Саяхан болсон үер, усны гамшгаас шалтгаалан олон айл өрх эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодоороо хохироод буй. Энэ үед хүүхдүүд гэнэтийн, аюултай үйл явдлаас шалтгаалан цочролд орсон талаар эцэг эхчүүд нь ярьж байна. Цочролд орсон хүүхдэд биеийн болон сэтгэлзүйн ямар шинж тэмдэг илрэх, тийм хүүхэдтэй хэрхэн харилцах талаар сэтгэл зүйч С.Долгорсүрэнтэй ярилцлаа.
-Гэнэтийн цочролд орсон хүүхэд сэтгэл зүйн хувьд ямар байдалд ордог вэ?
–Гамшиг болон гэнэтийн үйл явдлаас хойш тухайн хүүхдээс шалтгаалан стресст өртөмтгий эсэх нь хувь хүний зан байдал, зан үйлийн хэв маяг, бие бялдар, сэтгэл санааны байдал зэрэг хувийн шинж чанаруудаас хамаарч өөр өөр байдаг. Гэхдээ ямар ч хүүхдэд гамшгаас үүдэлтэй сэтгэл хямрах, гэмтлийн дараах стрессийн эмгэг, цочмог стрессийн хариу үйлдэл, диссоциатив эмгэг гэх мэт үүсэх боломжтой.
ГЭНЭТИЙН ҮЙЛ ЯВДЛЫН ДАРАА СЭТГЭЛ ХӨДЛӨЛ, БОДОЛ САНААНЫ ӨӨРЧЛӨЛТ БИЙ БОЛНО
-Сэтгэл зүйн хувьд тогтворгүй, мэргэжлийн зөвлөгөө авах шаардлагатай хүүхдэд бие махбод, зан төлөвийн хувьд ямар шинж тэмдэг илрэх вэ?
–Хүнд урт хугацаанд шаналал болдог, аюул заналхийлэл, гамшгаас үүдэлтэй стресс үүсэж буйг сэтгэлийн шарх гэдэг (trauma). Энэ нь өдөр тутмын амьдралд тэр бүр тохиолдохгүй аюултай, гэнэтийн үйл явдал хүүхдэд эсвэл ойр дотнын хүнд нь тохиолдсоны улмаас үүссэн сэтгэлийн хүнд гэмтэл юм. Тэрхүү үйл явдлуудад үер, газар хөдлөлт, дайн, терроризм, дээрэм, аливаа хүчирхийлэл, би махбодын халдлага, хулгайлагдах, хоригдох, эрүүдэн шүүгдэх, хүн амины хэрэг, зам тээврийн осол зэргийг хамаатуулна.
Гэнэтийн үйл явдлын дараа сэтгэл хөдлөл, бодол санааны өөрчлөлт бий болно. Болсон үйл явдлаас болж анхаарал төвлөрөлт муудаж, гайхаж хөшсөн, алмайрсан байдалтай болох, уй гашууд автах эсвэл ямар нэг сэтгэлийн хөдөлгөөнгүй, мэдрэмж байхгүй мэт болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Мөн тухайн үйл явдлыг санагдуулах зүйлсэд уурлаж, уцаартай болж, сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй болох, гэнэт уйлах, өөрийгөө буруутгах зэргээр бодит бус мэдрэмж төрж болзошгүй.
Бие махбодын хувьд сэтгэл түгших, айх, нойргүйдэх, толгой өвдөх, хэвлийгээр өвдөх, цангах, даарах, дотор муухайрах, экзем гарах, татаж унах, бөөлжих, толгой эргэх, цээжээр өвдөх, даралт ихсэх, зүрх савлах, булчин чичрэх, шүдээ хавирах, хараа муудах, хөлрөх, амьсгал боогдох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Нойрны хэм алдагдах, хоолны дуршил буурах, хэт их идэх, гэрээсээ гарахгүй өөрийгөө нийгмээс тусгаарлах гэх мэт зүйлс ажиглагдах нь элбэг.
Өмнө нь хийдэг байсан зүйлсээ хийж чадахаа больж, анхаарал төвлөрөлт муудах,, тайван бус, хэт мэдрэмтгий болох, биеэ барих, хар дарсан зүүд зүүдлэх, орондоо шээх, гамшиг ослын тухай байнга ярих, бодох, бодлогошрох гэх мэт шинжүүд илэрвэл мэргэжлийн эмчийн тусламжийг авах хэрэгтэй.
–Сэтгэлийн хямрал, цочролд орсон хүүхэдтэй хэрхэн харилцах ёстой вэ? Ямар тусламж дэмжлэг үзүүлэх шаардлагатай байдаг вэ?
-Нэгдүгээрт, нойр маш чухал учраас сайн унтуулж амраах хэрэгтэй. Хоёрдугаарт, сэтгэлээ тайвшруулах, мэдрэмжээ чөлөөтэй илэрхийлэх тухтай орчин үүсгэх нь чухал. Мөн түүнийг ойлгож байгаагаа илэрхийлэх, яриаг нь сонсож, мэдрэмжийг нь байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хэрэв хүүхэд тань өөрийгөө илэрхийлж чадахгүй байгаа бол хугацаа өг. Болсон үйл явдлыг сануулж, яриулах гэж хичээх, шахах хэрэггүй. Чөлөөтэй уйлж, инээж, тоглож болно гэдгийг нь сануулах чухал.
Болсон үйл явдал түүнээс шалтгаалаагүй гэдгийг ойлгуулж, өөрийгөө буруутгахгүй байх талаас нь ярилц. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй нь харилцаа холбоотой байлга. Мөн эцэг эх та өөрөө сэтгэл засарч эдгэрнэ гэх итгэл найдвараа алдахгүй байхыг хичээгээрэй.
Б.Аззаяа