Жил бүрийн намар нийслэл Улаанбаатар хотод хөдөө орон нутгаас шинэ оюутнууд ирж, хот хөл хөдөлгөөнд ордог. Яг энэ үеэр бид Монгол Улсын Боловсролын Их Сургуулийг зорилоо.
Сургуулийн ойр орчмоор сургуульдаа бүртгүүлэхээр ирсэн оюутнууд хөвөрнө. Тэдний зарим нь хөдөө орон нутгаас эцэг эхээ дагуулан иржээ. Тэд “Ямартай ч сургуульдаа бүртгүүлчихлээ. Одоо дотуур байрны бүртгэлээ хийлгэе” гэлцэнэ. Орон нутгийн оюутнуудад сургалтын төлбөр, амьдрах байр зэргээс гадна гэрээсээ хол байж, шинэ газар дасан зохицох асуудал тулгардаг.
Ийнхүү Өрөг.мн шинэхэн оюутнуудын төлөөлөл Эрдэнэтуяатай ярилцлаа. Тэрбээр анх удаа гэрээсээ холдон, оюутан болсноор өөрт нь тулгарсан боломж, бэрхшээлийн тухай хуваалцсан юм.
- Аль аймгийн оюутан бэ? Хэзээ хотод ирэв?
Би Хөвсгөл аймгаас саяхан ирсэн шинэ оюутан. Зуныхаа амралтаар хөдөө аав ээждээ тус дэм болж байгаад хичээл орох дөхөөд хотод ирсэн.
- Хотод ирээд хамгийн их тулгамдаж буй асуудал юу байна?
Гэнэт орчин солигдчихоор үнэхээр хэцүү санагддаг юм билээ. Хотод түгжрэлийн асуудал их байдаг юм байна. Гэрээс гараад түгжрээд л, түгжрэлээсээ үүдээд хүмүүс маш стресстэй. Тэгээд стрессээ нэгэн рүүгээ “цацдаг” юм шиг санагдсан.
– Сургуульдаа бүртгүүлэхэд хэр цаг орж байна?
– Сургуульдаа бүртгүүлчхээд сургалтын төлбөрөө төлөх гээд хүлээж байна. Аав маань хөдөөнөөс сумын төв орж сургалтын төлбөрийг маань над руу шилжүүлэх юм. Тэгээд би төлбөрөө төлөхөөр хүлээж байна.
– Хотод оюутан байх хугацаандаа хаана амьдрах вэ?
Хамаатныхаа айлд амьдарна. Би гэрээсээ ерөөсөө холдож үзээгүй. Анх удаа холдож байна. Мэдээж айлд байх хэцүү. Хэдий үнэхээр дотно айл байлаа ч гэсэн хүндрэл бэрхшээл гарах л байх. Гэхдээ аав ээжийнхээ итгэлийг хүлээгээд ирчихсэн болохоор гүрийхээс өөр аргагүй.
– Анх удаа гэрээсээ холдож байгаа гэлээ шүү дээ. Эцэг эх нь нэлээн их зүйл захисан байх. Хамгийн том захиас нь юу байв?
Аав ээж маань намайг мэргэжил боловсролтой сайн хүн болоосой гээд явуулсан. Ер нь үргэлж ард маань дэмжээд байж байдаг хүмүүс бол миний аав ээж. Тийм болохоор өөрөө ч, тэд маань ч миний төлөө зовж байгаа. Би хичээх ёстой, шантрах ёсгүй, итгэлийг нь алдахгүй юм сан гэж бодож явдаг.
– Хотод ирээд тааралдсан шинэ содон зүйл юу байв?
Хөдөө үнэхээр амгалан тайван. Хотод бол өөр. Адаглаад л өндөр барилгууд дунд төөрөх асуудал гарсан. Анх автобусныхаа чиглэлийг ч ойлгохгүй үе байсан. Энэ одоо яадаг юм бол, хаашаа явах юм бол гээд л. Одоо харин жаахан учраа олоод л явж байна.
– Ярилцсанд баярлалаа. Хичээлд нь амжилт хүсье.
2023 оны нэг сарын байдлаар Монгол Улсын хэмжээнд 69 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт 145,267 суралцагч суралцаж байсан байна. Үүнээс өнгөрсөн хавар 23,314 суралцагч төгсжээ. Энэ нь өмнө жилийн төгсөгчдийн тооноос 2.3 дахин буурсан үзүүлэлт юм байна. Харин энэ жилийн хувьд ЕБС-ийн 12 дугаар ангийг 34 мянган сурагч төгсчээ.
Т.Ариунзаяа