Уг нь миний мөрөөдөл их энгийн. Өдөр тутмын ажлаа хийгээд, өөрийн орлогоо тасалдуулчихгүйхэн шиг мөрөөрөө амьдрах. Санаагаар болдог бол төрийн томчуудын хийсэн ажлын тайлан, баяр ёслолын мэдээг хаа нэг харчхаад л явж баймаар. Харамсалтай нь төр удирдаж буй хүмүүс бидний амьдралыг энгийн болгох нь бүү хэл харин ч ажил, амьдралын хажуугаар улам их дараа болох юм.
“Чамд ямар хамаатай юм бэ, тоохгүй амьдраач” гэж хэлэх хүмүүс бий. Болдог бол тэгмээр л байна. Гэтэл, “хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн” гэдэг шиг бид чинь өнөө тасалдуулчихгүй юмсан гэж нервээ барж, хөлсөө дуслуулж олсон хэдэн төгрөгөөсөө овоо хэдэн хувийг нь төрдөө “тушаадаг”. Төрийн эрх барьж буй хүмүүсийн гарын салаагаараа урсгаж буй тэр бүх мөнгө бидний “тушаасан” татвар, хураамж, шимтгэлээс л голцуу бүрдэж буй.
Тэр тушаасан мөнгийг яаж зарцуулж байгааг нь бид хянах боломжтой байхын тулд улсын төсвийн аливаа зарцуулалтыг хуульд заасан журмын дагуу явуулах шаардлага тавигддаг. Ямар хууль вэ гэж үү? Тухайлбал, хуулиудад “ил тод байх” зарчим, “иргэдийн мэдэх эрх” – ийн талаарх тусгасан байдгаас гадна зарим тохиолдолд бүр тусгайлсан хуулиар зохицуулна. Түүний нэг жишээ нь “Тендерийн хууль” буюу “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль” юм.
Гэтэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүхэл бүтэн “гурван зуун арван найман тэрбум төгрөг” – ийг дээрх хяналтаас гадуур зарцуулжээ. 318 сая биш, 3.18 тэрбум биш. Бүхэл бүтэн 318 тэрбум төгрөг. Угтаа 3.18 тэрбум ч бай 318 сая ч бай “энгийн” иргэд бидний хувьд төдийгүй бизнес эрхлэгчдийн хувьд ч энэ бол асар их хэмжээний мөнгө шүү дээ.
Бид өөрсдөө амьдралдаа нэг ч удаа ийм хэмжээний мөнгө гар дээрээ барих нь бүү хэл дансандаа ч байлгаж үзээгүй хүмүүс хэр нь эцэс төгсгөлгүй олон давтагдах төсвийн хулгайн том том дүн сонссоор байгаад дөжирч байх шиг. Зах зухаас нь дурдвал 2018-2019 онд яригдаж байсан ЖДҮХДС-аас УИХ-ын гишүүдийн зүй бусаар авсан гэгддэг 1 тэрбум төгрөг, МАН-ын 60 тэрбумын хэрэг, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн С.Батдөлийн 7.3 тэрбум төгрөг гээд бүгдийг нь дурдана гэвэл эцэсгүй урт жагсаалт гарах биз.
Одоо харин энэ тоо дараагийн шат руугаа орж 318 тэрбум төгрөг болж байна. Иргэдийн дундаж цалинг 1.5 сая төгрөг гэж үзвэл энэ дундаж цалинтай хүн татвар, шимтгэлээ хасаад гар дээрээ авсан цалингаасаа 1 ч төгрөг үрэхгүй хадгалбал 22,000 гаруй жилийн дараа 318 тэрбум төгрөг хураах нь ээ. Ийм л хэмжээгүй их мөнгөний асуудал юм.
Л.Оюун-Эрдэнийн даргалж буй МАН-аас томилогдон төрийн байгууллагын шат, шатанд удирдах ажил хийж буй хүмүүс, Л.Оюун-Эрдэнийн засгийн газар энэ 318 тэрбум төгрөгийг их далдуур, нууцалж зарцуулжээ. Тэрийг “автобус худалдаж авах ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалд хамаарна” гэх сүртэй үгээр халхавчилчихсан. Бүр Тагнуулын ерөнхий газраа хүртэл оролцуулжээ. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч 2022 оны аравдугаар сард 2023 оны улсын төсвийг хэлэлцэх үеэр “нийтийн тээврийг цогцоор шинэчилнэ” гэж хэлж байсан, тэрээр энэ шинэчлэлээ ийнхүү далдуур хийж буй нь энэ бололтой.
Автобусны худалдан авалт яаж ҮАБ-ын асуудал болов гэдэгт ганц тайлбар хэлэхдээ “иргэд -40 хэмийн хүйтэнд 40 минут автобус хүлээдэг нь иргэдийн эрүүл мэнд, эрх ашигт сөргөөр нөлөөлж байна” гэх утгатай тайлбартай…
Ийм тайлбараар аливаа асуудлыг ҮАБ-д хамаатай гэж үзвэл манай улсад ҮАБ-д хамаарахгүй асуудал үлдэхгүй гэхэд хилсдэхгүй. Өвлийн утаа, халтиргаатай зам, хаврын агаар дахь нян бактеритай тоосонцор, зуны үер, хичээлийн танхимдаа даацаас хэтрүүлэн чихэж суугаа амьсгалах агааргүй шахам хүүхдүүд… гээд жагсаагаад бичвэл мөн л дуусахгүй.
Гэтэл ийм үнэмшхээргүй тайлбартай, бидний зүүдэндээ ч барьж үзээгүй хэмжээний мөнгө гэж хэлж болохоор “гурван зуун арван найман тэрбум төгрөг”-ийн зарцуулалт дээр өнөө хулгай, шударга бустай чөмгөө дундартал ганцаараа тэмцэж байгаа Л.Оюун-Эрдэнэ ерөнхий сайд ганц үг ган хийсэнгүй. Үүнтэй холбоотой төрийн албан тушаалтнуудаа ч шалгахгүй өнгөрөөх бололтой. Худалдан авах ажиллагааны процесст оролцсон хувийн байгууллагууд болох Тэнүүн-Огоо ХХК болон нийлүүлэгч компанийн төлөөлөгчдийг саатууллаа гэх сүржин мэдэгдлээр л энэ асуудлыг намжаах гэж үзэж байх шиг.
Ийм их хэмжээний мөнгийг, бүр ТЕГ нь оролцож ямар ч хууль, журам, шаардлагагүйгээр хийсэн “сэжигтэй” худалдан авалтад хууль зөрчсөн асуудал байлаа гэж үзэхэд төрийн албан тушаалтнуудын оролцоогүй болж өнгөрсөн гэдэгт ёстой тэнэг л биш бол хэн итгэх вэ дээ?
Тэгсэн ч МАН-ын эрх барьж буй Засгийн газар, хууль хяналтын байгууллагууд төрийн албан тушаалтнуудаа шалгахгүй өнгөрүүлж байна. Бүр шалгахгүй байгаад зогсохгүй одоогийн ажлаас нь чөлөөлж “хариуцлага тооцож” байгаа нэртэй өөр албан тушаалд томилогдож буй талаар яриа сонстох. Ингэж ч хариуцлага тооцдоггүй байх.
Ном журам нь бол энэ сэжигтэй худалдан авалтад оролцсон албан тушаалтнуудыг албан тушаалаас нь түдгэлзүүлж, зохих журмын дагуу шалгаж, буруутай бол ажлаас нь чөлөөлөхийн зэрэгцээ хуульд заасан хариуцлага хүлээлгэж, буруугүй бол буцаагаад ажлыг нь хийлгэх ёстой юм.
Л.Оюун-Эрдэнэ гэж хамар доор нь болж өнгөрсөн бүхэл бүтэн 318 тэрбум төгрөгийн дүнтэй сэжигтэй худалдан авах ажиллааг өөрийнх нь ажил болоод ч тэр үү шалгах, илрүүлэх талаар огт дуугарахгүй байж иргэд шалга, хариуцлага хүлээлгэ гээд шаардахаар аль 10 гаруй жилийн өмнөх шахуу АН, Э.Бат-Үүл нарыг л хов ярьж буй аятай муулж, занасан хүн байх юм.
Угтаа МАН-ын Монгол бараг л бүх эрх мэдлийг аваад бараг 8 жил өнгөрч байна. Монгол Улсын Ерөнхий сайд, улсын хэмжээнд бараг бүх эрх мэдлийг барьж буй МАН үнэхээр л “хулгай”-тай, шударга бустай тэмцэж байгаа л юм бол бүхэл бүтэн 318 тэрбум төгрөгийн дүнтэй, ийм илт “сэжигтэй” төсвийн зарцуулалттай холбоотой, оролцсон бүх л албан тушаалтнуудаа холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, зүй бус оролцоотой эсэхийг нь тогтоох ёстой. Эс бөгөөс энэ нь Л.Оюун-Эрдэнэ бидний өмнө гарч ирж нэг юм яриад, ажил хэрэг дээрээ тэс өөр үйлдэл хийдэг ээлжит нэг тохиолдол л болно.