“Хүннү Эйр” компани өнөөдөр Монгол улсад дутагдалтай байгаа нисгэгч мэргэжилтэй боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэх, компанийнхаа ажилтнуудаа хөгжүүлэх, боломж олгохын тулд байгууллагадаа үр бүтээлтэй, тогтвортой ажиллаж байгаа, холбогдох шаардлагыг хангасан ажилтнуудаасаа сонгон шалгаруулж, нисгэгч мэргэжлээр гадаад улсад суралцуулах тэтгэлэг олгож эхэлжээ. Одоогийн байдлаар гурван ажилтнаа АНУ, Канад улсуудад сургаж байна.
Нисгэгч мэргэжил эзэмшихэд хаана, ямар сургуульд сурахаасаа шалтгаалан дунджаар 300-400 сая төгрөгийн төлбөртэй. Үүн дээр амьдрах зардал нэмэгдэнэ. Бусад мэргэжилтэй харьцуулахад нэлээд өндөр үнэтэй учраас уг хөтөлбөр нь нисгэгч болох чин хүсэлтэй ч сурч чадахгүй байгаа олон залуусын мөрөөдлийг биелүүлэх маш том боломж юм. Бид “Хүннү Эйр” ХХК-ийн тэтгэлэгт хамрагдан суралцаж байгаа ажилтнуудтай холбогдон, сэтгэгдлийг нь сонслоо.
“ЭНЭ БОЛОМЖ ЭЭЖ БИД ХОЁРЫН МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛСЭН”
Канад улсын Ванкувер хотын Mont Air Aviation сургуульд нисгэгч мэргэжлээр сурч буй Д.Цэрэнтогтох
Тэрээр “Би “Хүннү Эйр” компанид таван жил ажиллахдаа механикчаас инженер болтлоо дэвшиж ажилласан. Багаасаа л нисгэгч болох мөрөөдөлтэй хүүхэд байсан. Их сургуульд орохдоо нисгэгчээр сурмаар байсан ч өндөр төлбөртэй учраас сурч чадаагүй. Санхүүгийн боломждоо тааруулаад инженер мэргэжлээр сурч, төгссөн. Нисгэгч болохын тулд өөрийнхөө хэмжээнд судалж, тэтгэлэг хөөцөлдөж байсан ч бүтэлгүйтсэн. Тиймээс “За за, инженерээрээ л ажиллая. Ядаж л нисэхийн салбартаа ажиллаж байгаа нь гоё юм даа” гээд нисгэгч болох мөрөөдөл минь яг л унтарч байсан.
Яг тэр үед энэ тэтгэлэг зарлагдахад шууд “Энд л багтах ёстой, энэ боломжийг л атгая” гээд бүх бололцоогоо дайчлан зүтгэсэн. “Тэнцлээ” гэхэд маш гайхалтай мэдрэмж төрсөн. Хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Учир нь миний ээж надаас илүү намайг нисгэгч болгохыг мөрөөддөг, хүсдэг. Энэ боломж дан ганц миний ч биш, ээжийн мөрөөдлийг биелүүлсэн. Унтарч байсан мөрөөдлийг минь сэргээж, боломжийг олгож өгсөн удирдлагууддаа, хамт олондоо үнэхээр их талархаж байна. Цаашдаа ч олон залууг хүрч чадахгүй байгаа мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болно гэж итгэж байна” гэж тэтгэлэгт хамрагдсан сэтгэгдлээ хуваалцлаа.
“ХҮННҮ ЭЙР” ХХК-ААС ОЛСОН МӨРӨӨДӨЛ МИНЬ ЗУРГААН ЖИЛИЙН ДАРАА БИЕЛЖ БАЙГААД ТУЙЛЫН БАЯРТАЙ БАЙНА
Канад улсын Ванкувер хотын Mont Air Aviation сургуульд нисгэгч мэргэжлээр сурч буй О.Насанжаргал
“Би “Хүннү Эйр” ХХК-д 2018 оноос эхлэн ажилласан. Нисгэгч мэргэжлээр сурч байгаа нь миний гурав дахь мэргэжил. Би маш их хугацааг өөрийгөө олоогүй, өөр зүйлд зарцуулсан. Анх 2012 онд нисэхийн чиглэлээр суралцаж эхэлсэн. Төгсөөд МУИС-д IT-ийн чиглэлээр суралцсан. Суралцаж байх хугацаандаа “Хүннү Эйр” ХХК-д ажилд орсон. Ажлын байранд гараад, компанийнхаа нисгэгчидтэй ойр ажилладаг болсноос хойш тэдний нисгэгч болсон түүх, мэргэжлийнхээ онцлогийн тухай яриа зэргийг сонсоод “Би ч гэсэн болж болох юм байна” гэдэг сэтгэгдэл төрсөн.
Ер нь аливаа зүйлийг итгэл, үнэмшилтэй хийдэг, мэргэжилдээ эзэн болсон хүн мэргэжлээ, хийж буй ажлаа гоё харагдуулдаг. Манай байгууллагад тийм гоё хүн олон бий. Дурдвал, Ариунбаяр онгоцны дарга. Бид Борько гэж дууддаг юм. Борько ахыг хараад “Ямар гоё, мундаг хүн юм бэ. Энэ хүн шиг нисгэгч болох юм сан” гэж мөрөөдөх болсон.
Ингэж эхэлсэн мөрөөдөл минь 2017 оноос хойш явсаар зургаан жилийн дараа биеллээ олж, одоо сурч байгаадаа туйлын их баяртай байна.
Нисгэгч болох мөрөөдөлтэй болсон цагаасаа хойш мөнгөө цуглуулж, хувийн зардлаараа эсвэл ИНЕГ-ын тэтгэлгээр сурахаар хөөцөлдөж байсан ч цар тахал болон бусад зүйлс нөлөөлж, маш их хугацаа алдсан. Гэсэн ч шантралгүй судалсаар АНУ, Канадад хэд хэдэн сургуультай холбогдсон. Канадад сурахынхаа хажуугаар ажиллах боломжтой учраас Канадыг сонгосон. Гэвч дахид л нэг бэрхшээл тулгарсан юм. Тэр нь визанд орохдоо сургалтын төлбөрөө 100 хувь, суралцах хугацааны амьжиргааны зардалтайгаа дансандаа байршуулах шаардлага үүссэн. Мэдээж ийм их хэмжээний мөнгө байхгүй тул бас боломжгүй болсон. Харин энэ үед компанийн маань зүгээс тэтгэлгийн хөтөлбөрт сонгон шалгаруулалт зарлаж, би хамрагдах эрхтэй болсноор мөрөөдөл минь биеллээ олсон.
Миний ижил олон залууд мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгож байгаа “Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууддаа талархаж байна. Одоо миний мэдэх хамгийн том боломж бол “Хүннү Эйр” юм шүү” гэв.
САНХҮҮГИЙН БОЛОМЖ ХҮРЭЛЦЭЭГҮЙ УЧРААС НИСГЭГЧ БОЛОХ МӨРӨӨДӨЛ МИНЬ УНТАРЧ БАЙСАН
Ш.Чанцхорол АНУ-ын Сан Диего хотын MontAir Aviation сургуулийн оюутан
“2012-2016 онд Канадад агаарын хөлгийн инженер мэргэжил эзэмшиж ирээд, 2016 оноос эхлэн “Хүннү Эйр” ХХК-д ажилласан. Энэ хугацаанд агаарын хөлгийн засвар үйлчилгээний инженерингийн хэлтэст механикчаар ажлын гараагаа эхэлж, ээлжийн ахлах инженер болтлоо дэвшсэн.
Онгоцоо нислэгт гарахад бэлэн болохыг баталж, гарын үсэг зурдаг инженер гэж байдаг. Тэр нь онгоцныхоо үзлэг шалгалт хийгээд, нисэхэд бэлддэг. Түүнийхээ дараа онгоцондоо суугаад нислэгт явдаг. Би онгоцтой нислэгт явж эхэлсэн цаг үеэс эхлэн бүр ихээр онгоцонд дурлаж, дотор нь сууж нисэх дуртай болсон. Хүүхэд байхаасаа л онгоцонд суудаг, онгоцтой холбоотой хүн болохыг мөрөөддөг, мөрөөдлөө ангийн найзууддаа үргэлж ярьдаг хүүхэд байсан.
Нисгэгч болъё гэж мөрөөдөж байсан ч санхүүгийн боломж муу учраас болж чадаагүй. “Хүннү Эйр” ХХК-аас залуу боловсон хүчнээ дэмжээд, дотоод ажилтнуудаасаа сонгон шалгаруулж, өөрсдийнхөө зардлаар сургуульд явуулж байгаа нь бидэнд маш том боломж олгож байна. Энэ тэтгэлэгт тэнцэж, сургуульдаа сурч байгаадаа маш их баяртай байна.
Буцаад заавал Монголдоо очиж, “Хүннү Эйр” ХХК-даа тогтвортой ажиллах гэрээ байгуулсан. Олон жил хамт ажилласан хамт олонтойгоо буцаж очоод ажиллах нь гоё. Ирээд удаагүй ч сайн сураад, хурдан буцах юм сан гэсэн хүсэлтэй байна.
“Хүннү Эйр” ХХК-ийн удирдлагууд болон хамт олондоо ажилтнуудаасаа сонгон шалгаруулалт явуулаад, гадаадад сурах боломж олгосонд нь талархаж байгаагаа илэрхийлье. Өөрт байгаа боломжоо ашиглаад, хурдан төгсөж очоод, ажлаа сайн хийж, Монгол улсын иргэний нисэхийн салбар болон “Хүннү Эйр” ХХК-ийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулна. Нисгэгчээр сурахаар төлөвлөж байгаа хүүхдүүд асуух зүйл гарвал холбогдоод, асууж болно шүү” гэсэн юм.
“Хүннү Эйр” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргалаас тэтгэлэгт тавих шалгуур, цаашид энэ тэтгэлгийг үргэлжлүүлэх эсэх талаар тодрууллаа.
Тэрээр "Зөвхөн агаарын тээврийн компани гэлтгүй бүхий л бизнес эрхлэгчдэд тулгамдаад байгаа нэг гол асуудал бол боловсон хүчин. Цар тахлаас хойш улам бүр мэдрэгдэх болсон. Дэлхий даяараа хүний нөөцийн хомсдолд орж байгаа талаар бичих боллоо. Монголын агаарын тээврийн компаниудын хувьд бүхээгийн болон зорчигч бүртгэлийн ажилтнуудаа ихэвчлэн өөрсдөө бэлдэж, сургаж байна.
Инженер техникийн ажилтнуудын ихэнхийг манай Механик Инженерийн сургуулийн ( ШУТИС-ын салбар) төгсөгчдөөс авч байна. Харин нисгэгч нарын хувьд асуудал нэлээн хүнд, зардал өндөр учраас тэр бүр хүссэн хүн сураад байх боломж муутай. Иймээс л “Хүннү Эйр” ХХК өөрсдийн залуу ажилтнуудаасаа сонгон шалгаруулж, нисгэгчийн мэргэжил эзэмшихэд нь санхүүгийн тэтгэлэг олгох хөтөлбөрийг энэ оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн. Одоо гурван залууг Канад болон АНУ руу сургалтад явуулаад байна. Энэ ондоо багтаад дахиад нэг хүн явуулах төлөвлөгөөтэй байна.
Шалгуурын хувьд компанид гурван жил ажилласан, ажиллах явцдаа өөрийгөө идэвх чармайлттай, хариуцлагатай ажилтан болохоо харуулсан, англи хэлний шаардлагатай түвшний мэдлэгтэй, (түүнийгээ нотолсон) эрүүл мэндийн хувьд зохих шаардлагуудад тэнцсэн 35 хүртэлх насны залуусыг сонгон шалгаруулж байна.
Цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлж, нисгэгчээр суралцуулах хүнийхээ тоог ч нэмнэ гэж төлөвлөж байна.Тодорхой сургуулиудтай энэ талаар хамтран ажиллахаар гэрээ хэлцэл хийгээд эхэлсэн.
Нисгэгч болох чин эрмэлзэлтэй ч хөрөнгө мөнгөний бололцоогүйгээс хүсэл мөрөөдлөө орхиж байгаа олон залуу манайд ажиллаж, манай хөтөлбөрт хамрагдах хаалга байнга нээлттэй шүү гэдгийг эцэст нь хэлье" гэв.
НИСГЭГЧЭЭР СУРАХАД ЦАГ АГААР ХАМГИЙН ЧУХАЛ
Нисгэгчээр сурах зардал хаана, ямар сургуульд сурахаасаа шалтгаалан төлбөрийн хувьд өөр. Дунджаар 90 мянга орчим ам.доллар байдаг аж.
Нисгэгч мэргэжил нь бусад мэргэжилтэй адил сурах тогтсон хугацаагүй. Учир нь хэр удаан суралцахад цаг агаар хамгийн чухал юм. Нийт сургалтын хугацаанд 250 цагийн нислэг үйлдсэн байх ёстой. Ингэхдээ дадлагын, мөстөлтийн эсрэг системгүй жижиг онгоцоор нисдэг. 250 цагийн нислэгийн онгоцны түлш, хамт нисэх багшийн цалин зэрэг нь сургалтын төлбөрт багтдаг. Мөн үүний зэрэгцээ олон цагийн онолын хичээл үздэг. Хэрвээ шалгалтдаа унах, цаг агаар муугаас нислэг үйлдэхгүй болох үеүдэд цаг сунгагдаж, төлбөр нэмэгдэнэ. Тиймээс хичээл зүтгэл сайтай, эрүүл мэндийн шаардлага хангасан байхаас гадна цаг агаарын байдлыг сайтар харгалзаж, сурах улсаа сонгох нь хамгийн чухал гэдгийг оюутнууд ярьж байлаа.
Анх нисгэгч хүн орон зайн мэдрэмжтэй, аливаа зүйлд эв дүйтэй байх нь чухал гэж боддог байсан ч онолын мэдлэг илүү чухал гэдгийг тэд сургуульд очоод ойлгожээ. “Нисгэгч гарын маш олон жижиг хөдөлгөөнийг яг дарааллын дагуу хийх ёстой байдаг. Онолоо сайн мэдэж байвал ядаж л зөв эсвэл буруу хийж байгаагаа мэднэ. Олон хүний амь нас, эрүүл мэнд, санхүү яригдах ажил учир маш хариуцлагатай байх ёстой” гэж оюутнууд хэллээ.
Хөгжилд хүргэх Монголын жигүүр “Хүннү Эйр” компани агаарын тээврийн салбарт үйл ажиллагаагаа явуулж эхлээд 12 жил болж байна. Ингэхдээ орон нутаг, бүс нутгийн нислэгүүдийг гүйцэтгэж, зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэн, амжилттай ажиллаж байгаа билээ.