Жил бүр 35 мянга орчим сурагч ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийг төгсдөг бол 78-80 мянган хүүхэд 1 дүгээр ангид элсдэг.
Элсэлт төгсөлтийн энэ зөрүүтэй холбоотойгоор жил бүр гурван ээлжид шилжих сургуулиуд гарсаар байна.
2023-2024 оны тухайд улсын хэмжээнд 68 сургуулийн 33 мянган сурагч гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй байгаа юм. Үүний 47 нь Улаанбаатарын, 21 нь хөдөө орон нутгийн сургууль байна.
Сургууль бүрд суудлын хүчин чадлаас хэтэрсэн хүүхдийн тоо харилцан адилгүй юм. Өөрөөр хэлбэл хамгийн багадаа 114 сурагчийг гурав дахь ээлж рүү шилжүүлэх сургууль байхад хамгийн их нь 2,352 сурагчийг гурав дахь ээлж рүү шилжүүлэхээр байна.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" тогтоолыг засгийн газраас батлан гаргасан. Тогтоолын хэрэгжилтийг хангахаар БШУ-ы сайдаар ахлуулсан салбар дундын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн гурван ээлжийг үндсэн гурван хувилбараар шийдвэрлэхээр ажиллаж байна.
Гүйцэтгэлтэй өндөртэй сургуулийн шинэ барилга, өргөтгөлийн ажлыг эрчимжүүлж ондоо багтаан хүлээн авах
Хичээлийн үндсэн байрнаас гадна нэмэлтээр түрээсийн байранд хичээллүүлэх
Тухайн сургуулийн дотоод нөөц бололцоог ашиглан анги, танхим байгуулах
Асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан ажлын хэсэг өмнө нь Баянзүрх дүүрэгт ажилласан. Энэ үеэр хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай холбоотой ажлууд удааширсан хэд хэдэн тохиолдол байлаа. Шийдвэрлэхийн тулд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай юм. Тиймээс өчигдөр ажлын хэсэг өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж олон жил үргэлжилж байгаа сургууль цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр зөвлөлдлөө.
Сургууль, цэцэрлэгийн нэг барилга 2-5 жилийн хугацаанд баригдаж байна. Ингэж удааширдаг шалтгаан нь
- Газаргүй, зураг төсөвгүй төсөл арга хэмжээ төсвийн тухай хуульд багтаж батлагддаг
- Санхүүжих дүнг гурваас дээш төсвийн жилд он дамжуулан баталдаг
- Гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдал зэрэгтэй холбоотой.
Гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулийн асуудлыг шийдвэрлэхийн тулд
63 төсөл арга хэмжээний магадлал хийлгэх
91 төсөл арга хэмжээний магадлалын нэгдсэн дүнгээр баталгаажсан нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх
Сургуулийн барилгыг хэсэгчилсэн байдлаар ашиглалтад оруулах
Гүйцэтгэл өндөр төсөл арга хэмжээний санхүүжих дүнг төсөвт багтаан олгох боломж бүрдүүлэх
Зохицуулалтыг дараа оны төсвийн тухай хууль батлагдахаас өмнө хийснээр ТАХ санхүүжилтээс хамаарч ашиглалтад орох хугацааг богиносгох зэрэг асуудлын хүрээнд санал солилцож шийдлүүдийг хэлэлцлээ хэмээн Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас мэдээлэв.
Тус салбарын сайд ирж буй хичээлийн жилд нэг ангид суух хүүхдийн тоог 45-аас хэтрүүлэхгүй байхыг зорино гэж мэдэгдсэн