Өнгөрсөн сарын 23-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль, мөн газрын тухай хуулийн төслүүд олон нийтийн дунд шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглуулах заалт орж иржээ. Ингэхдээ 60 жилээр ашиглуулж, 40 жилээр нэг удаа сунгана хэмээн заасан байна. Үүнийг иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эсэргүүцсээр байна.
ЯГ ЯМАР ЗААЛТУУД БАГТСАН НЬ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛАВ?
"DPARLIAMENT" сайтаас хайж үзэхэд, хуулийн төсөлд дараах заалтыг багтаажээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл:
16.1.1. газрыг 15-60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах;
Түүнчлэн, нэр бүхий гишүүд газрын тухай хуулийн хоёр ч төслийг УИХ-д өргөн бариад байна. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон Ж.Бат-Эрдэнэ нараар ахлуулсан төслийг их хурлаар батлуулахаар зэхэж байна. Ж.Бат-Эрдэнэ нарын өргөн барьсан Газрын тухай хуулийн төсөлд малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар олгох газрын хэмжээ зэргийг зааж өгчээ. Энэ нь бэлчээрийг хашаажуулах, улмаар Монголын бэлчээрийн мал аж ахуйг устгах зорилготой гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байна. Ж.Бат-Эрдэнэ нарын хуулийн төсөл нь нэг нүүр бүхий хэд хэдэн заалтуудтай байна.
Ж.Бат-Эрдэнэ нарын Газрын тухай хуулийн, нэмэлт өөрчлөлтийн төсөл:
29.4. Энэ хуулийн 52.7 заасан өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж буй иргэн эзэмшлийн газартаа гэр бүлийн хэрэгцээнд зориулж төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тариалж болно.
29.1. Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан нэг удаа үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ хувийн гэр, орон сууцны зориулалтаар 0,07 га, өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1,5 га-аас тус тус илүүгүй байна.”
52.7. Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн гэр бүлийн хамтын хэрэгцээнд дундаа эзэмшиж болно.
Эдгээр гурван заалтыг Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирэх гэж байна хэмээн олон нийт бухимдаж байна. Монголын уламжлалт мал аж ахуйг боомилох, шахаж хавчихын тулд малаа бэлчээх газрыг нь хүртэл зааж өгч байна хэмээн шүүмжилж байна.
Нийтийн өмгөөллийн сүлжээ ТББ-ын гишүүд Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийлэх үеэрээ дараах мэдээллийг өгсөн. Д.Тогтохсүрэн нарын өргөн барьсан төсөлд уламжлалт мал аж ахуйг хязгаарлаж, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих утгатай дараах заалтууд багтсан гэж тайлбарлалаа. Цаагуураа гишүүдийн эрх ашиг явж байна гэж харж байна.
Тэрбээр:
Нэг: 3/11 дүгээр зүйлийн 11.2-11.8 дахь хэсэг:
“11.2.Бэлчээрийн газрыг дараах байдлаар ангилна:
11.2.1.улирлын бэлчээр;
11.2.2.отрын нөөц бэлчээр;
11.2.3.эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр;
11.2.4.дамжин өнгөрөх бэлчээр;
11.2.5.байгалийн тогтцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, хужир, мараа, уст цэг бүхий бэлчээр.
3.1.14.“бэлчээр ашиглагч” гэж малчин өрх, мал, амьтан бүхий этгээд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчийг; гэсэн нь уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаас гадна эрчимжсэн мал аж ахуйг бодлогоор илт дэмжиж байгаа нь ажиглагдаж байна.
Хоёр: 3.1.15.“бэлчээр ашиглагчдын бүлэг” гэж энэ хуулийн 11.3-т заасан бэлчээр ашиглалтад суурилан сэлгээ нүүдэл хийх, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, өөрийн дүрэмтэй малчин өрх, мал бүхий этгээдийн хамтын зохион байгуулалтын нэгдлийг; гэсэн нь Швейцарийн хөгжлийн агентлаг Ногоон алт төслийнхний олон жилийн турш хэрэгжүүлэх гэж зүтгэсэн БАХ буюу “бэлчээр ашиглагчдын холбоо” хамтын зохион байгуулалтын нэгдлийн нэрийг нь жаахан өөрчлөөд “БАБ” буюу “бэлчээр ашиглагчдын бүлэг” нэрээр өөрчлөн найруулж зүтгүүлэхээр болсон байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн юм.
Г.ЗАНДАНШАТАР: АСУУДАЛТАЙ ХУУЛИУДЫГ ХЭЛЭЛЦЭХГҮЙ
Газрын тухай хуулийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр долоо хоногийн хэлэлцэх асуудлуудын тов дараалал, жагсаалтыг баталдаг. Энэ жагсаалтад Хөрөнгө оруулалтын тухай хууль төлөвлөгдөөгүй байсан. Энэ хуульд гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах заалт багтсан нь шүүмжлэл дагуулж байна. Нөгөө талдаа Газрын тухай хуулийн хэлэлцүүлгийг сайтар хийх ёстой. Ингэсний дараа л батална. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралтай батлах шаардлага үүссэн. Үүнийг дагалдуулаад гадаадын иргэн газрыг 60 жилээр ашиглуулна, зөвшөөрлийг 40 жилээр сунгана гэсэн Газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг оруулж ирсэн. Тийм учраас үүнийг яарч баталж болохгүй. Харин газрын багц хуультай уялдуулж хэлэлцэх нь зүйтэй” гэсэн юм.
ЕРӨНХИЙЛӨГЧ ХОРИГ ТАВИХАА МЭДЭГДЭВ
Ийнхүү газар, бэлчээрийн тухай асуудлыг хөндсөн гурван хуулийн заалт олны шүүмжлэлд өртөж байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслөө өмөөр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Шинэ заалт биш. Угаасаа л газрыг 100 жилээр гадныханд ашиглуулдаг байсан” гэж байр сууриа илэрхийлсэн. Харин Газрын тухай хуулийн төслийг өргөн барьсан Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд “МАН-ын бүлэг энэ заалтуудыг дэмжсэн” хэмээн хариулсан юм. Тэгвэл энэ хуулийг баталсан тохиолдолд Ерөнхийлөгч хориг тавих болно гэдгээ мэдэгдээд байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас “УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина” гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа” гэсэн юм.
Нийтийн өмгөөллийн сүлжээ ТББ-аас Газрын тухай, бэлчээрийн тухай хуулийн заалтуудыг эсэргүүцэж, өнөөдөр эсэргүүцлийн жагсаалыг төв талбайд хийхээр товлоод байсан. Гэвч үерийн эрсдэлээс шалтгаалж, жагсаалыг хойшлуулсан талаар мэдэгдээд байна. Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр. Хуулийн төслийг батлах, эсвэл хойшлуулах эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ.