Хүн бүрд нэрлэж дууддаг хоч гэж байдаг. Үүнтэй адил аймаг бүрийг дамшигладаг “хэлц” бий. Жишээ нь Архангай аймгийнхныг “танк хүлдэг хүмүүс” гэж дамшигладаг бол Төв аймгийнхныг “Шанага нь тав Шавхруу нь гурав” гэж шоглон ярьдаг. Тэгвэл бид яагаад төв аймгийнхныг ингэж дамшиглах болсон талаар Төв аймгийн Алтанбулаг сумын нутгийн зөвлөлийн дарга Х.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Мөн бид түүнтэй Төв аймгийн бахархлын талаар ярилцсан юм.
-Танд 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Хүн бүр л нутаг усаараа бахархаж омогшиж явдаг. Та бүхэн юугаараа бахархдаг вэ?
-Төв аймаг бол хуучнаар Түшээт хан аймаг. Чингис хааны үеэс Монголын гал голомт болсон ийм сайхан нутаг. Төв аймгийнхны бахархах зүйл нь монголчуудын зүрхэн тольт нь байсан, төв гал голомт болсон нутаг гэдэг омогшил. Бид Богд хан уулаа тойрч нутагладаг. Хатан Туулынхаа рашаан уснаас ундаалж өссөн азтай хүмүүс. Тиймээс төв сайхан нутгийн түүхт 100 жилийн ой гэдэг бол бүх монголчуудын, дэлхийн монголчуудын ойн баяр юм.
-Ингэхэд Төв аймгаас ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн олон сайхан яруу найрагч төрөн гарсан шүү дээ. Үүний учир шалтгааныг та юу гэж бодож байна вэ? Яруу найргийг мэдрэмж мэдлэгийн дээд хэмжүүр гэдэг шүү дээ.
-Орчин үеийн шинжлэх ухаанаар генетик гэж ярьж байна. Хүмүүсийн генийн сайжруулсан хэлбэр гэж ойлгож болох байх. Маш сайн ген цус холилдсон байна гэсэн үг. Төв гэдэг чинь төв шүү дээ. Маш олон үндэстэн ястан хамт байдаг. Үүнээс шалтгаалан Төв аймгийнхан эртнээсээ цэцэн мэргэн ухаантай, хөдөлмөрч, бөх нь бяртай, дуучид нь хүртэл зөвхөн монголд биш дэлхийд цуутай хүмүүс байдаг. Төв аймаг бол их хүрээний хүмүүс. Их хүрээнд ямар хүн байдаг гэхээр тухайн үедээ л эрдэмтэн, мэргэн, лам хүмүүс байсан. Энэ хүмүүсийн үр удам төв аймагт байдаг гэж би ойлгодог.
Тиймээс би Төв аймгийнхныг, ялангуяа Туул голоо дагаж өссөн хүмүүс, Түшээт хан аймгийн зоригт вангийн хошууны том лам нарын үр удмууд генийн сайжруулах хүчин зүйл болсон гэж боддог. Тийм ч учраас хүн олон нь цэцэн мэргэн, хэл ам нь хурц, оюун ухаан төгөлдөр, бие хаа, царай зүс сайтай улсууд байдаг. Монгол хүний үнэлэмжийг дэлхийд гаргахад Төв аймгийнхан түүчээлнэ гэж би ойлгодог.
-Бахархах зүйл олон байна. Гэтэл Төв аймгийнханд “Шанага нь тав, шавхруу нь гурав” гээд хоч бий. Та үүнийг тайлбарлаж өгөөч?
-Төв аймгийнхан бол төв суурин Их хүрээний хажууд байсан улсууд. Тиймээс бид аливааг бодитоор харж үзсэн. Социализмын үед бүгд нийгэмшдэг. Бүх зүйл нийгмийн асуудал болсон. Бодит зүйл дээр хөдөлмөрөө үнэлүүлэх ёстой. Шударга байх ёстой, хуурамч байх ёсгүй, худлаа хэлж болохгүй. Тэгэхээр Төв аймгийнхан аргагүй шударга үнэнч хүмүүс. Хөдөлмөрч хүмүүс. Хөдөлмөрийн үр шимийг хэн ч хүнд зүгээр өгөхгүй. Хулгай хийж, худлаа хэлээгүй. Өөрөө хөдөлмөрлөсөн учраас үүнийгээ үнэлэх ёстой. Миний бодлоор монголчууд дэлхийтэй яаж зэрэгцэх вэ гэхээр монгол хүний хөдөлмөрийг дэлхий үнэлсэн цагт бид сайхан амьдарна гэж ойлгодог.