Өрөг.мн сайтын сурвалжлах баг наадмын өдрүүдээр Төв аймгийн Борнуур сумын харьяат, аймгийн алдарт уяач М.Сайнзаяагийнхыг зорилоо. Тэдний уяан дээр зүс нь тэгширсэн хурдан хүлгүүд, цог золбоотой унаач хөвгүүд харагдана.
Морио дээдэлдэг Монгол хүний сэтгэлээр балчир хөвгүүд морьдынхоо тэжээл, арчилгааг хэнээр ч гуйлгахгүй хийнэ. Зөвхөн морь унахын тулд тэднийхийг зорьж ирсэн хүүхдүүд ч байх аж. Бужигнах олон хөвгүүн дунд ягаан өнгийн цамцтай ганц охин харагдах нь тун содон. Тэр охиныг сураглавал М.Сайнзаяа уяачийн бага охин С.Энхзаяа аж. Аймгийн алдарт уяачийн охин гэсэндээ ч тэр үү, моринд дөртэй гэж ойр хавийнхан түүнийг магтана. Охин одоо 15 настай. Өмнө жил мориноос хасагдсан гэв. Түүний хэрсүүхэн, хайр татам яриаг уншигч танд хүргэе.
-Сайхан наадаж байна уу. Уншигч олонд өөрийгөө танилцуулаач.
Сайн сайхан наадаж байна. Та бүхэн сайхан наадаж байна уу. Намайг зорин ирсэн Өрөг.мн сайтын ах, эгч нартаа баярлалаа. Намайг М.Сайнзаяагийн С.Энхзаяа гэдэг. Би Төв аймгийн Борнуур сумын сургуулийн 10а ангийн сурагч байна.
-Анх хэдэн настайгаасаа эхлэн морь унасан бэ?
Би анх зургаан настайгаасаа эхэлж морь унаж эхэлсэн. Тэгээд 14 настайгаасаа хурдны морь унахаа больчихсон. Нэг үгээр “хасагдчихсан” юм л даа.
-Өнгөрсөн жил гэсэн үг үү?
-Тийм ээ. Өнгөрсөн жил уралдааны морь унахаа больсон.
-Энэ жил морь унахгүй гэхээр сэтгэл санаа нь яаж байна?
-Жоохон тиймхэн л байна. Багадаа морь унаж байсан болохоор гэнэт уралдахгүй больчихсон чинь жаахан муухай байна. Морио их санаж байна. Гэхдээ морьдынхоо хажууд байгаа юм чинь болно доо.
-Зургаан настайгаасаа эхэлж морь унасан гэхээр олон жил унажээ. Миний дүү анхны наадмаа санадаг уу?
Би зургаан настайдаа унаа морь унаж сурсан юм. Тэгээд долоо найман настайгаасаа ааваасаа шалсаар байгаад уралдаж эхэлсэн. Анхны уралдсан наадам сумын маань наадам байсан шүү дээ. Хүн аливаа зүйлийг багаас нь сурдагтай ижилхэн сум, аймаг, бүс гээд л миний ихэнх хугацаа морин дээр өнгөрсөн гэж хэлж болно.
-Наадмын өмнөх шөнө нойр нь хүрдэг үү?
Үгүй ээ. Нойр хүрэхгүй зүрх догдлоод л хононо. Толгой дотор “Маргааш яаж унавал айрагдах бол, яавал мориныхоо хөл гарыг бэртээхгүй байх бол” гэсэн бодол эргэлдсээр л хонодог.
-Аав нь алдарт уяач хүн учраас анх морь унаж эхлэх үед нь олон зөвлөгөө, сургаал өгсөн болов уу? Аав нь чухам юу гэж зааж сургадаг байсан бэ?
Миний аав надад морио сайн бариад яваарай. Замынхаа зөөлнийг харж яваарай. Нүхээ сайн харж явахгүй бол морь нь бүдрээд хөлөө гэмтээнэ. Чи өөрөө ч гэсэн бэртэнэ шүү. Тиймээс замаа сайн харж, шороон дээр аль болох явахгүй шүү гэж байнга зааж сургадаг. Уралдахын өмнө заавал “Явуулах газраа явуулаад, явуулахгүй газраа зөөлөн яваарай” хэлдэг. Уралдаж байх үед аавын үгнүүд толгойд зурсхийгээд л ороод ирнэ. Амжилт үзүүлсэн олон наадамд аав, ах нарын захисан үг аварсан шүү.
-Чиний сэтгэлд үлдэж, санаанаас мартагддаггүй наадам байгаа болов уу?
Байгаа. Тэр өвлийн бага наадам байсан байхгүй юу. Гэхдээ одоо болтол бодлоос гардаггүй юм. Миний төрсөн ах, морины хүүхэд, бид гурав хамтдаа уралдахаар болсон. Гараанаас эргэхдээ бид гурвуулаа тархинд эргэж чадаагүй. Дундуурхан эргэснийг хэлэх үү, уралдааны зам давчуу байсныг ч хэлэх үү, бөөгнөрсөн шороон дунд давхиад байлаа. Яг бариа руу орох дөхөж ирээд хартал миний ард манай унаач хүүгийн бор морь явж байсан. Харин миний хажууханд миний ах хул морьтойгоо явж байдаг байгаа. Бариандаа ороход би ард нь үлдэж, миний ах түрүүлээд, унаач хүүхдийн унасан бор морь гуравлаж байсан. Тэгээд ташраараа айраг, түрүү авсан тэр наадмыг би мартдаггүй юм .
-Айраг , түрүү аваад ирэхээр аав нь их баярлуулдаг гэж сонслоо. Яаж охиныгоо баярлуулдаг вэ?
Намайг жинхэнэ тансаглуулна шүү дээ. Амттай зүйл авч өгөөд, эрхлүүлж өгнө. Гэхдээ юм гэдэг ээлж дараатай. Хэрвээ морио тааруухан унаад, хөлийг нь бэртээчихвэл хэцүү. Тэр үед ааваар зэмлүүлэхээр шантармаар санагддаг. Гэхдээ моринд сэтгэлээсээ хайртай болохоор больж чадахгүй л дээ. Тиймээс загнуулах үедээ загнуулаад, шагнуулах үедээ шагнуулаад л явдаг даа.
– Монголчууд морио “Молор эрдэнэ” гэж дээдэлдэг ард түмэн. С.Энхзаяагийн хувьд багаасаа морьтой ойр байсан нь чамд ямар ухаарлыг өгсөн гэж боддог вэ?
Тийм ээ. Морь асар ухаантай амьтан. Ер нь морьтой ойр байхад Монгол өв соёлтойгоо ойр байна л гэсэн үг. Эрийн гурван наадамд морь бол үнэхээр том байр суурьтай шүү дээ. Түүний нэг хэсэг болж, морьтой ойр байна гэдэг унаач хүүхдийн хувьд ч тэр, уяач хүний хувьд ч тэр маш бахархууштай гоё байдаг. Би ах нар дунд өссөндөө ч тэр үү, уяач хүний үрдээ ч тэр үү, морь бол миний амьдралд том байр суурийг эзэлдэг.
-Өөрийн эрхгүй асуумаар санагдлаа. Уралдаж байгаад өнгөн дээр гараад ирэх үед ямар санагддаг вэ?
Үнэхээр хагартлаа баярладаг. Одоо нэгэнт тархин дээр гараад ирсэн юм чинь мориныхоо амыг барьсан чигтээ амраагаад явъя. Ингэж явж байгаад түрүүлчихвэл гоё доо гэж бодогддог. Зүрх салгалаад, гар хөлрөөд хамгийн эгзэгтэй мэдрэмж шүү дээ. /инээв/
-Тэгвэл миний дүүгийн хувьд тэр үед ингэхгүй яав даа гэж бодуулдаг, сургамжтай наадам байдаг уу?
Би мориноос хасагдахаас өмнөх хамгийн сүүлчийн наадам байсан юм. Борнуур сумынхаа Сумынхаа наадамд хар азаргаа зайдан унахаар болсон. Тухайн үед морь унахаа больчихсон байсан учраас гэнэт зайдан унасан болохоор морио сайн явуулж чадаагүй. Хэрвээ би тэр уралдаанд биеэ барихгүй байсан бол хар азарга маань айрагдах нь тодорхой байсан. Одоо ч гэсэн сайн унах минь яав даа гэж бодогдоод л байна.
-Халуун дотно ярилцсанд баярлалаа. Хамгийн сүүлд аавынх нь тухай асуумаар санагдлаа. Аймгийн алдарт уяач аавтай охин гэдэг ховор хувь заяа шүү дээ. Ааваараа бахархдаг уу, тэр талаараа ярьж өгөөч?
Ааваараа би их бахархдаг. Аавыг аймгийн алдарт болоод тэмдгээ зүүгээд ороод ирэх үед өмнөөс нь баярлаж байсан. Аав уяад, би унаад, морь айрагдах мөч хамгийн сайхан. Аавтайгаа нууцаар дохилцож байгаад ээжээс нууцаар морь унана. Ангийнхандаа аавыгаа ярьж онгирно. Миний аав бурууд зөөлөн ухаантай хүн. Аавдаа хандаж, улсын алдарт уяач болоорой гэж хэлмээр байна.
Ийнхүү бидний чин сэтгэлийн яриа өндөрлөсөн юм. С.Энхзаяа маань “Морины ажлаа хийх ёстойгоо мартчихлаа” гэсээр биднийг орхин цааш явлаа.