Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн П.Анужин хүүхэд хамгааллын асуудлаар мэдээллээ.
Тэрээр “УИХ-ын дэргэдэх Нийгмийн бодлогын байнгын хороо нь нийгмийн асуудалд тэр дундаа хүүхэд хамгааллын асуудлыг цогцоор нь шийдэх шийдэл бол хүүхэд хамгааллын тухай хууль.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн тухайд УИХ-ын зүгээс 2023 оны гуравдугаар сард ХНХЯ-нд энэ хуулийн шинэчилсэн найруулгыг яаралтай өргөн бариулах тухай тогтоол Засгийн газарт өгсөн. Энэ тогтоол хэрэгжихгүй байна.
Бид хүүхэд хамгааллын асуудлын хажуугаар эмийн асуудал, насанд хүрээгүй хүүхдийн төрөлт, хүүхдийн сургууль, цэцэрлэгийн орчин дахь агаарын асуудал, хүүхдийн хоол тэжээлийн асуудал, сургууль, цэцэрлэгийн орчин дахь архи, тамхи хэрхэн зарж борлуулах талаар байнга ярьдаг. Харамсалтай нь эдгээр асуудлыг ярилцаж, хэлэлцэх үед хэвлэлүүд огт байдаггүй. Жишээлбэл, долоодугаар сард хүүхэд хамгаалах тухай хяналтын сонсгол болсон. Ингэхэд хэвлэл мэдээллийн байгууллага байгаагүй.
Монгол улсад хууль, тогтоомж багадаагүй. Гагцхүү хуулийн хэрэгжилт байхгүй байна. УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаад, мэргэжлийн хүмүүс ажиллаад, судалгаа шинжилгээг нь хийгээд, бэлэн өгөөд байна. Хууль хэрэгжихгүй байгаад асуудлын гол гогцоо нь байна. Тиймээс өнөөдөр хуулийн хэрэгжилтийг шаардах шаардлагатай байна.
Улс эх орон даяар харанга дэгдэж, хүн бүр нэг асуудалд анхаарч байгаа явдал улсын төсөв хэлэлцэхийн өмнө болсон нь нэг талаараа зөв зүйл боллоо гэж бодож байна. Учир нь улсын төсөв хэлэлцэх үед хүүхэд хамгааллын асуудлыг эмэгтэйчүүдийн асуудал гэж үздэг учраас хэдэн эмэгтэй гишүүд хөлөө эргэтэл гүйдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эх нярайн асуудал, төрөхийн асуудал гэж гүйж яваад, арай гэж олон жил үе үеийн парламентач эмэгтэйчүүдийн тэмцлийн үр дүн нь энэ яриад байгаа өчүүхэн найман тэрбум төгрөг. Энд нэг ч эмэгтэй байхгүй байсан бол өнөөдөр магадгүй үүнээс долоон дор зүй ярих байсан. Цаашид эмэгтэйчүүд, хүүхдийн, эрүүл мэнд, эх нялхсын асуудлыг зөвхөн эмэгтэйчүүд, ээжийн асуудал гэж авч үзэж байгаа нийгмийн хандлага нь өөрөө гажуудал юм. Хүүхдээ хамгаалах нь ээж, аавын асуудал.
Төсөв нэмэгдүүллээ гээд хүүхэд хамгаалал сайжрахгүй. Хууль хэрэгжих гол үндсэн нөхцөл нь төсөв. Найман тэрбум төгрөгийг 14 тэрбум төгрөг болгож байгаа нь дэвшил мөн. Гэхдээ өнөөдөр Х.Булгантуяа сайдын мэдээлэлд өнөөдрийг хүртэл улсын төсвөөр баталж байсан найман тэрбум төгрөгийг халамж, анхаарал шаардлагатай хүүхдүүдэд хуваагаад үзвэл 20 мянган төгрөг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хуваагаад үзвэл 15 мянган төгрөг” гэж. Хүүхэд хамгаалал гэдэг бол нэг яам, нэг эмэгтэйн хийдэг ажил биш. Хүн бүр өөрсдөөсөө унагасан үр хүүхдээ энхрийлэн, хайрлаж, хамгаалж байж хэрэгждэг зүйл юм.
Хүүхдийг хэрцгийлсэн, хүүхэд хүчирхийлсэн, хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн ялын бодлогыг чангатгахад би туйлын хатуу байр суурьтай байна. Хүүхэд хэрцгийлсэн хэрэгтэн эргээд нийгэмд харах нүүргүй, амьсгалах агааргүй болтол нь шийтгэх ёстой. Бид хүүхэд хамгааллын хууль боловсруулахдаа маш нягт ажиллана” гэв.