Бага насны хүүхдээ бэлгийн хүчирхийллийн хохирогч болгохгүйн тулд хүүхэдтэйгээ маш сайн ярилцах, ойлголцох, өөрсдөө бэлгийн боловсролтой байгаад хүүхдэдээ насан туршийн бэлгийн боловсрол олгох талаар сэтгэл зүйчид зөвлөдөг. Бид яг одоо бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан эмэгтэйтэй ярилцах гэж байна. Түүний хувьд олон мянган хүүхдүүдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч битгий болоосой гэсэндээ өөрөө туулсан, мэдэрсэн зүйлсийнхээ тухай ярих гэж байгаа юм.
-Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон бол сэтгэл зүйн хувьд ямар асуудлуудтай нүүр тулдаг тухай ярьж, яриагаа эхлэх үү?
-Ер нь энэ бол маш хар баараан л даа. Юунд ч итгэхээ болино, бүх зүйл аймар хэцүү санагдана. Яг энэ шиг бүх зүйл ийм хэцүү байдаг болов уу гэж бодож эхэлдэг. Тийм болохоор ер нь сэтгэл зүй бол муугаар хэлэх юм бол хав хар байна. Ямар ч гэрэл гэгээ байхгүй. Ямар ч итгэл найдвар гэж байхгүй болчихдог.
-Энэ үйл явдал яг хэдэн жилийн өмнө тохиолдсон бэ? Яг юу болсон бэ?
-Намайг 12 настай байхад болсон үйл явдал. Би айлын ганц охин юм л даа. Харин тэр хүн манай хамаатны ах байсан. 18,19 л хүрч байсан байх. Манайд ер нь ирдэг байсан. Аав ээж маань ер нь тэр ахад их сайн байлаа. Уг нь тэр хүн ирэхдээ ер нь хонодоггүй, орж гараад л явдаг байсан. Сүүлдээ манайд хонодог болсон. Эндээс л бүх юм эхэлсэн. Тэр үедээ намайг тэвэрнэ гээд, надад хүрэхдээ, тэвэрч байхдаа гараа дээшээ доошоо болгох ч юм уу, тиймэрхүү үйлдэл их гаргадаг байсан. Эхэндээ би юу ч боддоггүй байсан л даа.
Аав ээж маань нэг өдөр хөдөө явсан юм. Тэгэхэд тэр хүн намайг хараад үлдсэн…Тухайн үед намайг юу гэж бодох бол, итгэх болов уу, итгэхгүй болов уу гээд айсан учраас хэнд ч хэлж чадаагүй.
Тэр хүн эхлээд хажуугаар орж ирээд хэвтээд гардаг байсан. Тэр нь надад эвгүй санагддаг байсан л даа. Тэр өдөр би бас жаахан ядарчихсан, орж ирээд л шууд унтчихсан юм. Сэрээд харсан чинь тэр хүн миний дээр хөдөлж байсан.
Би үнэхээр цочирдсон. Хүн цочирдохоороо бүр юу ч дуугарч чадахаа больдог юм билээ. Би тэгэхэд сэрсэн гэдгээ мэдэгдэхгүй байхыг л хичээсэн. Яагаад ч юм сэрсэн гэдгээ мэдэгдэхээс айгаад байсан хэрэг. Тэр хүн хөдөлж байгаад босоод явчихсан. Тэрнээс хойш ер нь энэ үйлдэл нь давтамжтай болсон. Орж ирээд л миний хажуугаар хэвтээд л, хөдөлж байгаад гараад явчихдаг. Хамгийн сүүлд орж ирээд, дахиад миний дээр гарч байхад нь би "Больчих оо, гуйя, битгий ингэ л дээ, та больж болохгүй юм уу" гээд би асууж байхад өөдөөс "Чи ийм удаан ийм зүйл хийлгэчхээд одоо яагаад ингээд байгаа юм" гэсэн. Тэр үг миний голыг үнэхээр зүсэж байсан. Тэгээд л би орноос түлхчихсэн. “Авраарай, туслаарай” гээд би өөрийн эрхгүй орилсон. Би тийм үйлдэл өмнө нь гаргаж байгаагүй болохоор тэр их сандарсан байх. Шууд босоод явчихсан. Энэ бүхэн өнгөрсний дараа тэр сэтгэл зүйтэйгээ маш хэцүү байсан. Унтаж чадахгүй, намайг унтаж байх хооронд яачих бол, намайг оролдчихсон байвал яах вэ, би унтчих юм бол болохгүй юм болов уу гэж бодоод л.
-Энэ тухайгаа хэзээ гэрийнхэндээ хэлсэн юм бэ?
-Эхлээд би энэ талаар найздаа хэлсэн л дээ. Гэхдээ би өөртөө болсон гэж хэлээгүй, манай найзад ийм зүйл болсон юм аа гэсэн чинь өөдөөс "Чи ээж аавдаа хэлээд үз" гэж хэлээч гэсэн. Энэ бол миний асуудлыг шийдэж чадах ганц зүйл байсан. Гол нь тэр охинд бурууг өгөөгүй хандлага юм. Тэр нь надад тухтай байсан. Тэгвэл манай аав ээж хоёр ч бас надад буруу өгөхгүй байх гэж тэгэхэд л бодсон.
-Аав, ээж нь энэ асуудлыг яаж хүлээж авсан бэ?
-Надаас уучлалт гуйгаад л байсан. Намайг тэврээд, "Миний охин" гэж хайрлаж, энхрийлдэг байсан хүн тийм юм сонсоход маш хэцүү байсан байх. Би яагаад эрт хэлж болоогүй юм бэ гэдэгтээ үнэхээр харамссан.
-Манай нийгэмд хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдүүд, бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа охид олон байна. Энэ аймаар нуугдмал асуудал байдаг. Нуугдмал байгаа шалтгаан нь нийгмийн хандлагатай холбоотой гэж та бодож байна уу?
-Ер нь бол тийм. Хүүхэдтэйгээ ерөөсөө бэлгийн боловсролын талаар эцэг эхчүүд ярьдаггүй. Энэ бол маш том алдаа. Энэ сэдвээр ярих нь нэг тийм бузар булай юм болох гээд байгаа юм шиг ханддаг. Аль болох багаас нь, эмэгтэй хүүхдийн юм ирээд эхэлчихсэн үеэс эхлэн бэлгийн боловсрол гэдэг зүйлийг суулгах хэрэгтэй.
-Таны хувьд 12 насандаа ийм хүнд зүйлийг мэдэрсэн гэхээр хүүхэд насандаа том хүн шиг бодох шаардлагатай, том хүн шиг зовох шаардлагатай ийм нөхцөл байдал үүссэн байна. Тэгээд энэ мэдрэмжүүд цаг хугацааны аясад дарагдаж гайгүй болдог уу? Дахин ийм асуудлууд гарах болгонд сэдрээд, улам хэцүү болоод байдаг юм уу?
-Гэр бүл, найз нөхдийн болон хувь хүний сэтгэл зүйн дэмжлэг маш их шаардлагатай. Энэ бол хэзээ ч эдгэрэхгүй шүү дээ. Эдгэрэхгүй толбо юм чинь бүр мөсөн мартахгүй, түр зуур ч гэсэн мартуулаад, жаахан ч гэсэн нимгэлж өгөх ёстой. Манай аав ээж надтай хохирогч гэдэг хандлагаар харьцаагүй. Яг өмнөх шигээ харьцсан нь үнэхээр их дэм болсон.
-Ер нь эцэг эхтэйгээ сайн ярилц аа л гээд байдаг, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ сайн ярилц л гээд байдаг. Хүн бие дээрээ мэдрэхээс нааш ойлгодоггүй ч юм шиг, хэлэхгүй хүүхэдтэйгээ ярилцахгүй байснаараа юуг алдах юм бэ?
-Хүн хүнтэй ярилцаж байж л тухайн хүний талаар мэддэг. Мэдээж тэр хүнээс төрсөн ч гэсэн хүүхэд нь өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа. Хэрвээ хүүхэдтэйгээ та ярилцахгүй байх юм бол тэр хүнийг алдаж байна гэсэн үг . Хажууд чинь тантай хамт байгаа ч гэсэн таны хажууд байхаа больчихсон байна. Эсхүл тэр хүн өөрийнхөө хувьд үхчихсэн байна. Аз жаргал, хайр, гэр бүл бүх зүйлээ алдаж байна гэсэн үг. Амьдралын утга учраа хүртэл алдаж байгаа гэсэн үг. Охинтойгоо, хүүтэйгээ ярилц, ойрхон бай, найзууд шиг бай. Ярилцахыг үнэхээр хүсэхгүй байвал миний хүүхэд яг яавал надтай ярилцах вэ гэдгийг эрж хай. Загнахаасаа илүү зүгээр ойлгохыг хичээ. Тэгвэл хүүхдүүдээ алдахгүй, хэзээ нэгэн цагт ямар нэгэн зүйлээс болж харамсаж суухгүй.