Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын хүрээнд БНХАУ-ын Бээжин хотноо Монгол, Хятадын худалдаа, хөрөнгө оруулалтын чуулганыг зохион байгууллаа. Энэ үеэр Монгол, Хятадын ААН-үүд нийт 3 тэрбум юанийн үнэлгээ бүхий гэрээг байгуулсан юм. Өнөөдрийн байдлаар, хоёр орны гадаад худалдааны эргэлт 7 тэрбум ам.доллар байна. Үүнийг 20 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингээс Монгол, Хятадын худалдааны боломжийн ярилцлаа.
Монгол, Хятадын хөрөнгө оруулагчид уулзаж байна. Эндээс ямар гарц шийдлийг та олж харав? Хятадын талаас ямар салбарт түлхүү хамтарч ажиллах сонирхолтой байна вэ?
Өнөөдрийн форумд Хятадын талаас 350 гаруй ААН оролцож байна. Бүгдээрээ Монголд хөрөнгө оруулах маш их сонирхолтой байна. Сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд, ялангуяа уул уурхайн гүн боловсруулах салбарт Хятадын талын сонирхол маш их байна. Манай талаас ч гэсэн эдийн засгийн харилцаагаа төрөлжүүлэх чухал байна. Хамгийн түрүүнд, ноос ноолуур гэх мэт салбарууд үүнд багтана. Хамтын ажиллагааны шинэ салбар гэж ярьж байгаа нь өндөр технологийг ашиглаад гуравдагч улс руу бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж юм. Ялангуяа, Европын зах зээл рүү гарах сонирхолтой гэдэг асуудлыг Хятадын талаас маш их тавьж байна. Энэ форумын үеэр 25 гэрээ буюу нийт 50 ААН 50 тэрбум юанийн шууд хөрөнгө оруулалтыг ярьж байна шүү дээ.
Ерөнхий сайдын айлчлалын гол агуулга нь манай улсын боомтын гарцыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг шийдэх. Олон жил яригдсан чухал алхмууд шийдлээ олж байна. “Ковид”-ын дараах шинээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдийн засгийн төв Хятад, Ази руу шилжиж байна шүү дээ. Үүнийг дагаад байгаа боломжоо бид бодит ажил хэрэг болгох хэрэгтэй. Тодорхой саналуудыг Хятадууд тавьж байна. Тухайлбал, Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг маш их сонирхож байна. Саяхан Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтаръя гээд маш тодорхой саналыг тавилаа. Магадгүй, уул уурхайгаас илүү боломжтой салбар бол нар, салхины эрчим хүч. Үүний гол хөрөнгө оруулагч, худалдан авагч нь Хятад байя гэдэг сонирхлоо илэрхийлж байна. Энэ бол том алхам. Энэ чиглэлээр хамтарч ажиллахаар Монголын компаниуд ч энд ирсэн байна.
Ерөнхий сайд сая индэр дээрээс хэллээ. Бид бодлогын алдаагаа засна аа. Уучлал гуйж байна гэлээ. Хөрөнгө оруулалтын орчноо илүү боловсронгуй болгох шийдлийг та хэрхэн харж байна вэ?
Эдийн засаг, хөгжлийн яамнаас ажлын хэсэг гарч ахлаад хөрөнгө оруулалтын тухай хуулийг засаж байгаа шүү дээ. Энэ хуульд гадны хөрөнгө оруулалт, мөн экспортыг дэмжих гол агуулга байх ёстой. Дээрээс нь, хамгаалах гэж нэг гол юм байна. Хэдэн жилийн өмнө бид нэр хоч зүүтлээ хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Болгоомжлолыг нь төрүүлсэн байдаг. Яагаад ийм байдалд орчихсон юм бэ гэвэл, мэдээллийн жигд бус, ойлгомжгүй байдал, төр засгийн тогтворгүй байдал нь маш олон сөрөг нөлөөг үзүүлж байсан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдсоноосоо хойш гадны хөрөнгө оруулалтад нэг л зүйлийг амлаад байгаа. “Бид өмнөх алдаагаа засъя. Албан ёсоор уучлал гуйя” гэж байгаа. Энэ бол маш чухал алхам. Одоо бид хамтдаа хөрөнгө оруулалтын таатай орчинг яаж бүрдүүлэх вэ гэдэг асуудал байна. Ингэж чадах юм бол Монголын эдийн засгийг гурав дахин тэлэх бидний зорилго тийм ч хэцүү зүйл биш. Хамгийн таатай орчныг бүрдүүлж, хөрөнгө оруулагчдыг урьж байж л эдийн засаг тэлдэг. Дундаж цалин хөлс өөрөө нэмэгддэг. Улаанбаатарын утаа, боловсрол, эрүүл мэндийн асуудал өөрөө дагаж шийдэгдэнэ. Амлалт өгч, уучлал гуйж, цаашид алдаагаа давтахгүй байна гэдэг маш чухал.
Бид хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр хуульд маш олон заалт бий. Газар олгоно, татварыг хөнгөлнө гэх мэт. Гэтэл энэ нь эх хуулиудтайгаа байнга зөрчилдөж ирсэн. Энэ зөрчлийг арилгаж байгаа нь маш чухал. Технологийн хөрөнгө оруулалтад маш санхүүжилт шаардагддаг. Дээрээс нь, хөрөнгө оруулах явцдаа маш их хэмжээний татвар төлнө гэдэг үйл ажиллагааг нь маш их сааруулдаг. Гадны хөрөнгө оруулагчид үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг л Засгийн газар дэмжих ёстой. Тогтвортой байх ёстой. Үүнийг бодит ажил хэрэг болгож байж л энэ том инерци хөдөлнө. Ирэх оны сонгуулиар шинэ Засгийн газар гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэж болохгүй л гэдэг асуудал байгаа юм. Төрийн тогтвортой бодлого гэж дахин дахин яриад байгаа. Төр биш, хувийн хэвшил хэвшлийн хоорондын хамтын ажиллагааг дэмжинэ гэж яриад байгаа нь хамгийн тогтвортой алхам гэж харж байна.
Монголын төрийн өмчит компаниуд Хятадын төрийн өмчит компаниудтай хамтарч ажиллах боломж нээгдэж байна. БНХАУ-ын талаас сонирхол хэр байна вэ?
Хятадын төрийн өмчит компаниуд эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн салбарт үйл ажиллагаагаа түлхүү явуулж байна. Монголын зэс, нүүрсний хамгийн гол худалдан авагч нь Хятад улс байгаа шүү дээ. БНХАУ зэсийн гүн боловсруулалтаараа дэлхийд тэргүүлж байна. Тэгэхээр манай худалдан авагчид энд л байна шүү дээ. Цаашдаа бид уул уурхайн салбарт гүн боловсруулалт дээрээ хамтарч ажиллах шаардлага байгаа. Ингэж чадвал Монголд илүү нэмүү өртөг нэмэх болно. Энэ бүгдийг хийхийн тулд эрчим хүчээ сэргээхээс л эхэлнэ шүү дээ. Эрчим хүчний салбарт төрийн өмчит компаниуд өндөр ач холбогдол өгч байна. Гэхдээ нүүрснээс татгалзахыг байнга сануулж байна. Жишээ нь, Азийн дэд бүтэц, хөрөнгө оруулалтын банк гэхэд бид ногоон, сэргээгдэх эрчим хүчийг идэвхтэй дэмжинэ гэж байна. Дэлхий дээр 300 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол маш том банк гэдгийг нь илтгэж байна. Монголын сэргээгдэх эрчим хүчний нийт нөөц нь 3 тера. Асар том нөөц бидэнд байна гэсэн үг. Сэргээгдэх эрчим хүчээ ашигласнаар бид зөвхөн өөрсдөө хэрэглээгээ хангах, Хятадад нийлүүлэх биш, Азийн супер сүлжээ рүү экспортлох боломж бий болно. Өнөөдөр манай хэрэглээ 1,5 гега л байгаа.
Видеог дээрээс үзнэ үү.