– Монгол улс Орос, Хятад гэсэн хоёр мөнхийн хөрштэй. Бидний хэн нь ч хаашаа ч нүүгээд явчихгүй. Харилцаагаа бүх түвшинд эрхэмлэнэ. Өмнөх бүх цаг үеийн алдаанд хөрөнгө оруулагчдаасаа би уучлал гуйж байна. Энэ бол Ерөнхий сайд айлчлалынхаа үеэр хэлсэн гол мессеж байлаа –
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын гол үр дүнг тоймлон хүргэж байна.
Монгол улсын Ерөнхий сайд өнгөрсөн сарын 26-30-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалаар эдийн засагт эерэг нөлөө авчрах бодит үр дүн гарлаа гэж судлаачид дүгнэж байна. Энэ удаагийн айлчлал Хятадын шинэ Ерөнхий сайдын Монголын талыг хүлээн авч байгаа хамгийн анхны албан ёсны гадаад айлчлал болсон. Айлчлалын хүрээнд Ерөнхий сайд БНХАУ-ын дарга Шинжиньпэй албан ёсны уулзалт хийхээс гадна, тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийсэн юм.
Энэ удаагийн айлчлалын хамгийн том үр дүнгүүдийн нэг бол экспортын төмөр замын асуудлыг цогцоор нь тавьж, цогцоор нь шийдвэрлүүлсэн явдал байлаа. Манай улс экспортын хамгийн том гарц болох Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг хил хүртэл өөрсдөө амжилттай тавьсан. Хятадын талын тухайд ч аль 2015 онд л China energy компани төмөр замаа хил хүртэл тавьчихсан. Хятадынх нарийн, манайх өргөн царигтай төмөр замтай. Энэ хоёр төмөр замаа холбох ажлыг энэ онд багтааж эхлүүлэхээр тохиролцлоо. Олон жилийн гацаа арилж байна.
Хэрвээ бид экспортын төмөр замуудаа ашиглалтад оруулчихвал ямар үр өгөөжтэйг ганцхан жишээгээр дурдъя. Манай улс жилд дунджаар 30-40 сая тонн нүүрсийг авто тээврээр БНХАУ руу экспортолж байна. Үүний тэн хагасыг нь Гашуунсухайт боомтоор гаргадаг. Хэрвээ Гашуунсухайтын төмөр замаар экспорт хийдэг болчихвол тээврийн зардал 40 ам.доллараас 8 ам.доллар болж, 5 дахин буурах боломж бүрдэнэ. Цаашлаад, тавантолгойн бүлэг орд орчмын ордуудын нүүрсний олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Үр дүнд нь Монгол улсын эдийн засаг хоёр дахин тэлэх тооцоог хийгээд байгаа юм.
Төмөр замын холболтуудыг хийхээс гадна, Зүүн босоо чиглэлийн төмөр зам буюу Бичигт-Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээ байгууллаа. Өнгөрсөн 74 жилийн хугацаанд манай улс хоёр хөрштэйгээ төмөр замын ганцхан коридороор холбогдож ирсэн. Харин төмөр замын бүтээн байгуулалтыг цогцоор нь анхаарнаас урд хөрштэй нийт 4 төмөр замаар холбогдох боломж нээгдэхээр байна.
Өнөөдрийн байдлаар, Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлт 7 тэрбум ам.доллар байна. Үүнийг 20 тэрбум америк доллар болгож нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ зорилтод хүрэхэд боомтын сэргэлтийн бодлого чухал. Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд худалдааны эргэлтийг сайжруулах тал дээр Хятадын талаас олон нааштай хариу сонслоо. Тухайлбал, Замын-үүд боомтын 24 цагаар ажиллуулахаар эхний байдлаар тохиролцож, хоёр талаас бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг гарч ажиллахаар боллоо. Цаашлаад далайд гарцтай болох асуудлыг ч хөндсөн юм.
Монгол бол энхийг эрхэмлэсэн, олон тулгууртай, тэнцвэртэй, эвсэлд үл нэгдэх бодлоготой улс. Тиймээс Орос, Хятад гэсэн мөнхийн хоёр хөрштэйгээ тэгш харилцах, цаашлаад гуравдагч хөршүүдийнхээ харилцаанд ч ямагт тэнцвэр барихыг чухалчилж байна. Ерөнхий сайд энэ удаагийн айлчлалаараа Хятадын шинэ Ерөнхий сайдтай бодит хэлэлцээ хийж чадсан явдал бол дипломатын нэг том ялалт байлаа гэж олон улс судлаач дүгнэсэн юм.
Түүнчлэн, айлчлалын хүрээнд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хот төлөвлөлт гээд олон салбарыг хамарлаа. Жишээлбэл, Хятадаас ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн алдааг Хятадын зураг төслийн хүрээлэнтэй хамтрах асуудлыг хөндлөө.
Бид яаж Хятадаас хөрөнгө оруулагчдыг татах вэ. Хэрхэн харилцан ашигтай хамтрах вэ. Хөрөнгө оруулалтын орчныг яаж ээлтэй болгох вэ. Энэ асуудлыг Бээжин хотноо болсон Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын чуулганы үеэр хөндлөө.
Төр засгийн бодлого нь ойлгомжгүй,эргэж буцсанаас болж, бид өнгөрсөн хугацаанд олон итгэлтэй түншээ алдсан, хөрөнгө оруулагчдаа гомдоосон. Харин одоо бид алдаагаа засах чухал. Тиймээс ч өмнөх үеийн алдаанд би бүгдээс нь уучлал гуйя гэж Ерөнхий сайд индэр дээрээс зарлалаа.
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд зохион байгуулсан хөрөнгө оруулалтын форумын үеэр Монгол, Хятадын 50 компани 3,1 тэрбум юань буюу 420 гаруй сая долларын хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Худалдаа, хөрөнгө оруулалт нийт 10 гаруй салбарыг хамарч, Засгийн газар хоорондын болон хувийн хэвшлийн хүрээнд нийт 2,8 тэрбум ам.доллар буюу 9,7 их наяд төгрөгийн хэлцэл хоёр тал гарын үсэг зурлаа. Гэрээ зурагдлаа гэж хөөрч дэвхцэх нэг хэрэг. Одоо төлөвлөснөө цаасан дээр буулгах чухал гэдгийг ч айлчлалын үеэр эдийн засагч Д.Жаргалсайхан сануулсан юм.
Ийнхүү Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд манай улс урд хөрштэйгээ иж бүрэн түншлэлийн харилцаагаа өргөжүүлэхэд томоохон ахиц гарлаа гэж олон улс судлаач, эдийн засагчид дүгнэж байна. Та бүхэнд Ерөнхий сайдын айлчлалын үеэр гарсан онцлох, гол үр дүнгүүдээс тоймлон танилцууллаа.
Видеог дээрээс үзнэ үү.