Учир битүүлгээр амиа алдсан эмч Г.Ганжаргалын ар гэрийнхэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хандаж мэдээлэл хийлээ.
Энхжаргал багын найз: Талийгч найзын минь амиа алдсан хэрэг маш олон эргэлзээг дагуулж байна. Анх “Өндрөөс унаж, амь насаа алдлаа” гэх дуудлага ирсэн. Өндрөөс унасан гэх дуудлагыг өгсөн гэрч байх ёстой байтал байгаагүй. Цагдаагийн тэмдэглэл дээр байсан. Хамт явсан хүмүүст гурван цагийн дараа өндрөөс унаж, амь насаа алдсан талаар нь хэлсэн. Тэр гурван цагийн хугацаанд юуг нууцалсан бол гэж би гайхаж байна. Өндрөөс унасан гэдгийг батлаагүй нь хамгийн хэцүү.
Г.Ганжаргалын эхнэр Отгонжаргал: Миний нөхөрт хоёр удаа задлан шинжилгээ хийсэн. Одоо удахгүй гурав дахь удаагийн шинжилгээг хийнэ. Анхны болон давтан хийсэн шинжилгээнүүд хоорондоо эрс зөрүүтэй гарсан учраас улсын прокуророос дахин шинжилгээ хийх үндэслэл байна гэж үзээд тусгай мэргэжилтнүүдийг оролцуулан хийхээр болсон. Энэ гурав дахь удаагийн шинжилгээнд чиглэл бүрийн гэмтлийн эмч нарыг оролцуулж өгөхийг хүсэж байна. Миний нөхрийг 4 давхар буюу 11 метр өндрөөс доош унаж амь насаа алдсан гэж дүгнээд байна. Гэтэл миний нөхрийн гавлын орой дээр маш том язралт үүссэн байсан. Унасан газар нь доороо зөөлөн хөрстэй, чулуугүй байсан. Яагаад энэ гавлын яс нь хугарчихсан байгаа юм бэ. Гавланд нь том цууралт үүсчхээд элэг дэлүү, дотор эрхтэн зүгээр байсан шүү дээ.
Мөн Хүзүү буюу улаан хоолой, бамбай булчирхайд цус хурчихсан байсан. Цээжинд нь 12-13 см бүхий зулгаралт үүссэн. Яг зулгарсан хэсгээрээ хувцсанд нь урагдалтай. Баруун тархины ард талд зулгаралт үүссэн байсныг задлан хийсэн эмч нар нас баралтын дараах зулгаралт гэсэн. Яаж ингэж дүгнэж болдог юм бэ. Хэргийн газрын нөхөн үзлэг дээр гэр бүлийн төлөөлөгчийг оролцуулсан гэж тэмдэглэсэн. Энэ бол худлаа. Би оролцоогүй. Энэ хэргийг үнэнээр нь шийдэж өгөөч.
Г.Ганжаргалын үеэл дүү: Хэргийн газрын үзлэгт нэр бүхий мөрдөгч, шинжээчид дутуу ажилласан. Хэрэг гардаг өрөөний хурууны хээг бүрэн шалгаагүй. Тухайн үед хамт байсан хүмүүсээс нь хурууны хээг нь авсан гэсэн атлаа талийгаач ахын минь гарын хээг аваагүй байсан. Аравдугаар сарын 04-нд Будрагчаагийн нэвтрүүлэгт би үүнийг ярьсан. Нэвтрүүлгийн дараа Архангай аймгийн мөрдөгч Гунгаа гэж хүн өөрийн амаар “Талийгаач ахын чинь хурууны хээг авсан. Хэрэгт оруулж амжаагүй юм байна” гээд хот руу шилжсэн хэргийн араас ирсэн. Хэргийн материалыг ингэж өөрчилж болдог юм уу. Ахын минь бие дээр амьсгал боогдсон ул мөр байгаа. Хүнд хүчилтөрөгч дутагдах үед ямар шинж тэмдэг илэрдэг талаар шинжилгээ огт аваагүй. Талийгаачийн хувцсанд шинжилгээ хийх ёстой байхад биднийг очиход өмсөж явсан хувцсыг нь торонд боогоод бид нарт өгсөн. Мөн хэрэг болсон газрын ойролцоо жижиг төмөр эдлэл байсан. Энэ төмрийн зургийг бид дараад авсан болохоос хэргийн материал дээр бүртгэж аваагүй байсан. Хэргийн газрын үзлэгийг дутуу хийсэн хүмүүсийг Авлигатай Тэмцэх Газарт өргөдөл өгсөн. Энэ хүсэлтийг хүлээж аваад тэднийг шалгаж байгаа.