“Хөрөг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаартаа Монгол билиг сэтгэлзүйн төвийн сэтгэл судлаач Г.Дарьсүрэнг урьж ярилцлаа. Өсвөр насандаа өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлдэггүй байсан тэр сэтгэл зүйч мэргэжлээр сурснаар өөртөө итгэлтэй, илүү том зорилготой болжээ. Г.Дарьсүрэнгийн мөрөөдөл нь аз жаргалтай, зөв хүн байж аав, ээжийгээ баярлуулах гэсэн юм.
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОХОД НЬ ТУСЛАХ ЗОРИЛГООР СЭТГЭЛ ЗҮЙЧ МЭРГЭЖЛИЙГ СОНГОСОН
Г.Дарьсүрэн “Би өсвөр насандаа одоогийн зарим хүүхдүүдийн л адил трауматай байсан. “Намайг хэн ч тоодоггүй, надтай хэн ч харьцах дургүй”гэж бодоод, өөрөө өөрийгөө бусдаас тусгаарладаг. Одоо бодоод үзэхээр хэзээ ч хэн нэгэн “Чамтай найзлахгүй, чамтай харьцмааргүй байна” гэж хэлсэн тохиолдол байхгүй. Би өөрөө л өөрийгөө тусгаарлаад, надтай хэн ч харьцахгүй байгаа юм шиг мэдрэмжүүд өөртөө өгөөд байсан болохоос бодитоор байгаагүй юм байна гэдгийг ойлгосон. Оюутан болоод үүнийгээ бодоод, мэргэжлээрээ ажиллаад, янз бүрийн онол үзэхээр би зүгээр л өсвөр насны хямралаа давж чадахгүй байснаа ойлгосон. Тухайн үедээ надад маш хүнд, хэцүү байгаа юм шиг санагдаж байсан. Тэгээд л өсвөр насны хүүхдүүдэд өөрийгөө ойлгож, олоход нь тусалдаг хүн болъё гэж шийдсэн. Яагаад гэвэл тухайн үед намайг чиглүүлдэг хүн байгаагүй юм шиг санагддаг. Эгчтэйгээ би нэг л насны зөрүүтэй. Гэхдээ яагаад ч юм айлын дунд хүүхдүүдийн онцлогоор би эд нараас илүү байж, илүү анхаарлыг нь татаж байж үнэлэгдэнэ гэж боддог. Эгчтэйгээ бараг харьцдаггүй тохиолдол ч байсан. Одоо тэр үеэ бодож, дүн шинжилгээ хийхээр хамгийн ярилцах, ойлголцох боломжтой нөхцөл байдалд өссөн гэдгээ сайнаар дүгнэдэг. Яг мэргэжлээрээ сурах явцдаа би өөрийгөө олсон” гэж мэргэжлээ сонгоход өөрийнх нь асуудал тусласан тухай хуваалцлаа.
“ЗӨВ ХОР ШАР ХҮНИЙГ ЗӨВ АМЬДРАЛД ЧИГЛҮҮЛДЭГ”
Г.Дарьсүрэн өөрийгөө “Зөв хор шартай” гэж тодорхойлсон юм. Тэрээр “Би маш их шартай. Миний зөв байвал эцсийг нь хүртэл мэтгэлцэж, баталдаг. Батлахын тулд их шаралхдаг байсан. Зөв хор шар хүнийг зөв зам руу нь чиглүүлдэг юм шиг санагддаг. Эсрэгээрээ хор шаргүй бол байрандаа байгаад байх юм шиг. Зөв хор шар зөв цагтаа хөдлөх юм бол хүнийг зөв зүйл рүү, зөв зам, зөв ажил, зөв амьдрал руу чиглүүлдэг юм шиг санагддаг.
Бүх сэтгэл мэдрэмж хүнд хэрэгтэй байдгийн адил тодорхой хэмжээнд тун нь таарвал зөв зам руу чиглэхэд хялбар. Тун нь ихдэх эсвэл багадвал муу. Аливаа зүйлийн тунг тааруулж явах нь чухал.
Би хор шарынхаа тунг тааруулсан гэж боддог. Манай гэр бүл үүнийг тааруулахад гар бие оролцсон. Манай ээж, аав, багш нар, найзууд тэр тунг жаахан нэмж, хасаад л явж байсан. Амьдралын минь хугацаанд учирсан хүн бүр намайг бүтээхэд туслалцаа үзүүлсэн. Гэхдээ дийлэнх хувийг би өөрөө биеэрээ мэдэрч байсан. Зөв зүйлсээ хүлээж авах, буруу зүйлстэй тэрсэлдэж байсан үеүд ч бий. Гэхдээ үүнээсээ ухамсарлаад, зөв үйлдэл хийх хэмжээний хүмүүжил надад ээж, аав минь олгосон учраас би өдий зэрэгтэй байгаа гэж боддог” гэв.
МЭРГЭЖЛИЙН МИНЬ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛ НЬ ИТГЭЛ
Г.Дарьсүрэн “Монгол билиг” сэтгэл зүйн төвд сэтгэл хүүхдийн сэтгэл зүйчээр дагнан ажилладаг. Үйлчлүүлэгч, сэтгэл зүйч хоёрын хамтарч ажиллах, асуудлыг шийдэх ганц түлхүүр бол итгэлцэл аж.
“Миний мэргэжлийн хамгийн үнэ цэнтэй зүйл нь итгэл юм болов уу. Хэн нэгний итгэлийг алдахгүй байх, хэн нэгний итгэлийг олох гэдэг нь хамгийн чухал. Бид эхний удаагийн оношилгоо эсвэл заслын явцад үйлчлүүлэгчийнхээ итгэлийг нь олоод авчихвал ажил их хөнгөрдөг. Тухайн хүний итгэлийг олж авсандаа их баярладаг. Түүндээ урамшаад, тухайн хүний засал, уулзалтыг нь үр дүнтэй болгож, зөв чиглүүлэх гэж их хичээдэг. Надаас ч итгэл шаарддаг, үйлчлүүлэгчээс итгэл шаарддаг буюу итгэлцэл дээр бүх нууцууд оршиж, асуудалд ханддаг. Энэ нь яагаад чухал вэ гэвэл тухайн хүн заслын үед өөрөө өөртэйгөө тэмцэлдэх үе тохиолддог. Өөрөө өөртөө үнэнч байхаас эхэлдэг. Гэтэл тэр хүний үнэнч байсан эсэхэд би итгэхгүй бол цаашлаад өөр хэн нэгэн итгэхгүй буюу тэр хүн үйлдэл хийхэд саад учруулах учраас би тэр хүнд 100 хувь итгэдэг. Эсрэгээрээ тэр хүн ч надад итгэж нууцуудаа ярьдаг. Тиймээс мэргэжлийн маань үнэ цэн нь итгэл юм шиг санагддаг” гэсэн юм.
СҮЛЖИЖ, НЭХЭХ ҮЕД ТУХГҮЙ МЭДРЭМЖҮҮДЭЭС АНГИЖИРЧ, ТАЙВШИРДАГ
Тэр чөлөөт цагаараа нэхмэл хийх сонирхолтой аж. Зөвхөн нэхэж буй зүйлдээ төвлөрч, ажлын стресс, тавгүй болгож буй зүйлсээс ангижрах боломж олгодог учраас дурлаж нэхдэг гэв.
Г.Дарьсүрэн “Би сүүлийн хоёр жил сүлжмэл малгай, цамц, цүнх нэхэхэд их сонирхолтой болсон. Ойр дотнын хүмүүс, найзууд, өөртөө нэхмэл зүйлс хийх сонирхолтой, нэхмэл хэрэгслийн дэлгүүр орох дуртай.
100 хувь нэг нэхээсээр яваад байдаг зүйлс байдаг. Заримдаа хосолсон нэхээсээр явах зүйлс ч бий. Тэд яваад, тийм давхар нэхээс авна гээд л тоолдог. Түүндээ 100 хувь төвлөрдөг учраас амьдралын процесс, чамайг стресстүүлж, бухимдуулж, тухгүй болгож буй мэдрэмжүүдээсээ холдож, 100 хувь бүтээл рүүгээ хамаг сэтгэл зүрхээ зориулж, анхаарлаа хандуулдаг учраас сэтгэцийн, сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг. Бачимдаад, давчдаад байгаа зүйлсээ эергээр сольж, сэтгэлзүйн хувьд тодорхой хэмжээний therapy шиг зүйл хийж байсан гэдгээ ойлгосон. Та бүхэн ч гэсэн стресстээд, бухимдаад байвал нэхээд үзээрэй. Үнэхээр тайвшрал, амар амгаланг өгдөг шүү” гэв.
ХҮН ШИГ ХҮН БАЙЖ ААВ, ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛНА
Тэрээр “Би амжилттай, аз жаргалтай байвал аав, ээж минь маш их баярлана. Эд зүйлсөгвөл баярлана л даа, гэхдээ намайг амжилттай явахад, өөрөөрөө, хүн байхад л аав, ээж маань илүү баярлах байх гэж боддог. Намайг хараад би энэ хүнийг төрүүлсэн шүү гэж баяр,бахдал төрөхөөр хэмжээний, энэ нь ямар ч эд хэрэгсэл, материаллаг зүйлээс илүү сэтгэлийн амар амгаланг өгвөл аав, ээж минь аз жаргалтай, магнай тэнэгэр байх юм шиг санагддаг даа. Тийм ч учраас хүн шиг хүн байж, аз жаргал, амжилттай байж аав ээжийгээ сэтгэл амар байлгах юм сан л гэж боддог” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.