БОАЖЯ-наас үерийн улмаас улмаас амиа алдсан дөрвөн иргэний ар гэрт эмгэнэл илэрхийлж уучлал гуйлаа.
Энэ талаар ярихдаа, "Усны салбарынхны айдаг хоёр л аюул бий. Энэ нь үер, ган юм. Гамшгаас хамгаалах ажиллагаа ч энэ хоёр аюул дээр зангилагддаг.
Үерийн дараа авах хамгийн эхний арга хэмжээ бол хамгаалалтын бүсийн асуудал. Хамгаалалтын бүсийг тогтоосон байсан боловч мөрдөөгүйгээс болж бид үерт өртлөө. Хамгаалалтын бүс нь онцгой болон энгийн гэж ангилагддаг. Улаанбаатар хотод 50-300 метрээр тогтоосон байдаг. 50 метр гэж тогтоосон ч 51 дэхэд нь аюулгүй болдоггүй. Магадгүй 500 метрийн цаана ч аюул хэвээрээ байж байдаг.
Хамгаалалтын бүсийн дэгийг мөрдүүлнэ гэдэг нь түрүүнд хэлсэн үерийн болон ган гачгийн аюулаас ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл хамгаалалтын бүсэд байгаа айл өрхийг нүүлгэнэ, байшин барилгыг чөлөөлнө, нураана гэх асуудал нь тэр байшинд амьдарч байгаа иргэдийг ирээдүйд учирч болох аюулаас сэргийлэх ажил юм шүү.
Одоогоор нийслэлд үерийн энгийн хамгаалалттай бүсэд 20 гаруй мянган айл өрх байна. Онцгой хамгаалалтын бүсэд 2900 хашаа, 2400 гаруй байшин байна гэсэн мэдээллүүд гарсан. Аль нэг байшинг нураана, бусдыг нь нураахгүй гэх биш бүгдийг нь нүүлгэх ёстой.
Хашаа гэдэгт бол маш ихээр аюул учруулаад байгаа нүхэн жорлонгийн асуудал бий. Хамгаалалтын бүс гэхээр хүмүүс зөвхөн голын хамгаалалтын бүсийг бодоод байдаг. Саяын наймдугаар сарын 5-ны үер бол жалгаар урсах уснаас болсон. Өөрөөр хэлбэл тэнд ус байхгүй ч гэсэн цаашдаа хуурай жалга, сайрын газарт хамгаалалтын бүсийг тогтоож, тэнд буусан айлуудыг нүүлгэх, буулгахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгаа юм. Үүнийг усны салбар, байгаль орчны салбарынхан мэддэг ч гэсэн хатуу хэлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчид, засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, усны тухай хуулийг хангаж ажиллахгүй байна" гэлээ.