Монгол Улсад орчин цагийн харилцаа, холбооны салбар үүсэж хөгжсөн түүх Ардын хувьсгал ялсан 1921 оны долоодугаар сарын 11-ний өдрөөс 8 хоногийн дараа тухайн жилийн долоодугаар сарын 19-нд Ардын Засгийн газрын 6 дугаар хурлаар Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороог байгуулснаас эхлэлтэй.
Улмаар 1944 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор Холбооны яам байгуулснаар харилцаа холбооны салбарыг төрийн бодлогоор хөгжүүлэх нөхцөл бүрдсэн байна. Түүнээс хойшхи хөгжлийн түүх гэвэл 1996 оны нэгдүгээр сарын 17-нд манай улсад анх удаа интернэт нэвтэрснийг албан ёсоор зарласнаар уг үйл ажиллагаагаар Азийн анхны 10 орны нэг болж байсныг ЦХХХ-ын сайд Н.Учрал өнөөдөр болсон Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 102 жилийн ой, Мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтны өдрийн ойн баяр хурал дээр онцлон дурдлаа.
2004 оноос хойшхи үе үеийн Засгийн газруудын авч хэрэгжүүлсэн “Цахим Монгол”, “Цахим Засаглал”, “Цахим Засаг” зэрэг Үндэсний хөтөлбөрүүдийн үр дүнд манай улсын 331 сум, суурин газрын 325 нь шилэн кабельд холбогдож, нийт сүлжээний урт 50 мянга орчим км болжээ. Одоогийн байдлаар 1537 байршилд 4G сүлжээний бааз станц байгуулж 2,9 сая хэрэглэгчтэй болсон байна. Монгол Улс өнөөдөр 4G сүлжээний хамрагдалтаар 143 орноос 46 дугаарт, 3G сүлжээнд хамрагдалтаар 144 орноос 14 дүгээр байрт жагсаж байгааг салбарын сайд мэдээллээ.
Засгийн газар 1967 онд буюу өнөөдрөөс 56 жилийн өмнө Холбоочдын баярын өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан түүхтэй. 56 жилийн туршид энэ өдөр мэдээллийн технологи, харилцаа холбооны ажилтнууд баярын өдрөө хуран цуглаж, амжилт бүтээлээрээ бахархаж, алдаа оноогоо хэлэлцэж ирлээ.
Баярын хурлын үеэр МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон гардууллаа. Мөн Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарын өнгөрсөн үед бүтээсэн бат бэх суурь дээр шинэ зууны их ололт амжилтын төлөөх зүг чигээ тодорхойллоо.