Улсын дээд шүүхээс Хүний сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх аргачлалыг батлаад байна. Энэ талаар өмгөөлөгч З.Тамираас тодрууллаа. Тэрээр хохирлыг хэрхэн тооцох боломж бүрдсэн талаар ингэж ярилаа.
Монгол улсын хуульд иргэн бусдын буруутай үйл ажиллагаанаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй байдаг. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн болон Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуульд иргэн өөрт учирсан хохирлоо яаж төлүүлэх, хамгаалах вэ гэдэг зүйл заалтыг зааж өгсөн байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл иргэн материаллаг хохирлоо л барагдуулдаг, сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлж чаддаггүй байсан.
Жишээ нь, “Би сэтгэл санааны хохирлоо 50,100 саяар үнэлж байна” гэхэд шүүх үүнийг хангадаггүй байсан. Харин Дээд шүүхийн хуралдааны тогтоолоос баталсан аргачлалын дагуу сэтгэл санааны хохирлыг мэргэжлийн сэтгэл зүйч тухайн хохирогчтой ярилцаад, таны сэтгэл санаанд ийм хохирол учирсан байна” гэж дүгнэж шийдэх боломжтой болсон.
“ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСИЙН ДООД ХЭМЖЭЭГ 130 ДАХИН НЭМЭГДҮҮЛСЭНТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДСЭН”
Энэ асуудлыг 5 зэрэглэлд багтаан авч үзсэн.
Хамгийн эхний зэрэглэл нь таны биед гэмтэл учраагүй ч таны сэтгэцэд хор уршиг учирсан гэж үзвэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг шүүхээс нэхэмжлэх боломжтой. Хамгийн их буюу таны эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч хөдөлмөрийн чадамжаа алдах сэтгэл санааны хүнд цочролд орсон үед хөдөлмөрийн хөлсийн доод хэмжээг 130 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгийг төлүүлэх эрх зүйн орчин бүрдсэн.
ХБНГУ, Япон улсад сэтгэцэд учирсан хохирлыг хэрхэн төлүүлдэг вэ гэхээр ийм аргачлал байдаггүй. Тухайн орны хуульд шүүгч дотоод итгэл үнэмшлээрээ хэргийн материалтай танилцан шийддэг. Манай Монгол улсад нарийн аргачлалаар мэргэжлийн сэтгэл зүйч тантай ярилцаж, шинжлэх ухааны үндэслэлтэй мөнгөн дүнгээр илэрхийлж, “Та сэтгэцэд учирсан хор хохирлоо төлүүлэх боломжтой болж байна” гэж ойлгож болно.
Сэтгэлзүй гэдэг бол шинжлэх ухааны нэг салбар. Тухайн мэргэжлийн хүнд үзүүлж тодорхойлуулж байна гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл гэж харж байна. Монголын шүүхийн практикт, ялангуяа, эмэгтэй хүн гоо сайхнаараа хохироход тухайн үедээ аргацаагаад, эмчлүүлээд өнгөрдөг. Гэвч насан туршдаа өөртөө итгэх итгэлгүй болдог.
Мөн хүчингийн гэмт хэргийн хохирогч нар насан туршдаа бие сэтгэлээрээ хохирдог. Үе тэнгийн дарамтаас шалтгаалж амиа хорлох хүртэл сэтгэл санааны хохирол авдаг. Тэгэхээр энэ сэтгэл санааны хохирол гэдэг бол хэдэн жил сар болсон ч хүнд байж л байдаг. Тэгэхээр манай Монгол улс үүнийг мөнгөн дүнгээр үнэлээд, тухайн сэтгэцэд учирсан хохирлоо эдгээх гэж сэтгэл зүйч дээр очиход мөнгө хэрэгтэй шүү дээ. Тэр мөнгөн дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй батлаад гаргаж байгаа” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.
Л.Бүжээ