Өрөг.мн сайт “Эх орондоо үлдэнэ” цувралын энэ удаагийн дугаарт үйлдвэрлэгч Ц.Дагвадоржийг урилаа. БНСУ-д боловсрол эзэмшсэн тэрээр эх орондоо үйлдвэрлэл хөгжүүлэхээр зорьж байна. Эднийх малын гаралтай хаягдал өөхийг дахин боловсруулж, техникийн тос гарган авч байгаа юм. Энэ нь саван, тослох материалын түүхий эд болдог байна. “Би Монгол хүн учраас монголдоо хийж бүтээх ёстой. Солонгосоос ирснийхээ хэргийг эндээ гаргая гэж боддог, хичээдэг. Асар өргөн боломж байна шүү дээ” хэмээн Ц.Дагвадорж бидэнтэй ярилцлаа. Ингээд түүний яриаг хүргэе.
2015 оны үеэс л Монголд малын гаралтай түүхий эдийг боловсруулах, хаягдал өөхийг дахин ашиглах боломж байна гэдгийг олж харсан. Угаасаа бид багаасаа л тосоороо боорцог хайрч идээд өссөн. Мэднэ шүү дээ. Гэтэл тухайн үед өөхөн тос асар их хэмжээгээр хаягддаг байсан. “Яагаад үнэгүй болчхов оо” гэж бодсон л доо. Ялангуяа, 2015 оноос хогийн цэгүүдээр маш их хаягдал өөх хуримтлагддаг байсан. Айлууд өөхнөөс татгалздаг, мах экспортлохдоо өөхийг нь ялгаад хаячихдаг зэрэг олон шалтгаан энд бий. Нядалгааны үеэр сэмжний өөх, дотор өөхүүд хүртэл хаягдаж байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр Эмээлт зах дээр хаягдал болж байсан өөх кг нь 700 төгрөг болчихсон байна. 1 тонн хаягдал өөхний үнэ 700 мянган төгрөгт хүрчихлээ. Энэ бол бид өөхийг худалдан авч, боловсруулж эхэлсний бодит үр дүн.
Манай улс дунджаар 15 сая толгой малыг жил бүр идшиндээ хэрэглэж байна. Ингээд тооцохоор малаас гарч байгаа өөхийг ашиглах боломж хязгааргүй л дээ. Нэг хониноос хагас килограмм өөх гарлаа гэж бодоход л хэр их хэмжээний өөхийг цуглуулах боломжтой нь ойлгомжтой. Манайх гэхэд л өдөрт 15-20 тонн өөхийг боловсруулах хүчин чадалтай.